Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт нь 1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгуулийн үйл явцад нэг талаас зохион байгуулалцаж, нөгөө талаас нэр дэвшигчийн хувьд оролцож явсан агаад дөнгөж 23-хан настайдаа хамгийн залуу депутат, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болж байв. Тэр цагаас хойш тэрбээр Улсын Их Хуралд дөрвөн удаа сонгогдон ажиллаж байна. 25 жилийн өмнөх дурсамж, өнгөрсөн жилүүдийн сургамжийн талаар тэрбээр англи хэл дээр хэвлэгддэг "The Mongolian Observer" сэтгүүлтэй ийнхүү хуваалцжээ.
1990 оны сонгуулийн үйл явц, түүний онцлог
1985 оноос ЗХУ-ын Коммунист Намаас явуулж байсан өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал дээр суурилан социалист системийн орнуудад олон хөдөлгөөн өрнөж байсан тэр үед манайд 1989 онд ардчилсан хөдөлгөөн анх үүссэн. Ардчилсан хувьсгалын гол зорилтуудын нэг нь олон намын тогтолцоотой болох, улмаар олон намын суурин дээр чөлөөт сонгууль явуулж, Монголын ард түмэн төрөө өөрсдөө сонгож байгуулах явдал байсан юм. Тиймээс 1990 оны тавдугаар сард Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, МАХН удирдан чиглүүлэгч хүчин байсан, мөн МАХН, МҮЭ, МХЗЭ хууль санаачлах эрхтэй байсныг өөрчилж, хоёр танхимтай парламентын тогтолцоог бүрдүүлсэн. Парламентын сонгуулийг хийхдээ сонгуулийн хамгийн сонгодог хоёр системээр, тухайлбал, дээд танхим буюу АИХ-ыг мажоритар системээр нийт 430 депутаттай, доод танхим буюу 50 хүнтэй Улсын Бага Хурлыг пропорционал системээр байгуулах сонгуулийг 1990 оны долдугаар сард маш богино хугацаанд явуулж байсан. Мажоритар тогтолцоонд нэр дэвшүүлэх субьект нь ганц нам биш, олон нийтийн байгууллага, хамт олон зэрэг байсан бол харин байнгын ажиллагаатай Улсын Бага Хуралд зөвхөн намын нэрээр санал хураалт явуулсан.
1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгууль нь өөрийн түүхэн ач холбогдлоос гадна олон онцлог үйл явдлаараа Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.
Байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хуралд АИХ-ын депутат биш хүн сууж болохоор зохицуулаад, тойргоос сонгогдох депутатад 50-иас дээш хувийн санал авах шаардлагыг тавьж, хоёр үе шаттайгаар уг сонгуулийг явуулсан юм. Энэ сонгуулиар зөвхөн АИХ-ын депутатыг сонгоогүй, мөн аймгийн хурлын депутат, сумын хурлын депутатыг бас сонгосон. Өөрөөр хэлбэл, гурван шатны сонгууль, дээр нь намуудад өгсөн сонгууль гээд нийтдээ дөрвөн сонгуулийг зэрэг явуулсан онцлогтой. Түүнчлэн энэ сонгуулиар сонгуульд нэр дэвшүүлэх субьект нь дан ганц нам байгаагүй, харин олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олон чөлөөтэй нэр дэвшүүлэх эрхтэй байлаа. Тиймээс энэ сонгуульд маш олон хүн нэр дэвшиж өрсөлдсөн болохоор Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болсноороо бас онцлогтой.
Сонгуулийн бас нэг онцлог гэвэл, сонгуульд нэр дэвшээд 50 хувийн санал авч чадаагүй, эсвэл маргаантай байсан тойрог дээр дахин сонгууль явуулахад тэр тойрогт өөр хүн очиж өрсөлдсөн юм. Үндсэн сонгууль маань 22, 29-нд болоод дараа нь наймдугаар сард маргаантай тодорхой тойргууд дээр нөхөн сонгууль болсон.
Тухайн үед байгууллагаас нэр дэвшүүлдэг байсан болохоор сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн хүмүүсийг санахад дийлэнх нь сумын намын хорооны дарга, сумын дарга, байгууллагын дарга гээд тухайн байгууллага, хамт олон, нутаг орондоо хамгийн нэр хүндтэй гэсэн хүмүүсээ нам харгалзахгүйгээр нэр дэвшүүлэн сонгож байж дээ гэж би боддог. Тиймдээ ч 1990 оны АИХ-ын депутатыг сонгох сонгуулийг намын сонгууль болоогүй гэж би үздэг юм.
Тухайн үед байгууллага нэр дэвшүүлдэг байсан болохоор намайг Сэлэнгэ аймгийн ХЗЭ-ийн хорооноос нэр дэвшүүлж, би хамгийн залуу 23 настай АИХ-ын депутат болж байлаа. Надаас гадна МХЗЭ-ийн нам бус 30 гаруй залуучууд АИХ-д сонгогдож билээ. Бидний залуучууд нийлээд АИХ-д “Залуучууд ардчиллын төлөө” нэртэй өөрсдийн бүлэг-фракц байгуулан ажиллаж, би тэр бүлгийн даргаар бүтэн 2 жил ажилласан байдаг.
Сонгуулийн төв комисс
Тухайн үед би МХЗЭ-ийн Гүйцэтгэх хорооны дэд тэргүүн, одоогийнхоор бол Монголын залуучуудын байгууллагын дэд дарга байлаа. 1990 оны дөрөвдүгээр сард МХЗЭ-ийн онц их хурлыг хуралдуулж, залуучууд анх удаа удирдлагаа өөрсдөө сонгож, түүнээс хойш гурван сарын дараа парламентын сонгууль болсон юм. Миний хувьд залуучуудын байгууллагаа төлөөлж Сонгуулийн төв комисст ажиллаж, анхны ардчилсан чөлөөт сонгуулийг зохион байгуулахад оролцох хувь завшаан тохиосон.
Манай комисст улс төрийн бүх нам, олон нийтийн байгууллага, тухайн үеийн ажилчид, малчдын төлөөлөл,тухайлбал бүх намын удирдлага, МҮЭ, МХЗЭ, зохиолчдын эвлэл, Сангийн дэд сайд гэх мэт нийгмийн бүхий л салбарын төлөөлөл, тэр сонгуулийг явуулахад хэрэгтэй гэж үзсэн бүхий л хүмүүсийн төлөөлөл оролцсон. Комисс нь байнгын ажиллагаатай байгаагүй, бүгд л өөр өөрийн ажлаа хийдэг байсан ч байнга цугларч хуралддаг байлаа. Комисс маань сонгуулийг сайн зохион байгуулж, тэр ч байтугай тодорхой тойрог дээр гарсан маргааныг шүүхэд очихгүйгээр шийддэг байсан.
Анхны чөлөөт сонгуулийг зохион байгуулах Комиссын даргаар сансрын нисгэгч Гүррагчаа гуай, орлогч даргаар нь Хурметбек гуай ажиллаж байв. Хурметбек гуай ихэвчлэн хурлыг хуралдуулдаг, тэрээр маш өндөр шаардлагатай, бас наргианч хүн байсан. Надад олон сайхан сургаал хэлдэг байсан даа. Тухайн үед би 23-хан настай жаахан хүүхэд байсан ч тэр том хүмүүстэй хамт ажиллаж, өөрийн байр сууриа илэрхийлж, тэднээс их зүйлийг сурч туршлагажсан. Надад тэр үеэ эргэн дурсахад маш сайхан сэтгэгдэл төрдөг юм.
1990 оны анхны чөлөөт сонгуулийг үлгэр жишээ, сайн сонгууль болсон гэж би хувьдаа боддог. Энэ сонгуулийн үр дүнд бий болсон АИХ, Улсын Бага Хурал ч Монголын түүхэнд хамгийн үлгэр жишээ парламент байсан. Түүнээс хойш дөрвөн удаа сонгогдоод тэр бүртээ харьцуулалт хийгээд үзэхэд тэр үеийн хүмүүсийн юманд хандах хандлага нь маш сайхан, хүн бүр улс орноо ардчилсан, биеэ даасан улс болгоно, энэ үйлсэд гар бие оролцох нь бидний үүрэг гэсэн итгэл үнэмшил, чин сэтгэл, хичээл зүтгэл, бодол санаатай байсан юм. Мэдээж тэр үед олон зүйл харьцангуй шинэ, олон нам болон талцаж, элдэв хүндрэл бэрхшээл байсан ч тэд маань үүргээ сайн биелүүлсэн. Тиймээс сонгуулийн комиссын төв болон хэсэгт ажиллаж байсан бүх хүмүүстээ талархах учиртай. Яагаад гэхээр тэд маань ардчилсан төрийн тогтолцоог бий болгоход өөрийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг харамгүй зориулсан хүмүүс.
Түүнчлэн энэ сонгуулиар иргэдэд өмнө нь олгож байгаагүй тэр эрхийг нь олгосон болохоор хамгийн шударга, сонгогчдын оролцоо өндөр, идэвх санаачилгатай тийм уур амьсгалын дунд болж өнгөрсөн. Хүмүүсийн зан төлөв нь эвдрээгүй, сонгуульдаа чин сэтгэлээсээ оролцдог, сонгуулийн зардал ч бага, өнөөдрийнх шиг янз бүрийн сурталчилгаа, шоу гэж байхгүй, сонгуулийн сурталчилгаа гээд ганц ширхэг цаас тарааж байлаа шүү дээ.
Монголын сонгуулийн өнөөгийн байдал, сургамж
Монголын сонгуулийн үйл явцыг харахад сонгуулийн систем нь байнга өөрчлөгдөж ирсэн байдаг. 1990 онд мажоритар болон пропорционал, 1992, 2008 онд томсгосон мажоритар, 1996, 2000, 2004 онд сонгодог мажоритар буюу багасгасан 76 тойргоор, 2012 онд параллел тогтолцоогоор явсан.
Ийнхүү сонгуулийн систем өөрчлөгдөхөөр үйл явц нь мөн өөрчлөгдөх нь аргагүй юм. Бид сонгуулийн хуулиа байнга төгөлдөржүүлж ирсэн. Анх 75 хоног буюу хоёр сар гаруй хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг зөвшөөрдөг байлаа. Тэгэхээр хэн хамгийн их мөнгө зарна, тэр нь сонгогдох боломжтой байсан. Тиймээс энэ хоногийн тоог эхлээд 45, дараа нь 28 хоног болгож багасгасан. Мөн сонгуулийн сурталчилгаанд шоу, наадам, шашны зан үйл хийх явдлыг хязгаарлаж өгсөн. Эдгээр өөрчлөлт нь аль болохоор мөнгөтэй хүн сонгуульд ялдаг тэр боломжийг хааж өгсөн.
Дараа нь бид амлалтын асуудлыг цэгцэлсэн. Хэмжээ хязгааргүй, биелүүлэх бололцоогүй зүйлийг амладаг, тэр нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлдөг явдлыг 2004, 2008 оны сонгуулийн үр дүн харуулсан.
2008 оны сонгуульд АН сөрөг хүчин байхдаа ялна гэсэн хүлээлт их байсан ч иргэдэд олгох хувьцааны ногдол ашиг нь нэг сая төгрөгөөс доошгүй байна гэсэн сурталчилгаа хийсэн. Тэгэхээр Монгол ардын нам сонгуулийн сурталчилгааныхаа дундуур 1.5 сая төгрөг бэлнээр олгох бололцоотой гэж зарласан. Үүнээс үүдэн МАН олонх суудлыг авсан, улмаар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүсч, олон нийтийг хамарсан анхны үймээн дэгдэн, Монголын түүхэнд эмгэнэлт үйл явдал болж үлдсэн. Үүнээс сургамж авч 2012 оны сонгуульд улс төрийн намууд улсынхаа төсөв, улсын эдийн засгийн чадамжаас илүү зүйл амлахыг хязгаарласан зохицуулалтыг хийж өгсөн.
Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны явцад бусдын нэр хүндийг гутаах, санал худалдаж авах асуудлыг шүүхээр удаан шийдэгддэг тул хөлбөмбөгийн дүрэм буюу сонгуулийн тойргийн хороо шийддэг байхаар зохицуулсан боловч Үндсэн хуулийн цэц дээр очоод унасан, одоо маргааныг шүүхээр шийдэж байгаа.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд иймэрхүү алдаа дутагдлууд гарч байгаа ч бид аль болохоор хуулиа засаж сайжруулан боловсронгуй болгосоор байна, одоо ч ажилласаар байна.
Ер нь бид сонгуулийн системээ яаж төгөлдөржүүлэх вэ, иргэдийн өгсөн санал нь парламентад хэрхэн тусгалаа олох вэ гэдэг дээр байнга санал, зөрөлдөөн гардаг. Мажоритар системээ их шүүмжилдэг, учир нь 50 гаруйхан хувийн санал аваад нийт саналын 90 хувийг авч байсан тохиолдол хоёр ч удаа гарч байсан. Сүүлийн үед иргэд маань намын нэрээр сонгогдсон гишүүдийг намын нэрийн ард нуугдаж орж ирсэн хүмүүс гэж дэмжихгүй байх хандлага ихтэй болсон.
Сонгуулийн сурталчилгааны асуудал маш чухал. Улстөрчид зөвхөн тухайн сонгуулиар биш харин тасралтгүй, олон жилийн хөдөлмөрөөрөө сонгуульд оролцдог байх нь зүйтэй юм. Мөн сонгууль богино хугацаанд зардал багатай явагддаг, сонгуулийн ажлыг нээх, бүртгэх гээд техникийн процессыг албажуулахыг сурталчилгаа гэж тооцох нь зүйтэй санагддаг, гадны улс оронд ч бас ингэж үздэг юм билээ.
Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход цаашид анхаарах зүйл
Парламентад би таван удаа сонгогдохдоо Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд олон чухал хуулийн төсөл дээр ажиллаж, хэд хэдэн ажлын хэсгийг ахалж байсан. Мэдээж аль болохоор сайжруулахаар ажиллаж, гадаад орны туршлагыг их судалсан. Манай улс олон улсын сонгуулийн тогтолцоог судалдаг Шведийн Стокхолм хотод төвтэй IDEA байгууллагын гишүүн, тэр байгууллага дээр очиж лавлагаа, судалгаа авдаг, заримыг нь монгол хэл дээр орчуулж гаргасан бий. Энэ байгууллагатай байнга харьцаж, хамтарч ажилладаг.
Бидний өмнө дэлхий нийтийн туршлага байна. Бид ч олон системийг туршиж үзлээ. Үүнээс үзэхэд сонгууль ямар байх ёстой вэ гэхээр нэгдүгээрт, сонгуулийн систем нь сонгогчдод ойлгомжтой энгийн, хугацаа богино, зардал нь бага байх ёстой. Автоматжуулсан системийг хэрэглэснээр сонгуулийн дүнг маш богино хугацаанд гаргадаг болсон. Сонгуульд нэр дэвшигч нь автоматаар тоолсон дүнг зөвшөөрөхгүй бол саналаа гараар тоолох боломжийг Сонгуулийн тухай хуульд нэмж оруулсан. Хөгжлөө дагаад сонгуулийн хууль, сонгуулийн соёл маань сайжирч байгаа хэдий ч техник технологи, сошиал медиа хөгжихийн хэрээр сурталчилгаатай холбоотой, сонгуулийн дүнд нөлөөлж болзошгүй зохицуулалтгүй харилцаанууд үүсэх сул талууд мөн гарч ирдэг.
Сонгуулийг улс төрийн намын оролцоотойгоор хянах уу, энэ олон сонгуулиа зэрэг явуулах уу, Улаанбаатар, Дархан Эрдэнэтийг хот гэж үзвэл хотын захирагчийн сонгуулийг тусад нь явуулах уу гээд систем талаасаа ч, соёл, төвлөрлөөсөө шалтгаалаад дээрх асуудлуудыг хэрхэн шийдэх талаар бодох юм бий.
Манай том дутагдал бол дөрвөн жилийн хугацаанд хэт их улстөржиж байгаа явдал. Зун нь парламентын сонгуулиа өглөө гэхэд намар нь орон нутгийн сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгууль болдог. Дөрвөн жилийн хугацаанд ажил хийх бололцоотой нийт хугацааны ихэнхид нь сонгууль хийсээр байгаад дуусдаг. Тиймээс Засгийн газарт ажил хийх боломж, хугацаа дутагдаад байна.
Иймээс бид Үндсэн хуулийн өөрчлөлт дээр одоо ажиллаж байгаа. Энэ өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох, парламентын сонгууль дөрвөн жилд нэг удаа болох, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуулийг намын оролцоогүйгээр иргэд нэрээ шууд дэвшүүлэн сонгодог байхаар төслийг боловсруулж байна. Энэ өөрчлөлт хийгдвэл маш олон зүйл төлөвших учиртай.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаад зөвхөн сонгуулийн хууль биш бусад органик хуулиуд болох Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиа төгөлдөржүүлж байж бие биеэ нөхсөн зөв тогтолцоог бий болгож чадна. Өнөөдөр манайд сонгуулийн үр дүнд төрийн албан хаагчид хамгийн ихээр хохирч өртдөг, ингэснээрээ төр өөрөө бюрократ системээрээ төлөвшиж чадахгүй байгаа юм.
Хоёрдугаарт, сонгуулийн систем, тогтолцоо нь өөрөө тогтвортой байх нь маш чухал. Сонгууль болгоноор тогтолцоогоо өөрчилж байгаа нь олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Өндөр хөгжилтэй улсад сонгуулийн систем нь маш тогтвортой, ингэснээр иргэд нь сонгуулиа яаж өгөхөө сайн мэддэг болчихдог.
Энэ 25 жилийн хугацаанд бидний хувьд өсөлт, өөрчлөлт, дэвшил гарсан хэдий ч бидний хүлээж хүсч байсан түвшинд хүрсэнгүй. Бидэнд одоо байгаагаас илүү дэвшил, өөрчлөлт гаргах боломж байсан. Үүний шалтгаан нь хамгийн чухал институциудаа тогтвортой байлгаж чадсангүй. Судалгаагаар анхны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл Монголд 14 Засгийн газар ажиллажээ. Энэ 14 Засгийн газраас П.Жасрай болон Н.Энхбаяр Ерөнхий сайдын Засгийн газар тус бүр дөрвөн жил, бусад Засгийн газар нь дунджаар 1.3 жил ажилласан байна. Ингэж ойр ойрхон олон Засгийн газар өөрчлөгдөж байхад бид үр дүн хүлээх боломжгүй юм. Хөгжлийн үндэс нь Засгийн газрын болон бодлогын тогтвортой байдал, олон улсын хэллэгээр political stability, policy continuity гэж ярьдаг зарчим манайд үнэхээр алдагдсан байна. Төрийн залгамж чанар, институцийн ой санамж /institutional memory/ алга. Өмнө нь зөндөө хийгдсэн тооцоо, судалгаа, тогтолцоогоо үгүйсгээд, бүгдийг цоо шинээр хийж эхэлдэг нь дотооддоо төдийгүй сүүлийн үед гадны хөрөнгө оруулагчдыг эргэлзээнд оруулж байна шүү дээ. Тиймээс тогтолцоогоо, шийдвэр гаргадаг механизмаа сайжруулах хэрэгтэй, өөрөөр хэлбэл, улс төрийн тоглоомын дүрэм, журмаа өөрчилж, түүнийгээ тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай байна.
Энэ 25 жилийн хугацаанд Монгол Улс маань ардчилсан хувьсгал хийгээд эдийн засгийн болон улс төрийн өөрчлөлтийг хослуулаад (ингэж хослуулж хийх боломжгүй гэж зарим нь үздэг), энэ өөрчлөлтөө амжилттай хийж чадсан он жилүүд байлаа. Монгол Улсын өнөөгийн хөгжилд хувийн хэвшил, бизнес эрхлэгчид маш их үүрэг гүйцэтгэж, ачааны хүндийг үүрч явсан учир тэдэнд төр, ард түмэн талархах учиртай. Харин алдаа дутагдалд нь улстөрчид хариуцлага хүлээх нь зүйтэй.
25 жилийн сургамждаа үндэслээд Үндсэн хуульдаа бодитой өөрчлөлт оруулж, ирээдүй үедээ маш ойлгомжтой, шийдвэр гаргах тоглоомын дүрэм нь тодорхой тийм улс төр, эрх зүйн орчинг үлдээх нь өнөөгийн улстөрчдийн ирээдүйнхээ өмнө хүлээсэн үүрэг мөн гэж бодож байна.
Эх сурвалж: "The Mongolian Observer"
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт