ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Сoлонго: Үхэл бол амьдралын нэг түвшин ахисан хэлбэр

    HiTalk булангийн энэ удаагийн зочноор бид Монгол Улсын филармонийн гоцлол дуучин  Б.Солонготой ярилцлаа. Олон хүмүүс түүнийг “Universe best songs” наадмын шилдэг оролцогч гэдгээр нь сайн мэднэ. Намуухан дуу, цээл хоолойтой түүний дотоод ертөнцөөр хэсэг хугацаанд аялахыг хичээлээ.

    Аав, ээжийнхээ талаар яриач?

    Миний аав цэргийн хүн, ээж эмнэлэгт ажилладаг. Хоёулаа урлагаар яваагүй ч дуулдаг, хөгжимддөг хүмүүс бий. Ээж минь цэргийн ангид хөгжмийн багш, аав дуулдаг байлаа. Ер нь манай гэрийнхэн дунд солгой хоолойтой хүн байхгүй.

    Бага насаа дурсвал?

    Сургууль их дамжсан хүүхэд байсан. Нэг сургуульдаа дээд тал нь 2 жил сураад л шилжчихдэг байсан. Гэр нүүхэд, эсвэл ангийнхантайгаа таарахгүй байвал шууд л өөр сургууль руу шилждэг байлаа. Кино урлагийн дээд сургуульд найруулагчаар сурч байгаад Радио телевизийн дээд сургууль руу шилжиж, төгссөн. Оюутан болчихоод хүртэл шилжсэн хэвээрээ л байсан. (инээв) 

    Би зураач болно гэж мөрөөддөг байсан юм. Дуучин болох тухай бодож ч байгаагүй, багаасаа дуулж  явсаар байгаад л энд хүрээд ирсэн. 2007 оны үед дуунаас шал өөр юм хийж үзсэн л дээ. Уг нь би найруулагч мэргэжилтэй.

    Уран бүтээлийн сонин сайхан ?

    Хамтарч ажиллая гэсэн санал ирвэл хааяа дуулж байгаа. Өнөөдөр Замбалгаравтай хамт дуулах дууныхаа бичлэгт орно.

    Таны дуулалтын төрөл яг юу вэ?

    Олон уран бүтээл байхгүй болохоор нарийн тодорхойлоход хэцүү л дээ. Миний бодлоор өөрөө дуу хийж байж ямар жанраар дуулахаа тодорхойлох хэрэгтэй. Тэмцээнд орж байхдаа Балхаа ахын дуунаас дуулаад л, ажил дээр жазз, дээр үеийн монгол дуу хүртэл дуулдаг, “Домог хамтлагийн тоглолтод орохдоо бас ардын дуу дуулсан.

    Та  дуу дуулахаас өөр ямар авьяастай вэ?

    Би гарын дүйтэй шүү. Хийсэн зүйл гэвэл зурсан зургууд байгаа, хэдэн даашинз урласан.  

    Хэн нэгэнд зориулж дуу хийж байсан уу?

    Second дуугаа нэг хүнд зориулсан. Хэн гэдгийг нь хэлмээргүй байна. 

    2016 онд Үдэшлэг гээд анхны тоглолтоо хийсэн. Тэр үеийн сэтгэгдэл?

    Бүх зүйлээ өөрөө гардаж хийнэ гэдэг маш хэцүү юм билээ. Тухайн тоглолтыг  манай  ажлаас төсөв гаргаж тоглуулсан. Улсын байгууллагад ажилладаг урлагийн хүмүүсийг улсаас ерөөсөө дэмждэггүй. Дэмжинэ гэдэг нь тоглолт хийхэд нь туслалцаа үзүүлэх ч юм уу, гоё театр, концертын заалтай болгох гээд (заалнууд байдаг л даа тэр нар нь бүгд хувийнх байдаг) дэмжих маш олон арга байна.

    Тэр тоглолтыг хийснээр их туршлага хуримтлуулсан.

    Та дуунуудаа олон нийтэд зориулж хийдэг үү? Өөртөө зориулж хийдэг үү?

    Яг тэрэнд зориулна гэсэн зүйл байхгүй. Өөрийнхөө дотор байгаа зүйлийг гаргах нэг хэлбэр гэж боддог.

    Хүндэлж явдаг, үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч бий юу?

    Надад ер нь багаасаа л тийм зүйл байгаагүй. Өөрийнхөөрөө л байх дуртай. Сонсох дуртай хамтлаг дуучид бол бий. Гэхдээ тэр хүмүүсээс үлгэр дуурайлал авна гэхээр дуурайсан болох байх л даа. Дуулахаа орхих хүртэл шийдвэрийг өөрийнхөөрөө байх гэж гаргасан ч байж мэднэ, 2007 онд.

    Яагаад дуулахаа болихоор шийдсэн юм бэ?

    Тухайн үедээ юу хийхээ сайн мэдэхгүй байсан. Үсчин, гоо сайханч болъё гээд сургалтад ч сууж байлаа. Надад ерөөсөө тохирохгүйг мэдээд “Nature sound”-ийн дуулаачийн сургалтад сураад дуулж эхэлсэн л дээ. Цаашдаа бол дуулахгүй байх шалтгаан гарч иртэл дуулаад л байна гэж боддог.

    Хийе гэсэн бүтээлээ хийж чадахгүй, хийх боложгүй болох тэр мөч?

    Зарим үед бичсэн шүлэг, дуу маань таалагдахаа больчихдог. Дууны ерөнхий санаагаа илэрхийлэх гээд үг бичихээр болж өгдөггүй. Жишээ нь:  Одоо нэг дуу дуусгах гээд жил гаран болж байна. Зөвхөн үгээ бичвэл дуусах гээд байдаг. Өөр хүнээс үг аваад дуулья гэхээр надад таалагдахгүй байх тохиолдол их гардаг.

    Таны дууг үзэгчид сонсохгүй, тэдэнд таалагдахгүй байх вий гэж айдаг уу?

    Үгүй. Хүн бүрт таалагдах албагүй шүү дээ. Цөөхөн хүнд таалагддаг юм гэж байна, олон хүнд таалагддаг юм ч гэж байна. Хүнд таалагдахын тулд ажиллавал захиалгын л ажил байна байх.

    Хүн байнга өөрчлөгддөг. Та хэр өөрчлөгдөж байна. Өөрийнхөө өөрчлөлтийг мэдэрдэг үү?

    Энэ тухай өмнө нь бодож байсан. Би огт өөрчлөгдөөгүй юм билээ. Багадаа яг л одоогийн би байсан томроод ч тэр хэвээрээ л байсан. Ямарваа юмыг хүлээж авах хандлага минь л  бага зэрэг өөрчлөгдсөн байх.

    Таны амьдралдаа хийж байсан гаж үйлдэл юу вэ?

    Намайг 4-р ангид байхад манайх 8 давхарт амьдардаг байсан. Хичээлдээ өглөө явахаар орц хав харанхуй, тэр харанхуй замаар доошоо буугаад хичээлдээ явчихдаг байсан. Одоо тэгж явбал сүнсээ зайлтал айх байх.

    Таныг “Dreamer’s day өдөрлөгөөр цөөнгүй удаа харсан юм байна. Дуртай киноноосоо уншигчдад санал болговол?

    Кино гэлтгүй урлаг бол хүн өөрөө дураараа байж болдог эрх чөлөөтэй талбар. Бага байхдаа л их кино үзэж, шүүлжилдэг байсан. “Өө энэ хэсэгт ингээд хуурчихлаа ш дээ” гээд л...

    Одоо ч энэ зан хэвээрээ. Сайн кино л үзэхгүй бол киногоо үзэж чадахгүй хэцүү байдалд орчихдог. Хүүхэлдэйн кинонд их дуртай. Сүүлд Удирдагчийн бага нас гээд кино үзсэн, маш их таалагдсан. Хүүхдийн сэтгэл зүйг маш сайн гаргаж өгсөн байсан. Гол дүрээр нь найруулагчийн зан чанар, мэдрэмжийг тодорхойлж болмоор санагдсан. Сайн бүтээл болсон санагдсан шүү.

    Хаашаа аялахыг хүсч байна?

    Сансар руу аялмаар байна.Сансар огторгуйд багаасаа л дуртай байсан.

    Үхлийн талаар хэр сонирхдог вэ? Үүнд Та тодорхойлолт өгч байв уу?

    Энэ тухай боддоггүй хүн бараг байхгүй байх аа. Хүмүүс учир нь олдохгүй байгаа, мэдэгдэхгүй байгаа, нууцлаг  зүйлд их татагддаг.

    Үхлийн тухай байнга боддог. Миний хувьд үхэл бол нэг түвшин ахиж байгаа хэлбэр юм болов уу гэж боддог. Аймшигтай зүйл биш байх, хүмүүс мэдэхгүй болохоороо л айдаг.

    Хөгшрөх нь үхэлд бэлтгэгдэж байгаа хэлбэр, амьдарч байгаагийннх хөгшин болох ямар байдаг юм, юу мэдэрдэг юм гэдгийг мэдмээр санагддаг. Үхлийг сонгож бас болно. Ямар шалтгаанаар сонгож байгаа нь чухал.

    Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

    Хөдөө явах дуртай. Машин унаад л, хөгжим сонсоод явах сайхан байдаг. Ажлаар ч бай, амралтаар ч бай хөдөө явах л дуртай.

    Та өөрийн гадаад төрхөө хэрхэн бүрдүүлдэг вэ? Ямар дүр бүтээдэг вэ?

    Өөртөө хөөрхөн харагдах дуртай. Хөөрхөн гэдэг нь жишээлбэл би хар өнгөнд дуртай, хар өнгөөр л хувцаслана гээд зохихгүй хар хувцас өмсөөд байвал хэцүү биз дээ. Найзууд маань намайг юу таалагддаг нь ойлгомжгүй. Гоё байна гэхээр муухай байж таараад, муухай юм аа гэхээр гоё байна гээд байдаг гэж хэлдэг.

    Одоогийн залуусын хувцаслалтын талаар?

    Хүн бүр өөрт тохирсон, хүссэн хувцасаа өмсөөсэй гэж хүсдэг. Гэвч манай орны нөхцөл нь маш хэцүү. Нэгт маш их шороотой. Гоё хувцаслаад гарлаа гэхэд шороондоо дарагдаад очих газраа халтайгаад очдог. Энэ бүхнийг эс тоогоод өөртөө таалагдсан хувцасаа өмсөөд гарвал манайхан музейн үзмэр аятай харна. Гэхдээ юунаас айж хувцасаа хязгаарлана гэж... хүн дураараа, хүссэнээрээ л байх хэрэгтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй