Хүний амьдрал баялаг юм. Миний хувьд нэгэн үе ярихаас ч ичдэг байсан сэдэв минь нээлттэй болж, улмаар түүний тухай, мөн эмэгтэй хүний эмзэг асуудлын тухай тавигдсан жүжгэнд тоглосон сэтгэгдэлээ та бүхэндээ хүргэх гэсэн юм. Эмэгтэй хүний үтрээг тойрсон олон янзын асуудлыг зоригтойгоор дэлгэн тавьсан "Үтрээний хүүрнэл" жүжигт тоглосон минь надад өөрийгөө болон амьдралд хандах хандлагаа эрс өөрчилж, өөрийгөө дахин нэг удаа шинээр нээх сайхан боломж болсон. Энэ жүжгийг Улаанбаатар хотод 2011-2013 оны хооронд “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-ын эмэгтэйчүүд жүжиглэн хүргэсэн билээ. Жүжгийн гол санаа нь үтрээ хэмээх эрхтэн эмэгтэйчүүд бидэнд амьдралаас таашаал, сэтгэл ханамж авахад мөн үр удмаа үлдээхэд зориулж хайрласан нандин бэлэг учраас эмзэг эрхтэнээ өөрсдөө хүндэтгэж, хайрлаж нандигнах тухай л юм. Гэтэл эмэгтэйчүүд үтрээнийхээ талаар бодох нь битгий хэл нэрийг нь ч зоригтой хэлэхээс ичдэг. Аргагүй л дээ манай нийгэмд эмэгтэй хүнийг дандаа үтрээтэй нь холбоотой үгээр гутаан доромжлодог. Түүгээр ч барахгүй эмэгтэй хүнийг үтрээгээр нь холбож доромжилсон үг А – аас эхлээд Я хүртэл бараг бүх үсгэнд бий.
Жүжгийн зарим монологийг сексийн амьдралынх нь тухай, эмэгтэй хүний гадаад төрхийн тухай, умдагны үсний тухай бодит хүний түүхээс сэдэвлэн бичсэн. Эмэгтэйчүүд бие мах бодио байгалиас заяаснаар нь хайрлаж сурах тухай монологиуд нь надад гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байх гайхалтай чадвар бэлэглэсэн билээ. Тийм ээ, эмэгтэйчүүд бид бүгдээрээ үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй, ялангуяа миний ҮТРЭЭ бүр гайхамшигтай үзэсгэлэнтэй гэдгийг ойлгох хэрэгтэй юм.
"Үтрээний хүүрнэл" жүжгийн бас нэг гол санаа нь эмэгтэй хүний үтрээ хүчирхийллийн бай болдог тухай. Ийм аймшигт явдлын хохирогч болсон эмэгтэйчүүдийн зовлон шаналалыг жүжигт уудлан харуулж эрчүүдэд хүчирхийллийн эсрэг зогсож, тэмцэхийг ухааруулдаг юм. Мөн жүжгийн монологи бүрт гарах эмэгтэйчүүдэд тулгардаг асуудлууд нь эрчүүдэд ээж, эгч, эхнэр, охиноо ер нь эмэгтэйчүүдийг ойлгож, хайрлах ухаарал өгдөг. Үүгээрээ ч бусад жүжгээс өөр, онцлогтой болж чадсан.
“Үтрээний хүүрнэл” жүжиг эмэгтэйчүүдэд хүсэл зориг, дуу хоолойгоо зоригтой илэрхийлж чаддаг болох ид шидийн гэмээр ур чадвар бэлэглэдэг. Жүжигт тоглосон охидын хувьд дүрдээ бэлтгэх, монологио өөрийн болгох үйл явцдаа өөртөө улам итгэлтэй болж, өөрийгөө илүүтэй эрхэмлэж, зоригтой дуугарч чаддаг болж өөрчлөгдөж байлаа. Миниий хувьд ч мөн адил ийм мэдрэмж төрсөн.
Жүжгээс олсон орлогыг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд өмгөөлөл, сэтгэл зүйн болоод хамгаалал зэргээр иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг улсдаа ганц байдаг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-д хоёр жил дараалан хандивласан ба гурав дахь жилийн орлогыг нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх бусад аяныг санхүүжүүлэхэд хандивласан юм.
Ийнхүү Монголын ТББ-уудад дотоодоосоо санхүүжилт босгож хандивлах, Монголчууд хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хандив өгдөг шинэ соёлыг дэлгэрүүлэх эхний алхам нь V-Day Улаанбаатар аяны "Үтрээний хүүрнэл" жүжиг болж чадсан билээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт