Үүлний цаанаас гэнэт цухуйх дугариг сарны бүүдгэр гэрэлд чулуу засан тавьсан цардмал замаар сүйх тэрэг явах нь сүүмийн харагдана. Сүйх тэрэг явсаар нэгэн бяцхан шилтгээний өмнө ирэн зогсоход хөтөч:
-Ирчихлээ, эмч ээ хэмээн сөөнгөдүү хоолойгоор сонсдох төдий бувтнав. Сүйхний хаалга онгойн дунд хэрийн нуруутай эрхэм буун тэнгэр өөд харж үүлэн дунд гэрэлтэх сарыг хэдэн хором ширтэн зогссоноо:
-Өнөөдөр маш сайхан өдөр байна. Ийм өдөр ч ховор тохиолдоно доо гэж амандаа шивнээд хашааны хаалга онгойлгон шилтгээн рүү алхлаа. Харанхуйд түүний дүрс уусан алга болоод удалгүй тэртээ цаана "Гиль, би ирлээ. Хаалгаа онгойлго" хэмээх захирангуй дуу нь хадав. Мишель цуваа зарцдаа өгөөд шатаар өгсөн хоёр давхарын зүүн мухарт байх ажлын өрөөндөө ороод хаалгаа тасхийн хаалаа. Гиль хэмээх ер бусын туранхай, өндөр, ясархаг залуу Мишелийн зарц болоод дөнгөж долоо хонож байгаа нэгэн. Түүнийг өвчинд нэрвэгдсэний дээр өлбөрч үхэх гээд гудамжинд хэвтэж байхад нь Мишель таарч амийг нь аварсан билээ. Тиймээс Гиль түүнийг бурханаас илгээсэн аврагч хэмээн залбирч, түүнд төлж баршгүй өртэй гэж өөрийгөө сэтгэнэ. Дээд давхараас "Гиль" гэж хашгирах Мишелийн дуу хадав. Гиль хаалга тогшоод өрөөнд ормогцоо Мишелийг хараад таг хөшив.
Гартаа англи дархчуулын урласан бар толгойтой хутга барьсан эзнийх нь царай сарны гэрэлд хувхай цагаан харагдаж, цог шиг гялалзах хоёр нүд нь тогтож ядан эргэлдэнэ. Гиль арай гэж ам нээн:
-Эрхэм ээ, та зүгээр үү? гэлээ.
-Надад ус хэрэгтэй байна хэмээн энэ үгээ Мишель хэдэнтээ давтав. Түүний царай харанхуй тэнгэрийг гэрэлтүүлэх сар өөд харах авч харц нь харин сарыг биш түүний наана байгаа ямар нэгэн юмны хөдөлгөөнийг дагах мэт ийш тийш үсчихийг Гиль ажиглаад удахгүй таагүй зүйл болох нь гэдгийг зөнгөөрөө мэдрэв. Зарцыг ус авчирч өгөхөд Мишель амандаа ямар нэгэн зүйл шивнэснээ ус руу үлээтэл яах ийхийн зуургүй хуйлран эргэлдсэнээ улаан өнгөтэй болоход нь нэг амьсгаагаар ууж орхилоо. Ийм зүйлийг анх үзэж байгаа Гиль айсан, биширсэн нүдээр Мишель рүү сүрдэн харна.
-Чи надтай хамт энд бай. Надад чиний туслалцаа хэрэг болно гэх эзнийхээ үгийг сонсоод Гиль буланд байх сандал дээр очин цомцойн суув. Түүний духанд хөлс бурзайж, хүндээр амьсгаадсанаа эзнийгээ цааш харах хоромд халаасан дахь хуучирч өнгө нь арилсан модон загалмайгаа гаргаж ирэн үнсээд, наминчлав. Ямар нэг зүйлээс эмээх мэт Мишель хоолойгоо чичрүүлэн:
-Чи намайг ямар ном бүтээж байгааг мэдэх үү? Энэ ном бол ертөнцийн толь гэж шивнэлээ. Хариуд нь Гиль юм дуугарсангүй, дэмжиж буйгаа илтгэж сонсдох төдий авиа гаргав.
-Энэхүү шүлэглэлийг уншваас хичээж гүн болгоо
Эргүү мунхаг, тэнэг бүдүүлгүүд түүнээс алсад байгтун
Эндүү ташаа зурхайчид эгнэгт бүү ойрт
Эрхбиш өмнөө эрхэмүүд хүндэтгэлд ёслон үйлд хэмээн амандаа үглэх эзнийхээ дууг сонсоод Гиль дотроо "Манай эзэн найраглал зохиодог юм байна" гэж бодов. Мишель сар руу харан хөдөлгөөнгүй суусаар байлаа. Цаг хэртэй хөдөлгөөнгүй сууснаас хамаг бие нь хөшиж залхсан Гиль хоолойгоо сулхан засан өрөөнд буйгаа эзэндээ мэдүүлэх гэж хичээв. Хэдэн хормын дараа Мишель суудал дээрээ ганхсанаа:
-Бийр, бийр хэмээн орилоход зарц нь ухасхийн босож ширээн дээрээс бийрийг нь аван гарт нь атгуулав. Эзэн нь амандаа ямар нэг холбоо, утга авцалдаагүй үгсийг урсгаж байснаа "Чингис, 1999 он" хэмээн хашгирлаа. Лааны гэрэлд бөртийх эзнийхээ орилсон дуунаар Гиль цочин сандарсандаа "Бурхан минь" гэж дуу алдав. Чингис хэмээх аймшигт араатны тухай Гиль бага ахуй насандаа олонтоо сонсож, хүний махаар хооллодог, таван толгойтой чөтгөр хэмээн төсөөлдөг байлаа. Алс холын эзгүй ой, зэлүүд нутагт Чингис хэмээх аймшигт араатан амьдарч үе үе хүмүүсийн оршин суудаг газар руу дайрч хүйс тэмтэрдэг тухай бас хожим дуулжээ. Сатаанаас илүү хамгийн аймшигтай буг чөтгөрийн нэрийг сонссон Гилийн өвдөг өөрийн мэдэлгүй салгалав. Юу юугүй хананы цаанаас Чингис гарч ирээд өөрийг нь багалзуурдан тамын орон руугаа авч явах гэж байгаа мэт санагдана.
"Бурханы ташуур Чингис хаан
Тал нутагтаа эргэж төрнө
Эвдрэлцэн дайсагналцсан хүмүүн төрөлхтнийг
Эв журманд нь оруулна.
Талын баатар Чингис хаан
Төмөр морьтон цэргүүдийнхээ хамт
Тэнгэрийн орноос залран газарт бууж
Тив дэлхийд хаанчлалаа тогтооно" хэмээн Мишель гурван удаа хашгирах зуураа цаасан дээр буулгалаа. Сүнс нь зайлтлаа айж, балмагдсан Гиль загалмайгаа гаргаж ирэн наминчилж:
-Ай эзэн минь, амийг минь аварсан Нострадамус минь, бурханыг бодож тэр чөтгөрийн нэрийг бүү хэлээч гээд газар сөхрөн унав. Сарны гэрэлд эзнийгээ дороо тойрон эргэлдэхийг харсан Гиль үнэхэлцэг нь хагарчих шахав. Түүний цаана лааны гэрэлд ойсон эзнийх нь сүүдэр ханан дээр морь унасан хүн мэт харагдах бөгөөд гартаа хүний толгой барьсныг үзээд Гиль байдаг чангаар хашгиран өрөөнөөс гүйн гарлаа. Тэр эргэж ч харалгүй шилтгээнийг орхиж хэдэн бээр гүйхдээ "Чингис чөтгөр мэндэллээ, Чингис чөтгөр мэндэллээ" гэж үглэсээр байлаа.
"Төсөөлшгүй ертөнцийн нууц" номоос авав.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт