Гашуун мөртлөө амттай. Дүрэлзсэн бөгөөд тогтуун. Энгийн хэрнээ ээдрээтэй. Энэ бол Германы уран бүтээлч Паула Модерсон-Бекерийн асар богинохон, эмгэнэлтэй хэдий ч өрнүүн үргэлжилсэн амьдралыг тодорхойлох үгс юм.
Паула Модерсен-Бекер, Пабло Пикассо, Анри Матисс гурав ХХ зууны эхэнд хорвоо ертөнцийг модернизмтай танилцуулсан хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Хоёр эрэгтэй уран бүтээлчийн нэр хэдийнэ мандсан бол Паула эмэгтэй хүн байсан учраас өнгөрсөн зууны турш нэр нь дарагдаж явсан талтай. Нөгөө талаар, дөнгөж 31 настайдаа өөд болсон нь ч нөлөөлсөн биз.
Эмэгтэй хүнийг нүцгэнээр дүрсэлж зурсан анхны эмэгтэй зураач гэдгээр нь түүнийг бас дурсах нь бий. Бүтээлийн сэдэв, өнгөний сонголт, арга техникийн зоримог туршилтууд нь түүнийг үеийнхнээс нь ялгаруулж, “Модернизмын эх” хэмээн нэрлэгдэх болсон юм.
Модерсон-Бекер уран бүтээлийнхээ сэдлийг импрессионизм болон үеийнхээ залуу уран бүтээлчдээс бус, харин Поль Сезанн, Ван Гог, Гоген нараас авч байлаа. Тэд түүнд гадаад дүр төрхийг буулгах бус дотоод мөн чанарыг эрж хайх урам зориг өгчээ. Үүнээс гадна, дотны анд, яруу найрагч Райнер Мария Рильке нь түүнийг Огюст Родинтой танилцуулсан нь чухал нөлөө үзүүлжээ...
Тэгвэл Монголын үзэгчид Паула Модерсен-Бекерийн уран бүтээлийн дээжистэй танилцах онцгой боломжийг IFA буюу Германы гадаад харилцааны институт олгож байна. Тус институтын дэмжлэгтэйгээр түүний үзэсгэлэнг Монгол Улс дахь Гёте-Институтийн төлөөлөгчийн газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо (MCASA) болон Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нар хамтран гуравдугаар сарын 20-31 хүртэл толилуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт