Нийслэлчүүдийг өглөө бүр угтан мэндчилээд үдэш харихад нь үүргээ гүйцэтгэсээр үлддэг хүмүүсийн нэг хэсэг нь ТҮК-ийн ажилчид. Эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд зам, гудамж, талбай цэвэрлэх амаргүй ажлыг гомдоллолгүй амжуулдаг тэд саяхан салбарын зөвлөгөөнөө хийсэн билээ. Шар хантаазаа гоёмсог хослолоор солин, зөвлөгөөндөө баяртай оролцсон тэднээс төлөөлөл болгож “Хот тохижилтын газар" ОНӨААҮГ-ийн тэргүүний ажилтан Н.Батмөнхтэй цөөн хором ярилцлаа. Залуудаа тэрбээр Барилгын цэргийн удирдах газарт инженер, Эрдэнэтийн ГОК-д гагнуурчин зэрэг хөдөлмөр эрхэлж “Байгууллагын аварга”, “Тэргүүний уурхайчин”, “Барилгын салбарын тэргүүний ажилтан” зэрэг хүндтэй шагнал хүртэж явжээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Би Ховд аймгийн Булган сумын уугуул. “Хот тохижилтын ОНӨААҮГ" -д зам, талбайн үйлчлэгчээр ажилладаг. Эхнэртэйгээ хоёул амьдарч байна. Дөрвөн хүүхэд минь тусдаа гарцгаасан, хоёр хүү МСS болон “Оюу толгой” компанид инженер ажилтай. Том охин минь Сүлжмэлийн үйлдвэрт, бага нь Багануур дүүрэгт цэцэрлэгийн багш ажилтай.
-Өдрийн ажил тань хэдэн цагт эхэлдэг вэ?
Өглөө 05:00 цагт босоод эхнэрийнхээ хийсэн цай, ундыг уучихаад л ажилдаа гардаг даа. Бидний ажил 07:00 цагт эхэлдэг. Оройн 18:00 цаг хүртэл хариуцсан хэсгээ ширхэг ч хоггүй байлгахын төлөө ажиллах учиртай.
-Зам, талбайн үйлчлэгчээр хэчнээн жил ажиллаж байна?
Хот тохижилтод гурав дахь жилдээ ажиллаж байна. Улсад бол 43 дахь жилдээ ажиллаж байна даа. Өмнө нь Барилгын цэргийн удирдах газарт инженерээр 16 жил, Эрдэнэтийн уурхайд гагнуурчнаар 10 жил, Багануурын уурхайд 8 жил ажиллаж байлаа.
-Та бүхэнд маань өөр өөрийн хариуцан цэвэрлэдэг хэсэг бий байх, Таны ажлын талбар аль хэсгийг хамардаг вэ?
Төв шуудангаас Багшийн дээд хүртэл зам, талбайг хариуцан цэвэрлэдэг.
-Энэ өвөл цаг уурын хувьд нэлээд чанга эхэлсэн шүү, тийм ээ. Тухайн үед хэр хүндрэлтэй байв?
Ер нь өвөл, хаврын улиралд л хамгийн хэцүү үе л дээ. Цас их орно. Хавар бол хог шороогоор шуурах нь элбэг. Манай байгууллагаас дулаан хувцас, бээлий бүх юмаар сайн хангадаг учраас ажиллах үедээ даарна гэх аюул байхгүй ш дээ. Зүгээр зогсвол л даардаг юм шүү дээ.
-Ер нь амьдрал ямархуу байна вэ?
Амьдрал гоё байна. Өнөөдөр би ханийхаа чанаж, савлаад өгсөн цайг халаасандаа хийчихсэн явж байна. Халуун цайгаа уугаад л цэвэрлэгээгээ хийгээд явж байхад хэцүү бүхэн мартагдана шүү дээ. Одоо нэг жил зургаан сар ажиллаад тэтгэвэрт гарна. Тэтгэвэртээ гарсан ч бас зүгээр суухгүй л гэж бодож байна. Би төмрөөр юм хийх дуртай. Гагнаж холбох зэргээр зүгээр суулгүй хөдөлмөрлөнө л гэж бодож байна.
-Халамжит эхнэр тань ямар ажил эрхэлдэг вэ?
Миний хань гэртээ суудаг юм. Миний хоол, цайг бэлдээд л. Өдөр цайны цагаар хоол аваад ирлээ гээд л дуудна шүү дээ. Өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ахлах тогоочоор ажиллаж байсан. Ханийнхаа тухай ярьж эхэлвэл би гэдэг хүн бахархаад дуусахгүй тул ярьж өгнө шүү дээ. /инээв/
-Уншигчдад хэлэх үг, анхааруулга Таны зүгээс бий байх?
Өглөөнөөс орой хүртэл цэвэрлэсэн талбайд минь хогоо хаяхгүй л бол би маш их баярлана. Заримдаа сэтгэл гонсойх үе бий. Цэвэрлэж цэвэрлэчихээд эргээд харахад залуус маань хог эсвэл нус цэрээ хаячихдаг. Биднийхээ ажлыг ард түмэн хүндлээд дор бүрнээ ухамсартай байвал хот маань л цэвэр цэмцгэр, сайхан болно гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Баярлалаа
Ярилцсан Э.Баасансүрэн
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт