Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Ялтан шилжүүлэх тухай гэрээ соёрхон батлах тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтлэв.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Улсын Их Хурлын тогтоолоор, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг...эрхэлсэн ажил, албан тушаал...-оор ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Мөн дугаарт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буцаах тухай, Байнгын хорооны даргыг сонгох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Их Хурлын тогтоолоор, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Түүнээс гадна Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг, Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.
Энэ тогтоолд, нийт хүн амын дунд давсны хэрэглээ өндөр байгааг дурдаад, давс ихтэй хоол, хүнсний үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээ, зар сурталчилгааг хязгаарлах бодлого, эрх зүйн орчин бүрдээгүй, хоол, хүнсний давсны агууламжид тавих төрийн болон хүнс үйлдвэрлэгчийн дотоодын хяналт хийгдэхгүй зэрэг тулгамдсан асуудал байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тиймээс хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 2011 оны түвшнээс 30 хувиар бууруулахад энэ стратегийн зорилго оршиж байгаа ажээ.
Тогтоолд, стратегийн зорилго, зорилт юунд оршиж байгаа болон хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, санхүүжилт ямар байхыг тогтоож өгсөн байна. Түүнчлэн стратегийн удирдлага, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, шалгуур үзүүлэлтийг тодорхой тусгажээ.
Тухайлбал, стратегийг 2015-2025 онд хэрэгжүүлж, дунд шатны хэрэгжилтийн үнэлгээ, хяналт-шинжилгээг 2020 онд, төгсгөлийн шатны үнэлгээ, хяналт-шинжилгээг 2025 онд хийхээр тогтсон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт