ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дөрвөн жилийн дотор агаарын бохирдлоос салсан Лондончуудын туршлагаас

    Ердөө хагас зууны өмнө буюу 1952 он өвөл, Английн Лондон хотын түүхэнд битгий хэл дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт гамшиг тохиосон нь өнөөг хүртэл үлгэр домог мэт яригддаг “Үхлийн утаан хөшиг” хэмээх хар өдрүүд байв. Ганцхан өвөл 12 мянган хүний алтан амийг авч, дөрөвхөн хоногийн дотор 4000 хүнийг "залгисан" гамшигт агаарын бохирдлоос Лондончууд хэрхэн ангижирсан бэ?

    Тухайн үед Лондон хотын хөгжил цэцэглэлт хурдасч, хүн амын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байв. Хүн амын хэт их төвлөрөл хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлаас хаа хол тасарч одсон тул айл өрх, аж ахуй нэгжүүд түүхий нүүрсээр дулааны асуудлаа шийдэхийг илүүд үзэх болжээ. Ерөнхийдөө Лондон хотын агаарын бохирдол 1930-аад оноос эхэлж хориодхон жилийн дотор "алуурчин" болон хувирсан юм.

    Ард иргэд нь аймшигт гамшигийн талаар хотын захиргаанд хэд хэдэн удаа гомдол гаргаж, гарын үсэг цуглуулах байдлаар тэмцэж эхэлсэн ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байсаар 1952 оны 12 дугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон юм.

    Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсны улмаас ямар ч салхигүй болж, Лондон хотыг өтгөн хар утаа бүрхэн авч, өдөр шөнө ялгагдахгүйд хүрчээ. Тухайн үед Лондонд үзэгдэх орчин 50 см-ээр хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, хүмүүс орон гэртээ утаа угаар орохоос сэргийлж бүх л онгорхой цоорхойг битүүмжилж байсан гэдэг. Гэвч энэ бүх арга чарга тусыг эс олж хүмүүс орон гэртээ угаартаж нас барсаар байв. Ердөө л нүүрсний утаанд хордож, орондоо амьсгал хурааж байсан хэрэг.

    Хохирогчдын 78 хувь нь хүүхэд хөгшид болон жирэмсэн эхчүүд байжээ. "Үхлийн утаат хөшиг" буусан өдрүүдэд шувуу хүртэл замаа харахгүй байшин барилга мөргөж, үхэж үрэгдэж байсан гэдэг. Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ.

    Эрх баригчид Цэвэр агаарын хууль баталсан бөгөөд эл хууль хэрэгжиж эхэлснээр Лондон хот ганцхан өвлийн дотор утаа, агаарын бохирдлын төвшинг эрс багасгаж, дөрөвхөн жилийн дараа агаарын бохирдлоос бүрэн ангижирсан гэдэг.

    Асар богино хугацаанд агаарын бохирдлоос салж чадсан нь ердөө л түүхий нүүрсний хэрэглээг хуульчлан хорьж, цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гаргаж, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод "Агаарын хяналтын бүс"-үүд бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулж, аажмаар арилгаж чаджээ.

    Засгийн газраас өрх бүрт 100 хувийн дэмжлэгээр өндөг хүчин чадал бүхий, цахилгаан бага зарцуулдаг тень буюу халаагч суурилуулж, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг, газан плиткаар сольсон байна.

    Лондон хот 1952 он

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй