ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Вирус ба бактерийн ялгаа

    Микроб, бактери, /нян/ вирусын тухай сонсоогүй хүн лав байхгүй биз. Хамгийн наад зах нь л энтеровирус-71 –ийн халдвар байна. Гэтэл бид бараг өдөр болгон шахуу сонсож байдаг атлаа бактери буюу нян ба вирус зэрэг бичил амьд биетүүд нь хоорондоо ямар ялгаатай байдаг талаар мэддэггүй.

    Мэдэх шаардлага байгаа юм уу гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Вирусээр үүсгэгдсэн өвчнийг нян буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй эмээр мянга эмчлээд эдгэрдэггүй гэхээр мэдэж байхад илүүдэхгүй нь ойлгомжтой байх.

    Юуны өмнө микроб гэдэг үгний талаар тайлбарлах хэрэгтэй байх. Микроб гэдэг нь энгийн нүдээр олж харах боломжгүй бичил амьд биетүүдийн ерөнхийлсэн нэр юм. Бактерийг монголоор нян гэдэг бол вирус нь тэр чигтээ хэлэгддэг.

    Бүтэц

    Бактери
    Бактери буюу нян нь эрчим хүч ялгаруулах, амьдрах, үржихэд шаардлагатай бүх зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Гэхдээ жирийн эсээс ялгаатай нь гэвэл цөм гэж байдаггүй бөгөөд цөмөнд агуулагдах ёстой генийн материал нь эсийн доторх шингэнд нь агуулагдаж байдаг.

    Вирус
    Вирус нь амьд ба амьгүй байгалийн зааг дээр оршиж байдаг амьдралын хамгийн бүдүүлэг хэлбэр юм. Вирус нь уургийн бүрхүүлээр бүрхэгдсэн ДНХ, эсвэл РНХ гэсэн генийн материалаас л тогтож байдаг.

    Амьдрах онцлог

    Вирус
    Вирусийн биет нь бие даан үржих чадваргүй. Өөрөөр хэлбэл өөрийг нь тээж яваа эзэн биеийн махбодийн эсийн тусламжтайгаар л үржиж чадна. Цаашилбал дан ганц генийн материалаас бүрдэж байдаг болохоор бодисын солилцоо байхгүй. Хар үгээр хэлбэл “хоол унд иднэ” гэсэн ойлголт байдаггүй.Үржихдээ эхлээд вирусын биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргуйд бэхлэгдэж авна.

    Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй өөрийн онцлогоос хамаараад зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээлэхэд, томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салтс бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойны вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг.

    Ингээд эсийн гадаргуйд бэхлэгдэснийхээ дараа нь өөрийн генийн материалыг эзэн эсийн дотогш оруулна. Тэндээ вирусын ДНХ, эсвэл РНХ нь эзэн эсийн фермент системийг өөртөө тохируулан өөрчилнө. Ингэсний дараа эс нь өөрөө вирусын уургийг шинээр үйлдвэрлэж эхэлдэг байна. Эзэн эсийн нуклеины хүчил болон уургийг ашиглан “угсрагдсан” шинэ вирусууд нь эзэн эсийг үхэж задрахад нь цааш тархан шинэ шинэ эсүүдийг гэмтээдэг. Вирусээр үүсгэгддэг хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: томуу, хомхой, ДОХ, улаан бурхан буюу корь, улаан эсэргэнэ, гахайн хавдар, цагаан цэцэг, цусархаг халуурал, тархины хачигт үрэвсэл, гепатит.

    Бактери
    Бактериуд нь дийлэнх тохиолдолд хуваагдах замаар бие даан үржих чадвартай байдаг бөгөөд өөрийн гэсэн бодисын солилцоотой байдаг. Бактери буюу нян нь эзэн эсийг зөвхөн “хооллож ундлах”, амьдарч, үржих таатай орчин болгож ашигладаг. Ингэхдээ нянгууд нь эс, эдийг өөрийн ферментээр нураахын сацуу амьдралынхаа явцад ялгардаг бүтээгдэхүүн буюу хортой ялгадсуудаараа хүний бие махбодийг хордуулж байдаг. Ингэснээр өвчин үүснэ.

    Бактерийн гаралтай хамгийн түгээмэл халдваруудаас тоочвол: хижиг, гэдэсний ихэнх халдварууд, тарваган тахал, булчин задрах тахал, уяман, тэмбүү, заг хүйтэн /гонорей/, идээд халдвар, боом, сахуу, татран.

    Гэхдээ бактериудыг бүгдийг нь өвчин үүсгэгч, шимэгч гэвэл буруу. Хүний бие махбодийг эрүүл, хэвийн байхад зайлшгүй шаардлагатай бактериуд гэж байдаг. Эдгээр бактериуд нь гэдсэнд амьдардаг бөгөөд хоол боловсруулах, амин дэм ялгаруулах, гэдэсний халдвараас сэргийлэх зэрэгт чухал зүйлст шууд оролцож байдаг. Арьс, амны хөндий, үтрээ зэрэгт байдаг бактериуд нь өвчин үүсгэгч бактериудын өсөлтийг дарангуйлах үүрэгтэй.

    Ийм ч болохоор антибиотик хэт их хэрэглэх үед хүнд сайн нөлөөтэй бактериуд нь мөхснөөр дисбактериоз г.м. эмгэг үүсдэг.

    Мөн уушигны хатгаа, менингит зэрэг зарим өвчин нь вирусын ч бактерийн ч тэр гаралтай байж болдог. Иймд өвчин үүсгэгчийг нь тодорхойлсны дараа л эмчилгээг нь тодорхойлдог.

    Төөрөгдөл

    Энэ мэт вирус ба нян хоорондын бүтэц, амьдрах онцлогын талаар сайн мэддэггүй хүмүүс нь хэд хэдэн түгээмэл төөрөгдөлд автаж, өөртөө төдийгүй өрөөл бусдад хор болох нь цөөнгүй.

    1-р төөрөгдөл
    Вирусын гаралтай халдварт өвчнийг пенициллин, ампициллин г.м. антибиотикоор эмчилж болно гэж хүмүүс төөрөлдөх нь элбэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ антибиотикуудаар вирусын гаралтай халдварыг яагаад ч эмчлэх боломжгүй. Учир нь антибиотикууд нь эсийн гадаргыг угсрах, нуклеины хүчил болон уургийг нийлэгжүүлэлтийг алдагдуулах, эсвэл нянгийн доторх зарим бодисын солилцоог нь доголдуулах замаар нянг устгадаг. Харин вируст гадарга, бодисын солилцоо, нийлэгжүүлэх өөрийн гэсэн систем энэ тэр байхгүй тул антибиотикийн үйлчилгээнд тэсвэртэй байдаг. Ийм ч болохоор томуу туссан хүнд мянга антибиотик хийгээд нэмэргүй.

    2-р төөрөгдөл
    Өвчин үүсгэсэн тухайн вирусыг тусгай аргаар устгах боломжтой гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэн хэрэг дээрээ элдэв эм тан бүү хэл хүний дархлалын систем өөрөө хүртэл халдварлагдсан эсийг вирусээс нь цэвэрлэх чадваргүй байдаг. Өөрөөр хэлбэл дархлалын систем нь хүний биед нэвтрээд эсийн дотор орж амжаагүй байгаа вирусыг л устгаж чадна. Харин вирусын генийн материал нь нэгэнт эсийн гадаргыг нэвтлээд орчихсон бол эсийг бүхэлд нь устгаад гадагш ялгарсан вирусыг дархлалын эсээр залгиулан устгахаас өөр арга байдаггүй.Зарим төрлийн вирус нь хүний биенд нэг л нэвтэрсэн бол тэндээ насан туршид нь амьдардаг. Жишээлэхэд, хомхойн вирус, папиломын вирус, ДОХ-ын вирус нь ийм чадвартай. Ингэж хүний биед амьдрахдаа идэвхтэй үржих буюу өвчин сэдрэх, идэвхгүй унталтын байдалд орох буюу өвчин намжих гэсэн үечлэлтэй байдаг. Унтаа байдалд байгаа вирусыг ямар ч эм тангаар устгах боломжгүй.

    3-р төөрөгдөл
    Вирусын гаралтай өвчний эсрэг эм байдаггүй гэсэн ташаа ойлголт байдаг. Үнэн хэрэг дээрээ вирусын эсрэг үйлчилгээтэй эм байдаг. Эдгээр эм нь дор дурдагдах гурван зарчмын аль нэгийнх нь дагуу үйлчилдэг.

    Эхнийх нь хүний биеийн эсэргүүцлийг өдөөн сэргээх замаар вирусын эсрэг тэмцэх. “Арбидол”, «Циклоферон» зэрэг эм нь ийм үйлчилгээтэй.

    Дараагийнх нь вирусын шинэ биетийн бүтцийг эвдэх. Ийм эм нь нуклеины хүчлийг нийлэгжүүлэхэд ашиглагддаг азотлог суурийн хувиргасан аналоги хэлбэртэй. Ингээд бүтцийн хувьд адил болохоор эсийн дотор үржиж байгаа вирусын ДНХ, эсвэл РНХ-ийн эгнээнд багтаад орчихдог. Үүний дараагаар шинэ вирус нь согогтой болж цаашид шинэ эс гэмтээх чадваргүй болдог ажээ. Ацикловир нь ийм үйлчилгээтэй эм юм.

    Гурав дахь зарчим нь вирусыг эсийн дотор нэвтрэхээс сэргийлэх дээр тулгуурлсан. Ийм төрлийн эм нь вирусын ДНХ, эсвэл РНХ-ийг уургийн гадаргаасаа салахад нь саад болдог. Ингэснээрээ вирусын ген нь эсийн гадаргаар нэвтрэн орох чадвараа алддаг. Ремантадин нь ийм үйлчилгээтэй эм юм

    Энэ бүх эм, бэлдмэлүүд нь зөвхөн идэвхтэй үржиж байгаа вирусын эсрэг үйлчилгээтэй байдгийг мэдэж авахад илүүдэхгүй байх.

    Энэ мэдээлэл таныг болон таны ойр дотны хүмүүсийг тохирохгүй эм бэлдмэл хэрэглэн эрүүл мэнддээ хохирол учруулахаас сэргийлэхэд туслана гэдэгт найдаж байна.

    эх сурвалж: Minii eruul mend

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй