Хөвсгөл нутгийн унаган хүү, сурагч Л.Сөрөлт дуучин болох чин хүсэл эрмэлзэлтэй. Дуучны мэргэжлийн их сургуульд элсэхээр хоног тоолон хүлээж байсан хаврын шар өдрүүдэд тус аймагт СУИС-ийн жүжигчний ангийн хуваарь ирснээр Л.Сөрөлт жүжигчин болжээ.
Шавилхан бондгор хүү нүүрэндээ цагаахан инээд тодруулж, “Шинэ-Үе” гэх их айлын тогооноос хооллон ард олондоо танигдсан. Тун ч удалгүй хошин урлагийн залуу жүжигчин Л.Сөрөлт нийтийн дуучдыг “ажилгүй болгох” дөхөн “Хөөрхөн” дуугаа А.Түмэн-Өлзийтэй хамтран дуулж, олон жил дарагдсан авьяасаа ил болгосон нь 2014 он. Б.Хүрэлбаатар, Д.Данзан нарын бүтээл “Хөөрхөн” дууг зөвшөөрөлгүй дууллаа хэмээн дууны эзэд болох Б.Энхбат, ӨМӨЗО-ны дуучин, Р.Отгонтуяа нар хэсэгтээ л гомдол санал гаргасан ч залуу хүмүүс Монголчуудад энэ дууг үнэхээр хүргэж чадсаныг хүлээн зөвшөөрч, оволзсон их уур бухимдал нь тэгсгээд намдсан гэдэг.
Ийнхүү адал явдалтай эхэлсэн жүжигчин Л.Сөрөлтийн нийтийн дуучны замналд өнөөдөр нэгэн онцгой үйл явдал тохиолоо. Энэ бол Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын “Хайрын тэнгэр диваажин” хэмээх анхны бие даасан тоглолт юм. Монгол бөхийн өргөөнд 9-ний өдөр эхэлсэн энэ тоглолтын тасалбар гурав хоногийн өмнө бүрэн зарагдсан бөгөөд үзэгчдийн суудал ч дүүрэн, бүр бөхийн дэвжээний талд нь сандал засч, үзэгчдээ суулгасан байлаа.
Үзэгчдийн дийлэнх нь ахимаг насны хүмүүс байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй бөгөөд зөвхөн Л.Сөрөлт хүүгээ үзэхээр ирсэн эгч нар, эмээ нар олон байсан юм. Тоглолтонд урилгаар ирсэн дуучид, мөн тоглолтын нэг гол дүр А.Түмэн-Өлзийгөөс илүүтэй Л.Сөрөлтийг л гэж түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрийг нь алдалгүй тосон авч, алгаа нижигнүүлж байгааг хараад дуучин С.Жавхлангийн олны хайр хүндэтгэлийг хүлээж, ээж нарыг уярааж явсан үе эрхгүй санаанд орлоо. Аниа нарын хайртай Л.Сөрөлт ирээдүйд С.Жавхлангийн шийрийг хатааж мэдэхээр байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт