Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний халуун амийг аварч, Цагдаагийн ахмад цол хүртэн “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад Х.Ариунбаттай цөөн хором ярилцлаа.
-Эрдэнэт хүний алтан амь аварна гэдэг маш том гавьяа, Танд баяр хүргэе.
Баярлалаа. Цагдаагийн байгууллагын дээд шагнал хүртсэндээ баяртай байна.
-Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Намайг Хатанбаатар овогтой Ариунбат гэдэг. 2012 онд Дотоод хэргийн их сургуулийг төгсөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 5 дахь жилдээ ажиллаж байна.
-Гал гарах үеийн хэргийн газрын нөхцөл байдал ямар байсан бэ?
Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 45-р гудамжинд 23 цаг 50 минутын үед Цагдаагийн ахмад Б.Бүрэнтэгш бид хоёр явж байхад айлын хашаанаас утаа гарч байсан. Эхэндээ хог шатааж байгаа юм болов уу гэж бодсон ч хашааны хаалга руу очтол гал гарч байсан. Улмаар шууд Гал команд дуудсан. Хашаа болон байшингийн хаалга нь түгжээтэй байсан учраас хаалгыг нь эвдэж орсон. Дотогшоо ороход хоёр том хүн, нэг хүүхэд гал гарсныг мэдээгүй угаартсан байдалтай унтаж байсныг сэрээж, гадагшаа гаргаж галын тархалтыг намдаахын тулд савтай ус цацаж эхэлсэн. Гал команд ч шуурхай ирсэн.
-Галын шалтгаан нь юу байсан юм бэ?
Урьдчилсан байдлаар үүдэндээ халаагуур залгаж унтсанаас цахилгааны утас халж гал гарсан гэж үзсэн. Одоогоор Сүхбаатар дүүргийн II хэлтэс гал гарсан шалтгааныг судалж байгаа. Дүгнэлт хараахан гараагүй байна.
-Та өөрөө бэртэж, гэмтсэн үү?
Гайгүй ээ. Гараа жаахан түлчихсэн.
-Таны мэргэжил байнга л гэнэтийн аюултай тулгарч байдаг, тухайн үеийн өөрийн бодол, нөхцөл байдал ямар байснаа хуваалцаач?
Эхлээд маш их сандарсан ч хурдхан тэдгээр хүмүүсийг аврахыг л хичээсэн. Гурвууланг нь байшингаас гаргаад галыг намжааж байтал ашгүй аврах анги ирсэн. Тэгээд л жаахан тайвширч, алтан аяганаас ус уух хувьтай хүмүүс байж дээ гэж бодсон доо. Ийм сүртэй гавьяа болно гэж бодоогүй. Бид хариу нэхээгүй, иргэн хүний үүргээ л биелүүлсэн.
-Аварсан хүмүүстэйгээ уулзсан уу, биеийн байдал нь одоо дажгүй юу?
Уулзалгүй яахав. Биеийн байдал нь сайн байгаа. Бид хоёрт амь насыг нь аварсанд үнэхээр их талархаж байгаагаа хэлсэн. Үүнээс сайхан шагнал гэж юу байх вэ.
-Ер нь үүргээ биелүүлж явахад тань амь өрссөн эрсдэл хэр тохиолдож байв?
Бидний ажлын онцлог гэх үү дээ, өдөр бүр аюул эрсдэлтэй учирдаг гэж хэлж болно.
-Иргэдэд сэрэмжлүүлж, хэлэх үг бий юү?
Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж амьдраасай гэж хүсмээр байна. Таны гэрт гарсан гал хөршийн тань байшин руу ч авалцаж шатах аюултай. Тиймээс сонор сэрэмжтэй байгаарай л гэж хэлье дээ.
-Та хоёрын баатарлаг үйлсээр монгол түмэн бахархаж байна. Ажлын амжилт хүсье.
Баярлалаа.
Ярилцсан Э.Баасансүрэн
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт