Гэрэл зурагтай амьдарлаа холбосон Ц. Шувуутай Герман явахаас нь өмнөхөн хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна. Түүний нууцлаг бөгөөд энгийн зургуудын цаана хэн нуугдаж байгааг энэ ярилцлагыг уншсанаараа та ойлгох болов уу.
Багадаа ямар хүүхэд байсан бэ?
Багадаа ер нь томоотой хүүхэд байлаа. Зожиг талдаа хүмүүстэй их яриад байдаггүй, гэхдээ мэдээж ярих үедээ ярина.
Таны хувь хүний хөгжилд хэн нөлөөлсөн бэ?
Миний гэр бүлийхэн маш их нөлөөлсөн гэж боддог. Ялангуяа миний аав, ээж эргэн тойрны хүмүүс маань намайг бий болгодог.
Та хэдэн настайгаасаа зураг дарж эхэлсэн бэ?
Дөрөвдүгээр ангиасаа хойш гэж бодохоор 11 наснаасаа эхэлсэн юм байна. Дунд нь хоёр жил завсарласан. Тэр үед би юу хийсэнээ санахгүй байна. Тэрнээс бусад үед би гэрэл зургаас холдож байгаагүй.
Та Facebook хуудасдаа би бол Анчин гэж бичсэн байсан. Энэ тухайгаа ярьвал:
Энэ миний өвөөтэй холбоотой бас миний амьдарлыг үзэх үзэлтэй холбоотой. Хүмүүсийг олон янзаар хувааж болдог. Жишээ нь: сайн хүн муу хүн г.м Миний хувьд анчин ба агнуулагч гэж хуваадаг. Яагаад гэхээр ан хийж байгаа процесс өөрөө энэ дэлхий дээр амьд байгаа гэдгийг ойлгуулдаг, тэр мэдрэмж, тэр агшин. Ангуулж байгаа амьтан агнуулах гэж байгаагаа мэдрэх юм бол амьд үлдэхийн төлөө тэмцэнэ. Анчин харин түүнийг алаад гэр бүлээ тэжээх ч юм уу бас яг тэр амьтан шиг мэдэрнэ гэсэн үг. Яг тэр агшин энэ амьдарлын хамгийн чухал зүйл гэж боддог. Хэрвээ анчин байхгүй байсан бол тэр юуны төлөө амьдарч байгаагаа ойлгохгүй. Анчин харин тэр амьтан байхгүй бол юуны төлөө ан хийж байгаагаа ойлгохгүй. Тэгэхээр энэ хоёр бол нарийн холбоотой. Гэхдээ анчин ч гэсэн агнуулдаг. Үхэлд ч юмуу өвчинд ч юм уу эсвэл өөр нэг амьтанд ч юмуу.
Би өөрийгөө анчин гэж боддог би тэрэндээ итгэлтэй байдаг. Юу вэ гэхээр би гэрэл зураг дарж байгаа бол би анчин гэсэн үг. Яагаад гэвэл шот болгон дээрээ амьдарлын цаг хугацаанаас тэр хэсгийг бодож өөртөө авдаг. Тийм болохоор өөрийгөө гэрэл зурагчин гэж хэлэхээсээ илүүтэйгээр анчин гэж тодорхойлох дуртай.
Зураг дарахаа больё гэж бодож байсан уу?
Бодож байсан
Яагаад?
Юм юм л нөлөөлж байна л даа. Жишээ нь өнөөгийн нийгэм ч юм уу. Хүмүүс гэрэл зураг худалдаж авахаасаа илүүтэйгээр уран зураг худалдаж авдаг. Материаллаг нийгмийн талаасаа өөртөө бууж өгж байсан байх. Хүмүүст биш өөртөө. Тэр үед гэрэл зургаас хөндийрөөд багадаа тоондоо сайн хүүхэд байсан болохоор ер нь тоогоороо ч явья гэж бодож байсан. Өөр сонголт хийх үе надад байсан гэх юм уу даа. Тэр үедээ 2жил гэрэл зургаас хөндийрсөн ч чадаагүй л дээ. Би өөрийгөө илэрхийлхыг хүссэн. Тэрнээс хойш ерөөсөө хаяагүй
Та нэг ярилцлаган дээрээ өмнө нь авж байсан зургуудаасаа ичдэг гэхдээ эд нар чинь миний бүтээл шүү дээ гэсэн байсан. Энэ тал дээр нэмж тайлбар өгвөл:
Уг нь бүтээл бол бүтээл ш дээ тэ. Гэхдээ зарим санаагаа дутуу илэрхийлсэн ч юмуу, гаргах гэсэн санаандаа хэтэрхий автчихсан ч юм уу, ямарваа зүйлийг олон талаас харж чадаагүй зөвхөн яг өөрийнхөө аминч үзлээр харж, түүнийгээ тулгасан зурагнууд өмнөх зургуудаас анзаарагдаад байгаа. Хүмүүс түүнийг анзаардаг эсэхийг мэдэхгүй байна л даа. Ер нь одоо байгаагаасаа дутуу байсанаа олж хардаг гэхдээ тэр зүйлүүд байхгүй байсан бол одоогын зарим зургаа хараад өөрөө өөртөө сэтгэл хангалуун байгаа зургуудыг дарахгүй байсан. Тэрнийг дарахын тулд өмнөх алдаатай гэж хэлж болох зургуудаа авж байсан байх. Нэг ёсондоо хүн амьдарлынхаа туршид алдаа дээрээсээ суралцдаг гэдэг дээ. Яг түүн шиг өмнөх зургууд маань алдаа байсан. Гэхдээ тэр зүйлээсээ өөрийгөө олж хараад буруу зөвийг нь шүүгээд дараагынхаа бүтээлдээ илүү сайжруулж чаддаг. Заримдаа санаандгүй байдлаар сонгодог бүтээл дарж болдог. Түүнийг ерөөсөө төлөвлөж болдоггүй. Төлөвлөдөг хүмүүс байдаг байх. Миний хувьд бол би төлөвлөдөг хүн биш. Цэвэр мэдрэмжиндээ бас практик дэээрээ дадлагажиж сайн зураг авахыг хичээдэг. Өмнөх зургууд практик үүднээсээ надад маш сайн хичээл болж байсан гэсэн үг.
Хийж байсан хамгийн тэнэг эсвэл гаж үйлдэл чинь юу вэ?
Надад тийм үйлдэл байдаггүй. Миний санаж байгаагаар Сергей Есенин(Sergei Yesenin) гээд Оросын яруу найрагч байдаг. Тэрээр найзуудтайгаа архи ууж байгаад ширээны дундуур дөрвөн хөллөөд ямаа шиг майлж явсан гэдэг юм билээ. Нийт иргэд түүний үйлдлийг гаж гэж байгаач гэсэн тухайн хүний хувьд энэ нь өөрийгөө илэрхийлж байгаа энгийн хэлбэр нь байж болно.
Таны амьдралдаа хийсэн чухал алхам тань юу вэ?
Гэрэл зурагтай нөхөрлөөд урлагыг тодорхой хэмжээгээр ойлгодог болсон тэр бага насны үе миний хувьд том алхам байсан. Юмсыг таньж мэдсэнээр ертөнцийг өөрийхөөрөө харах ёстой гэж ойлгосон болохоор түүнийгээ илэрхийлэх нь миний хувьд сонирхолтой зүйлсүүдийн нэг байсан. Түүнийг олж харж урлагийн үнэ цэнийг өөрийнхөө хэмжээнд хайрлаж хүндэлдэг болсоноороо миний хамгийн том алхам босон гэж үздэг. Энэ алхалт зогсолтгүй явж байгаа, хөгжиж байгаа, сурч байгаа. Цаашдаа ч гэсэн алхана гэж бодож байна.
Та хэр азтай хүн бэ?
Би бол азтай хүн. Яагаад вэ гэвэл би юмсыг өөрийнхөөрөө харж, дүгнэж, харьцуулж чаддаг Амьдарлаас, тэр жижиг хэсэг бүрээс би аз жаргалыг мэдэрдэг. Хүмүүсийн анзаараагүй дуу чимээ, өнгө хардаг. Тэгэхээр миний энэ байгаа нэг бодлын азгүй байж болох ч гэсэн яг ерөнхий тамга шиг хэлэх юм бол би азтай хүн. Миний эргэн тойрны хүмүүс худал ярьдаггүй өөрөө өөртөө үнэнч хүмүүс байдаг.
Хүндэлж явдаг зурагчин.
Л.Санжмятав гуай 1954 оноос зураг авч эхэлсэн бөгөөд “Гагнуурчин” гэдэг зураг нь надад маш их таалагдсан. Тэр хүн нас өндөр болсон ч гэсэн одоогоороо зураг авдаг, хөнгөн шингэн, үргэлж инээмсэглэж явдаг хүндэлмээр хүн. Өөрийн арвин сантай хэрнээ маш даруухан. Яг тэр авсан зураг шигээ мундаг хүн байдаг. Гадаадаас гэвэл би ер нь Япон, Хонконг, Тайвань зурагчдын зургийг сонирхож үздэг. Залуу үеэс гэвэл Angel Lin гээд Тайваны зурагчин байгаа маш чадварлаг хүндэлж явдаг зурагчдын нэг. Бас Ван Гогийн зургуудыг үзэх дуртай. Манай залуучуудаас ирээдүйд өөрийгөө илэрхийлж гаргах олон чадварлаг залуу үе төрж байгааг харж байна.
Зураг дарахаас өөр хоббитой юу?
Би бичих дуртай. Богино өгүүллэг, шүлэг г.м Би “Хоёр дахь өдрийн өглөө” гээд ном гаргаж байсан. Одоо бас ном бичиж байгаа. Энэ бол миний гэрэл зургийн дараа орох хобби юм. Мөн бас хөл бөмбөг, дуу хөгжим байна. Ер нь бол дуу хөгжмийг хэрэглээ гэж үзнэ.
Монголд хиймээр санагддаг зүйл юу вэ?
Уран сайхны өөрөө найруулсан, зургийг нь авсан бүрэн хэмжээний кино хийхийг хүсдэг. Үүгээрээ мэдээж гадаадын кино урлагын түвшинд өрсөлдөхүйц сайн бүтээл туурьвихыг зорьж байгаа.
Урлаг бизнес хоёрыг юу гэж ойлгодог вэ? Энэ 2 салшгүй холбоотой байх ёстой юу?
Миний хувьд бол үгүй. Гараар урладаг жишээ нь бугуйвч ч юмуу зүүлтийг урлал гэж нэрлэдэг. Үүнийг Монголчууд урлаг гэж ойлгоод байх шиг. Гэхдээ энэ шүүмжлэлтэй талтай. Ер бол энэ буруу. Урлаг бол цэвэр ариун зүйл. Жишээ нь Ванг Гог(Van Gogh)-ийн зураг шиг Иога́нн Себастья́н Бах (Johann Sebastian Bach)-ын хөгжим шиг. Тэд хэзээ ч мөнгөний төлөө үүнийг хийгээгүй өөрийн илэрхийлэхыг хүссэн зүйлээ хийсэн. Энэ бол бизнес ерөөсөө ч биш. Мөнгө бизнес хоёрыг холихыг хүсэхгүй байна.
Таны анхны зураг чинь ямар зураг байсан бэ?
Санахгүй байна. Намар байсан болохоор навч байсан болов уу. Гэхдээ анхны зураг дарах үеийг санаж байна Шагайвчаар харахад бүх өнгө гэрэл тэр жижигхэн дөрвөлжин дотор цугларсан. Тэр цагаас хойш гэрэл зурагт дурласан даа.
Таны хамгийн хайртай зураг
Бүх бүтээлдээ хайртай. Сүүлд дарсан миний үнэлсэн зураг гэвэл нэг хар цагаан зураг байгаа.
Хамгийн жаргалтай авж байсан зураг тань
Би зураг дарахдаа зургандаа ордог, камер дотроо шингэчихсэн байдаг гэх юм уу даа тэр үедээ л би жаргалтай байдаг.
Одоо санаж байгаагаар Швейцарт байхдаа өндөр уулын орой дээр өвлийн өглөө гараад нар мандахыг харсан бас зураг дарсан. Tэр зураг бол хамгийн кайф мэдрүүлсэн үе юм.
Зураг дарахдаа гаргаж байсан хамгийн эрсдэлтэй эсвэл аюултай зүйл нь юу вэ?
Хөвсгөлд явж байгаа мотоциклний ард зогсоод зураг авж байсан
Та ямар чиглэлээр зураг дардаг вэ?
Би өөрийнхөө жанр-ыг мэдэхгүй байна. Австрали гэрэл зургийн багш надаас ярилцлага авахдаа яг ингэж асуусан. Гэрэл зураг гэдэг тэр зүйлд би дуртай бүх төрлөөр зураг дарахыг хүсдэг.Яагаад гэхээр тэд бүгд нийлж байж гэрэл зураг болно. Өөрийгөө анчин, эсвэл гэрэл зурагчин гэж тодорхойлохын тулд хүссэн төрлөөрөө зураг дарж өөрийгөө илэрхийлж чаддаг байх хэрэгтэй гэж бодож байна.
Та хаашаа аялахыг хүсч байна.
Төлөвлөсөн байгаалдаа. Перү Чилл улсуудаар аялна Тэр хавьдаа буурай хөгжилтэй гэж явдаг хэдий ч хотоос хол газрууд нь манай орны байгалтай төстэй гэж санагдсан. Хувцасны соёл нь маш их таалагдсан. Тэндхийн хүмүүстэй танилцаад зураг авж байгаагаар төсөөлж байгаа. Жаргалтай дүр зураг буух байх. Байгалийн зураг дарахыг хүсвэл Исландад очно доо. Тэнд туйлийн туяанаас эхлээд маш олон гоё зүйлүүд байгаа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт