Зурагтын үзүүлж буй нөлөө хүүхдийн нас наснаас хамааран харилцан адилгүй. Тухайлбал, 0-3 насныхан зурагтад хамгийн их өртдөг. Энэ үед бүхэл амьдралынх нь турш шаардагдах нийгэм, сэтгэл зүй, бие махбодийн зэрэг бүхий л шинжийг эзэмшиж авдаг учир маш чухал үе юм. Энэ насных нь үед үүссэн асуудал хойшдын амьдралд нь нөлөөлдөгийг эцэг, эх мэдэх шаардлагатай.
Бид хүүхэдтэйгээ хамт байх ёстой цагийг мартаж, амьгүй хэрнээ сонирхолтой хайрцагт автдаг. Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сайн гэж эндүүрэн хүүхдээ зурагттай нөхөрлүүлдэг хүмүүс бий. Хүүхэд “амьд” харилцаан дунд нийгмийн орчинд харилцааны үндэс болсон хэл, яриаг суралцах шаардлагатай. Тэд хайрлуулж, сэтгэл санааны дэмжлэгийг ээж ааваасаа л авах ёстойг санаарай.
Ямар ч шүүлтүүргүй мэдээллүүд, харгис хэрцгийллийг харуулсан кино, нэвтрүүлэг хүүхдийг түгшүүртэй, тавгүй байдалд оруулдаг. Тиймээс хүүхдүүдийнхээ үзэж буй нэвтрүүлэг, кинонд сайтар хяналт тавих хэрэгтэй.
Хүүхэд зурагтаар харсан зүйлсээ амьдрал дээр хэрэгжүүлэх гэж оролддог. Учир нь тэдний хийсвэр сэтгэлгээ хөгжөөгүй байдаг тул бодитоор хүлээж авдаг. Эцэг эхчүүд аль болох хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлж, тоглоом тоглох, ярилцах зэргээр тэднийг хайрладагаа мэдрүүлэх сайн үр дүнтэй.
Зурагтыг шаардлагагүй үед асаалттай орхих буруу. Томчууд энэ мэт буруу үйлдлүүдээ анзаарах нь бүү хэл манай хүүхэд зурагтаар гардаг рекламуудыг дуурайдаг, яг дагаж хэлдэг хэмээн хоорондоо сайрхдаг.
Зурагтаар цацаж буй реклам сурталчилгаанд хүссэн хүсээгүй тархи ачаалалтай ажилладаг тул ээж аавууд хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл үзүүлж, тэдэнд энэ талаархи сөрөг үр дагавруудын талаар ойлгуулах нь зүйтэй.
-Бусадтай харилцаж чадахгүй байх
-Эргэн тойрноо үл хайхрах
-Дуудахад харахгүй, харцаар харилцахгүй
-Бусдыг үл тоомсорлох
- Дороо эргэлдэх, найган ганхах
-Амьгүй эд зүйлст хэт их анхаарал хандуулах
-Өгүүлбэр зохиож, өөрийгөө илэрхийлж чадахгүй байх
Би хүүхдүүдээ зурагтны өмнө олон цаг суулаа гэж зэмлэдэггүй. Гэхдээ нийгмийн хар бараан, таагүй уур амьсгалтай мэдээллээс хол байлгахын тулд спорт, танин мэдэхгүйн нэвтрүүлэг үзэхийг зөвлөдөг. Хүү маань “Боловсрол” телевизээр гарч байгаа ”17 нас” ток шоу нэвтрүүлэг, охин хүүхэлдэйн кино үздэг. Телевизээр хүүхдэд хэрэгтэй, сэтгэлд нь нийцсэн нэвтрүүлэг бага гарч байна. Голдуу тулга тойрсон хэрүүл, ховын шинж чанартай, эсвэл хэн нэгнийг муулсан мэдээлэл цацаж залхаадаг. Хүүхэд мэдээллээс өөрт хэрэг болох зүйлээ авч байх ёстой. Гэтэл Монголд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан, тэдний хүсэл сонирхолд нийцсэн мэдээлэл гардаггүй. Хүүхэд гэлтгүй бид ч хангалттай мэдээлэл авч чаддаггүй шүү дээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гардаг ч ач холбогдол багатай байдаг. Хүүхдийн нэвтрүүлэг уйтгартай байж болохгүй. Нас, сэтгэхүйд нь тохирсон байх ёстой. Гэтэл зарим телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчийн хоолойны өнгө нэг хэвийн, эсвэл чанга дуугаар хашгирч ярих нь хүүхдийг ядраадаг. Телевизүүдээр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг орой гардаг. Би хүүхдүүдээ 22 цагаас хойш зурагт үзүүлдэггүй. Өнөөгийн хүүхдүүд гар утсаараа тоглоом тоглож, фэйсбүүк үзэн, интернэтээр амрах завгүй аялж байна шүү дээ. Энэ чинь нэг үгээр хэлбэл донтолт. Тархи нь ядарчихсан байх үед зурагт үзэхийг нь хязгаарлаж, амрах ёстой цагт нь унтуулах хэрэгтэй. Сүүлийн үед зурагтаар гарч буй хүүхэлдэйн кино хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж, хүмүүжилд нь буруу сэдэл өгч байна. Дайн байлдаан, харгис хэрцгийллийг сурталчилсан кино тэдэнд таалагдахгүй. Тийм зүйл үзүүлж байснаас үлгэрийн ном уншуулж, зурагт сэтгүүл харуулсан нь дээр
Охин маань өөрийнхөө сонирхсон нэвтрүүлгийг давтаж үзэх дуртай. Уран бүтээлчдийн дунд амьдардаг болохоор урлагийн, хөгжмийн нэвтрүүлэг голдуу үздэг. “Боловсрол” телевизээр гардаг “50 саяын уналт”, “Монгол” телевизийн “Би хэн бэ”, бас “Тог тог” хүүхдийн нэвтрүүлэг, TV9 телевизийн “Аанха” хүүхдүүдэд мэдлэг өгч чаддаг. Хүүхэдтэйгээ хамт суугаад кино үзэх хааяа санаа зовмоор байдаг. Телевизүүд хүүхдэд зориулсан гоё кино гаргаж байгаасай. Би охиноо 21 цагаас хойш зурагт үзүүлдэггүй. Хүүхдийнхээ үздэг зүйлд хяналт тавьж, тэдний хүсэл сонирхолд эцэг, эхчүүд зав гаргаж анхаарал хандуулдаг байх нь зүйтэй. Хүүхдээ телевизийн өмнө олон цагаар суулгаж, юу дуртайг нь үзэхийг зөвшөөрч болохгүй. Хүүхэд буруу ч байсан зөв ч байсан харсан зүйлээ бодитоор тусгаж авдаг. Тэдэнд хайр халамжаас гадна эцэг эхтэйгээ нээлттэй ярилцах чухал.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт