Монгол Улс ямар төмөр замтай байх талаар таван жил маргалдсаны эцэст өнгөрөгч Баасан гарагийн орой УИХ сая нэг Төрөөс төмөр замын талаар баримтлах үзэл баримтллалыг баталсан. Ингэснээр Монгол улс ойрын жилүүдэд “Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг” чиглэлийн говийн бүс дамнасан хэвтээ чиглэл, “Эрдэнэт-Арц суурь” чиглэлийн хангайн бүс дамнасан хэвтээ чиглэлийн төмөр замуудыг 1520 мм-ийн өргөн царигаар барихаар боллоо. Харин “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт” гэсэн босоо чиглэлд 1435 мм-ийн нарийн царигтай төмөр зам тавихаар шийдвэрлэв. Хангайн бүсийн хэвтээ чиглэлийн төмөр зам нь Ази-Европ хоёр тивийг улам ойртуулж, цаг хугацаа хэмнэх, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хурдан шуурхай үйлчлэх нөхцөл бүрдэх юм. Энэ төмөр замыг барих ажилд Оросууд тусална хэмээн В.Путин мэдэгдсэн. Харин говийн бүс дамнасан хэвтээ тэнхлэгийн төмөр зам өгөөжтэй байх эсэх монголчуудаас хамаарна. Энэ төмөр замаар түүхий эдээ зөөвөрлөж Сайншандын боловсруулах хүнд үйлдвэрүүдэд аваачин эцсийн бүтээгдэхүүн гаргах учиртай. Уг төмөр замыг барих хөрөнгийг Монгол Улс өөрөө босгоно. Харин босоо тэнхлэгийн хоёр төмөр зам нь урд хөрш рүү уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхий эд чигээр нь гаргах зам боллоо хэмээх шүүмжлэлийг дагуулж буй. Энэ хоёр төмөр замыг барихад Хятад улс хөрөнгө оруулалт хийж болох юм хэмээн Си Жиньпин айлчлалынхаа үеэр хэлсэн нь бий. Ямартаа ч урд хилээ нэмж гурван ч төмөр замаар сэтэлж Хятад улстай төмөр замаар холбогдох гарц маань дөрөв болов. Үүнээс гурвыг нь далайд гарах гарц болгон монголчууд ашиглах боломжтой юм.
Ж.Ангараг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт