ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    2018 он гарахад 141 тэрбумыг залгисан утаа улам ”томрох уу”

    Өнгөрсөн таван жилийн хугацаанд  утаа арилгахаар 132.5 тэрбум төгрөг зарцуулсан ч чухам юунд, зарцуулалтын үр дүн юу байсан нь өнөө хэр тодорхойгүй байна.

    Албаныхан "нийт гэр хорооллын 90 орчим хувь буюу 176 мянган өрхөд сайжруулсан зуух тарааж, утаагүй түлшний үйлдвэрлэлийг дэмжсэн. Гэхдээ зуухны хэрэглээ зарим хороодод 20 хувьд ч хүрэхгүй байна" гэгчлэн барин тавин мэдээлэл хийдэг.

    Тэгвэл утаа арилгах нэрийдлээр мөнгө завшсан талаар "Өнөөдөр" сонинд  "Агаарын бохирдлыг бууруулах төсөвт ажлыг санхүүжүүлдэг "Цэвэр агаар" сангийн захирал У.Хүрэлсүх, мэргэшсэн нягтлан бодогч М.Хулангийн хамт 2012 онд 116 сая төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21440000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхонсайхан булаг” компанийн дансаар, 1454079500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ” ХХК-ийн дансаар, 2011 онд 240 сая  төгрөгийг түлш нийлүүлэх нэрээр “Шарын голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулан, 1931519500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан.  Мөн Н.Хүрэлсүх нь М.Хулантай бүлэглэж, “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар гаргасан 116 сая төгрөгөөс 38 сая, “Орхонсайхан булаг” ХХК-ийн дансаар гаргасан 21.440.000 төгрөгөөс 11 сая төгрөгийг тус тус авч, нийт 49 сая төгрөгийг хувьдаа завшсан төдийгүй хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байдаг". М.Хулан нь  1.931.938.529 төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байна.

    Энэ хэрэгт нийт 11 хүн холбогдсон бөгөөд таван хүний орон тоотой “Цэвэр агаар” сангийнхнаас нэмээд нягтлан Х.Болдмаа, мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нар хэрэгт татагджээ. Х.Болдмаа нь “Цэвэр агаар” сангийн нягтлангаар ажиллаж байхдаа “Шарын голын энерго Болд” ХХК-ийг үүсгэн байгуулж, М.Хулан болон Д.Цэцгээ нартай бүлэглэж, хуурамч гэрээ байгуулан, тус сангаас гаргасан 2.726.500.000 төгрөгөөс 30.500.000 төгрөгийг хувьдаа завшсан юм байна. Харин тус сангийн мэргэжилтэн Б.Чимэд-Эрдэнэ нь 2011 онд “Пума империал” компаниас буцаагдсан бэлэн мөнгө болох 21.780.000 төгрөгийг хувьдаа авч завшсаныг шүүх тогтоосон аж.

    Мөн энэ хэрэгт холбогдсон, тухайн үеийн БОНХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцгээ нь албан тушаалын байдлаа урвуулан “Цэвэр агаар” сангийн нягтлан бодогч М.Хулан болон Х.Болдмаа нартай үгсэн тохиролцож, “Шар голын энерго Болд” ХХК-ийг үүсгэн байгуулж, уг компанийн нэрээр түлш нийлүүлэх хуурамч гэрээ үйлдэн, “Цэвэр агаар” сангаас уг компанийн дансаар 2.726.500.000 төгрөг гаргуулж, үүнээс 340.000.000 төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан юм байна.

    Мөн Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын аудитор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хоёр байцаагч, Баянгол дүүргийн татварын хэлтсийн байцаагч, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн охин, Сангийн яамны мэргэжилтэн А.Саранзаяа зэрэг нийт 11 хүн энэ хэрэгт холбогдсон аж.

    МХЕГ-ын санхүүгийн хяналтын хоёр байцаагчийг “Цэвэр агаар” санд санхүүгийн хяналт шалгалт хийхдээ албан үүрэгтээ хайнга хандаж, хийх ёстой ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс удаа дараагийн гүйлгээгээр гарсан 2.726.500.000 төгрөгийн зөрчлийг илрүүлээгүй гэж буруутгажээ.

    Шүүхээр хэргийг таслах үед шүүгдэгч Н.Хүрэлсүхээс 1-3 өрөө, нийт 10 орон сууцыг хураан авч, хохиролд тооцуулахаар болсон бол М.Хулангаас “Lexus-570”, “Lexus RX-350”, “Вольксваген Тигуан” маркийн гурван автомашин, гэмт хэрэг үйлдэн олсон мөнгөөрөө худалдан авсан, брэндийн гутал, үнэт эдлэлүүд, 1000 ам.долларыг хураан авч улсын орлого болгосон юм байна.

    Н.Хүрэлсүхийг найм, М.Хуланг долоо, Д.Цэцгээд найм, Б.Чимэд-Эрдэнэ, Х.Болдмаа нарыг таван жил хорих ялаар анхан шатны шүүх тус тус шийтгэсэн" гэх мэдээлэл гарчээ.

    Дээрх 132.5 тэрбум төгрөгийг нийт хүн амдаа хуваан үзвэл иргэн тус бүр 44160 төгрөгийг У.Хүрэлсүх нарт бэлэглэсэн дүн гарна.

    Тэгвэл энэ онд "утаа арилгах"-аар Засгийн газраас таван тэрбум, нийслэлээс 3.2 тэрбум, нийт 8.2 тэрбум төгрөг зарцуулах нь тодорхой болсон.

    Зарцуулалтын задаргаа нь:  

    1. 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд

    2. 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад

    3. 400 сая төгрөгийг  зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад

    4. Үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар болжээ.

    Ямартай ч 2017 он дуусахад "утаа арилгаад өгөөч" хэмээн бид 141 тэрбум төгрөгөө эрх баригчдад өгчихсөн байна. Харин мөнгөний хариу, утааны хэмжээ хэрхэн өөрчлөгдөх нь тэднээс хамаарах юм.

    Зул

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй