Хэдэн сарын өмнөөс дуучин С.Сэрчмааг нэгэн кино найруулагчид залилуулж хэдэн сая төгрөгөөр шатсан тухай яригдах болсон. Тэрээр 2012 онд киноны салбарт хүч үзэхээр шийдэж зохиолынхоо санааг өөрөө гарган бусдаар захиалан бичүүлээд С.Батмөнх хэмээх найруулагчид хандсанаар хамтын уран бүтээл эхэлсэн ажээ. С.Сэрчмаа киноныхоо ерөнхий продюсероор ажиллахаар тохиролцож гэрээ хүртэл байгуулжээ. Харамсалтай нь өнөөг болтол кино дэлгэцнээ гаралгүй хойшлогдсоор иржээ. Үүнд ундууцсан С.Сэрчмаа ажил үүргийн хуваарилалтын асуудлаар кино найруулагчаа иргэний шүүхэд өгч анхан шатны шүүх хурлаас найруулагч залууг буруутгасан шийдвэр гарсан байна.
С.Сэрчмаа:
Би Батмөнх гэдэг найруулагчтай хамтарч кино хийхээр болсон. Тэр хүн мөнгө гаргаж, би бас тодорхой хэмжээгээр мөнгө гаргаад зураг авалтаа Шанхай, Монголд хийгээд дууссан. Гэтэл киноны сураг байдаггүй. Нөгөө хүн маань киногоо дуусгаагүй, киног маань ч надад өгөөгүй. Түүнийг би шүүхэд өгсөн чинь эргүүлээд намайг шүүхэд өгчихсөн шүү дээ. Ийм л зүйл болсон.
Энэ асуудлыг торуулахаар тус киноны найруулагч С.Батмөнхтэй уулзлаа. Тэрээр Германд телевиз, киноны найруулагч мэргэжил эзэмшжээ.
-Таныг дуучин С.Сэрчмаагийн захиалсан киног аваад зугтчихсан гэж ярих юм? Эндээс ярилцлагаа эхэлье.
-Хаашаа зугтах гэж, би Монголдоо байж л байна шүү дээ. Би телевиз, киноны найруулагч мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ Германд ажиллаж байгаад 2007 онд Монголд ирсэн. Энд мөн л мэргэжлийн ажлаа эрхэлж нэлээдгүй олон байгууллагын реклам сурталчилгааг хийсэн. 2012 оноос дуучин С.Сэрчмаатай хамтарч нэг кинон дээр ажиллаад одоо үл ойлголцол үүсчихээд байна. Уг нь энэ кино миний хувьд анхны бие даасан уран бүтээл минь байгаа юм. Анхны юм ямар эрсдэлтэй байдгийг биеэрээ мэдрээд сууж байна даа.
-Анх кино хийх санааг хэн гаргасан юм бэ?
-Киноны санааг С.Сэрчмаа өөрөө гаргаад зохиолоо захиалж бичүүлсэн. Тэрээр энэ киноны ерөнхий продюсероор би найруулагчаар ажиллахаар тохиролцож, бие биедээ итгэж найдаад чанартай уран бүтээл хийхээр зориглож гэрээ байгуулсан. Гэтэл одоо хоёулаа шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх гээд явж байгаа нь харамсалтай байна.
-Юунаас болж шүүхдэлцэх дээрээ тулаа вэ? Киноны зураг авалт дуусаагүй юм уу?
-Ерөнхий зураг авалт дуусчихсан л даа. Одоо нөхөж хэдэн зураг авах, гол нь киноны пост продакшн буюу киноны дараах үйлдвэрлэл дээр гацчихаад байна. Бидний зураг авсан формат бол Монголд төдийлөн хэрэглэгддэггүй барууны стандарт юм. Яахав, манайд үүнийг буулгаж, хөрвүүлж болох ч өнгө, дүрс, чанарын хувьд гологдоно. Би судалж үзэхэд манай ихэнх студиуд пост продакшнаа Хятадад хийлгүүлдэг юм байна лээ. Тэндэхийн үнэ харьцангуй өндөр. Харин миний хувьд Германд сургууль төгссөн, тэнд ажиллаж байсан болохоор танил найзуудтайгаа холбогдож ярихад Хятадынхаас маш хямд зардлаар хийж өгье гэсэн. Үүнийг С.Сэрчмаа ойлгохгүй байгаа юм.
-Нууц биш бол киноны төсөв хэдэн төгрөг байв? Төсвийнхөө хэдэн хувийг ашиглачихаад байна вэ?
-Киноны төсвийн тухай яримааргүй байна. Үнэндээ нийт төсвөө зарцуулаад бол дуусчихсан. Киноны пост продакшн дээр л нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа юм. Энэ асуудлыг продюсер хүний хувьд С.Сэрчмаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг нь мэргэжлийн продюсер хүмүүс энэ эрсдлийг тооцоолсон л байдаг юм билээ. Миний анхны кино болохоор надад ч гэсэн дутагдал байгаа л байх. Би үүнийг хүлээн зөвшөөрнө.
-Кино хэзээ бэлэн болж үзэгчдэд хүрэх ёстой байсан юм бэ? Киноныхоо талаар ярихгүй юу?
-2013 оны өвөл дуусах ёстой байсан. Энэ уран бүтээлээ бид анхнаас нь хилийн чанадад кино наадмуудад өрсөлдүүлэх зорилго тавьсан болохоор чанартай хийхийг бодсон. Тэр үүднээс барууны оронд ашигладаг стандарт, форматын дагуу зураг авалтаа хийсэн. Гэтэл үүнийг яг тэр стандарт, өнгө, дуу, дүрснийх нь тал дээр пост продакшн хийх студи Монголд ховор юм байна. Хийлээ ч мэргэжлийн тоног төхөөрөмжин дээр хийдэггүй учраас өнгө зөрөх, дүрс, дуу гологдох асуудал гардаг. Энэ нь миний хувьд, киноны чанарын хувьд асуудал болчихоод байна. Кинондоо бид Германаас урилгаар зураглаач, гэрэлтүүлэгч нарыг авчирж ажиллуулсан. Тэд ийн ажиллахдаа манай киног олон улсын стандартад нийцсэн өнгө, дүрс, дуутай, мэргэжлийн түвшинд хийгдэх ёстой гэсэн шаардлагыг тавьж, энэ үндсэн дээр үнэ хөлсгүй ажилласан. Тэгэхээр ямархуу чанартай, сэтгэл гаргаж ажилласан нь харагдаж байгаа биз. Гэхдээ пост продакшныг Монголд муу хийдэг, Хятадад үнэтэй хийдэг гээд энэ киноны зураг авалтыг ашиглах боломжгүй гэсэн үг биш. Германд хямд хийлгэх боломж байна. Гол нь санхүүжилт дээр гацчихаад байх шиг байна.
-Кино нээлтээ хийлгүй ингэж удахаар үйл явдал нь цаг үеэсээ хоцорч, энэ нь С.Сэрчмаагийн бухимдлыг төрүүлээд байгаа юм биш үү?
-Киноны санааг С.Сэрчмаа өөрөө гаргасан болохоор байж болох. Одоогоор “Бүсгүй аргамж” гээд нэрлэчихээд байгаа киноны үйл явдал хайр дурлалын сэдэвтэй, драм төрлийнх. Хайр дурлалын сэдэв хэзээ ч хуучирдаггүй биз дээ. Бид нар одоо ч “Ромьео, Жульетта” хоёрыг үзсээр, уйдаагүй л байна. Найруулагчийн хувьд хэлэхэд киноны үйл явдал цаг хугацаанаас шалтгаалж хоцрогдохгүй. Харин Германд пост продакшныхаа ажлыг хямд хөлстэй хийлгэхэд бас нэг асуудал үүсээд байгаа. Хийж өгье гэсэн студи маань мөнгөний ажил ороод ирвэл хойшлуулна шүү гэсэн нь бага зэрэг цаг авах болчихоод байна. Түүнээс бус киноны хувьд гацаад байх зүйл байхгүй.
-Та хоёр уулзаад учир зүйгээ олж болдоггүй юм уу? Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Яг үнэндээ хэзээ уулзсанаа санахгүй байна. Уг нь уулзаад энэ асуудлаа нааштайгаар шийдчих боломж байгаа л байхгүй юу. Тэгэхэд С.Сэрчмаа намайг киног нь аваад алга болчихсон, мөнгийг нь идээд үрчихсэн мэтээр ярьж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгааг өмнө нь хамтарч ажиллаж байсан хүмүүс, найз нөхөд маань гайхаж хүлээж авч байна. Тэд яахав, намайг таньж мэддэг болохоор юу болсныг ойлгож байгаа л даа. Гол нь би киногоо эхэлсэн болохоор өөрөө дуусгачихмаар байна.
-Хэрэв шүүх өөрийг чинь буруутай гэсэн шийдвэр гаргавал яах вэ?
-С.Сэрчмаа өөр найруулагч авч болно. Би ч зууралдаад байхгүй. Гэхдээ миний хийсэн, бодсон, сэтгэсэнтэй адилхан тэр найруулагч ажиллаж чадах уу гэдэг асуулт гарна. Мэдээж чадахгүй. Тэгэхээр дахиад зураг авалтаа шинээр эхлэх, найруулагчийн хөлс гээд хөрөнгө мөнгө шаардлагатай болно. Ингэж байхаар бид хоёр буруу харж байгаад ч хамаагүй киногоо үргэлжлүүлээд дуусгачихмаар байна. Миний хүсэл энэ. Үүнийг С.Сэрчмаа ойлгоосой.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт