Яг одоо миний ширээн дээр ходоодны хорт хавдраар бурхан болсон нэгэн ахын өдрийн тэмдэглэл дэлгээстэй байна. Тэрээр тэмдэглэлээ дуусгаж чадаагүй юм. Талийгаачийн гэргий энэхүү дэвтрийг өөрийнхөө зүрх мэт хайрлан хадгалсаар иржээ.
Эзнийхээ үнэн түүх, сэтгэлийн түмэн нууц, нандин бүхнийг хадгалсан энэхүү тэмдэглэлийг талийгаачийн сүүлийн үгээр гарчиглан, товчлон уншигч та бүхэндээ хүргэе.
2008 оны тавдугаар сарын 28.
Өнөөдөр миний 39, хүүгийн минь гурван насны ойн баярын өдөр. Гэвч баярлаж чадахгүй нь. Учир нь, би өнөөдөр 14 хоногийн өмнө өгсөн шинжилгээний-хээ хариуг авч, ходоодны хорт хавдартай гэдгээ мэдлээ.
Бид гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэхээр хотын төвд байрлах нэгэн ресторанд ширээ тойрон суув. Гурван настай хүүгээс минь бусдынх нь нүдэнд гуниг тодроод, хоол ч хоолойгоор нь давахгүй байгаа бололтой.
Би энэ өдрийг хэзээ ч мартагдашгүй өнгөрүүлэх учиртай. “Хамгаас хайртай хүмүүстэйгээ хамгийн сүүлчийн удаа ширээ тойрон сууж байгаа ч юм бил үү” гэсэн бодол толгойд харван орж ирэх бүрт би өөрийгөө хүчлэн инээмсэглэж байлаа. Гэвч миний сэтгэлийг юу ч хөдөлгөхөө больжээ.
Нарт хорвоо дээр өнгөрүүлсэн 39 жил, басхүү цаашид гэрэлт нарыг харах өдрүүдээ сэтгэлдээ зураглан бодлоо. Цаг хугацаа ямар хуурамч юм бэ. Жаргаж, зовж, гуниглаж, баярлаж туулсан 39 жил минь ресторанд суугаад, гэртээ ирэх гуравхан цагт л багтчих гэж.
Эмч “Ходоодны хорт хавдар хоёрдугаар шатандаа ороод зогсохгүй, зарим эрхтэнд тань үсэрхийлсэн байна. Гадаадад эсвэл монголдоо яаралтай хагалгаа хийлгэхгүй бол оройтож мэднэ” хэмээн зөвлөсөн учир эхнэр минь гэртээ ирмэгцээ л интернэт орж, хагалгаа хийлгэх газар судалж эхэлсэн. Тэр компьютерийнхээ дэлгэцэнд нүүрээ наах шахам тулж суучихаад, бүхнийг хичээнгүйлэн уншиж, хажуудаа тавьсан цаасан дээрээ зарим зүйлийг тэмдэглэж байна.
Тайван байхыг хичээж байгаа нь илт боловч сэтгэлийг нь бүчин авсан айдас харцанд нь тодроод, үйл хөдлөл бүр нь яаруу тэвдүү, болхи харагдана. Ойр дотны минь хүн бүр сандарч тэвдэж байгаа энэ мөчид би тайван байж, тэднийхээ сэтгэлийг зовоохгүй байх учиртай.
2008 оны зургаадугаар сарын 20.
Хоёрхон хоногийн дотор хагалгааны мөнгө, бичиг баримтаа бүрдүүлээд, дайн дажнаас дүрвэх мэт яаруу сандруу гэрээсээ гарсан тэр өдрөөс хойш 19 хоног өнгөрчээ.
Одоо би Сингапурын нэгэн эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Би зургаадугаар сарын 2-нд хагалгаанд орсон ч арав хоногийн дараа хүндрэл өгч, түгжрэл үүссэнээс цээжээ дахин нээлгэсэн юм.
Наашаа нисч явахад миний сэтгэл дотор “Би нэг бол хүний газарт ясаа тавина. Үгүй бол эв эрүүл, сав саруул болчихоод хоёр хүүдээ очно” гэсэн бодол өөд өөдөөсөө харж суучихаад, “Чи ялах уу, би ялах уу” гэж байгаа юм шиг л санагдаж байж билээ. Юутай ч би нарыг дахин харлаа.
Бүтэн 20 хоног цурам ч хийлгүй сахисны эцэст ухаан орсонд минь сэтгэл нь амрав бололтой, миний хөлд хэвтээд, хэсэг зуур зүүрмэглэх гэргийн минь нүүрэн дээр нарны туяа тусчихаж. Яасан үзэсгэлэнтэй юм бэ, чи.
2008 оны долоодугаар сарын 1.
Хагалгаа хийлгэх үед цусаар дамжин хорт хавдар дотор эрхтэнд үсэрхийлсэн тул химийн тариа хийлгэхээр Сингапурыг дахин зорив.
Эхнэр минь интернэтэд орж үзээд, МАХН-ын байр шатаж, асар олон залуу цагдаа нар руу шил, чулуу нүүлгэж буй аймшигт бичлэг олж үзлээ. Ямар аймаар юм бэ. Магадгүй, эрэгтэй дүү нарын минь нэг нь тэнд явж байгаа юм биш биз гэсэн бодол сэтгэл хирдхийлгэв. Энэ бодол намайг хором ч тайван байлгахгүй байснаас Монгол руу ярилаа. Ашгүй, зуны дэлгэр цаг тул дүү нар маань зусландаа байна.
“Сонгууль будлиантай болсон байж магад” гэсэн ард түмний хардлага сэдэрчээ.
Миний сэтгэлд ч бас үдэш бүр “Маргаашийн нарыг үзэх болов уу” гэсэн хар төрсөөр сар гаруйн хугацааг ардаа үдлээ.
Амьдрах хүсэл, аймшигт өвчин хоёр миний баруун, зүүн гараас зуурчихаад хоёр өөр зүг рүү чангаан чаргууцалдсаар удлаа. Хэн нь ялах бол. Эсвэл эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлын золиос болсон энэ л залуус шиг амьдрах хүсэл, аймшигт өвчин хоёрын дунд явагдах энэ тэмцлийн золиос нь миний бие юм болов уу.
2008 оны долоодугаар сарын 11.
Химийн тариа анх хийлгэснээс гурав хоногийн дараа орны цагаан даавууг минь унасан үс бүччихсэн, хамаг яс хэзээ мөдгүй салж унах гэж байгаа юм шиг янгинаад л, толгой яг одоо л дэлбэ үсрэх гэж байгаа мэт өвдөж байхад “Би энэ бүхнийг тэсвэрлэж чадахгүй нь ээ” гэж бодож билээ. Гэтэл би өнөөдөр гэр бүлийнхнийхээ хамт Санзайн амралтад ирчихээд, монгол түмний уламжлалт наадам гэдэг сайхан баяраа тэмдэглэж байна.
Бүгд баярлаж байна. Надаас дутуугүй шаналж, сэтгэлээ шархлуулж яваа гэргий минь хүртэл бага хүүгээ тэврээд, нүүр дүүрэн инээмсэглэж сууна. Өдрөөс өдөрт эрхтнээс эрхтэнд үсэрхийлэн, хэдэн арваараа үржих өт хорхой мэт хорт хавдар биеийг минь зовоож байна. Гэтэл нөхрийнх нь өвдөлт, зовлон шаналал энэ бүсгүйн сэтгэлийг хорт хавдраас ч дутахааргүй шархлуулж, тарчлаан зовоож байгаа биз ээ.
Гэвч бие засч чадахгүй байгаа намайг шээлгэх гэж 00-ын өрөөнд бүтэн цагийн турш аяганаас аяганд ус гоожуулж, ухаангүй хэвтэх намайг сахин, орны минь хажууд цурамхийлгүй хонож байсан мөчөө бүрмөсөн мартчихсан мэт гэргий минь инээмсэглэж сууна.
Бүх зовлон гуниг манай гэр бүлээс нэгмөсөн холдон одсон мэт санагдаж байх чинь.
2008 оны арваннэгдүгээр сарын 20.
Химийн тариаг зургаан удаа л хийлгэх ёстой. Би зургаа дахь удаагаа хийлгэсэн ч эмч нар “Дахиад хэд тариулаад үзэх үү” гэсэн санал тавьсан нь амь тавьчих шахам бөхөлзөж байсан сэтгэлийн минь гал дээр цучил нэмэхтэй адил зүйл болсон юм.
Хань минь “Хэзээ ч тавихгүй” гэсэн мэт миний гараас тас атгачихаад, бодолд автаад суу¬чихаж. Нөгөө гараараа мөрөнд нь зөөлөн хүртэл давхийтэл цочоод, өөрийгөө хүчлэн инээмсэглэж байна.
Анх 90 кг жинтэй байсан би 50 кг болтлоо турж эцсэн ч дахиад ганц сар ч гэсэн амьд явах найдвар байгаа л юм байна.
2008 оны арванхоёрдугаар сарын 13.
Хэсэг дугхийчихэж. Яагаад ч юм, үхээд босч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Цав цагаан тааз дээрээс цоо ширтэж, тавилгаа зарсаар ханхайж хоосорсон өрөөний минь дөрвөн хана сэтгэл сэрдхийлгэв. Сэрэх бүрт хань минь орны хажуу дахь сандал дээр сууж байдагсан. Тэр минь эзгүй байна. Эргэн тойрноо хэчнээн ажаад ч амьд амьтан олж харсангүй.
“Ханийн минь турьхан бие энэ их зовлонг яаж дааж яваа юм бол доо. Нэг л өглөө сэрэхэд минь хоёр хүүхдээ дагуулаад, намайг орхиод явчихсан байх вий” гэсэн айдас минь биелж байх шиг. Намайг ганцааранг минь орхиод явчихлаа гэж үү. Үгүй байлгүй дээ.
Хамаг бие хөшчихөөд, гараа хөдөлгөхөд хүртэл хэцүү байсан ч хараа хүрэх газар бүрээ нүдээрээ “нэгжлээ”. Эцсийн хүчээ шавхан “Хань аа…, миний хань аа…” гэж дуудсан ч хариу алга. Ам цангаж, хөл, гарын яс янгинана.
Гэвч “Байхгүй байна. Явчихаж” гэсэн бодол “Үгүй” гэсэн итгэл рүү минь довтолсоор, хэдхэн хормын дотор сэтгэлийг минь бүхлээр нь эзлээд авчих нь тэр. Амьсгалах тоолондоо “Явчихжээ” гэсэн бодолдоо үнэмшиж, хамаг өвчнөө мартаад “Хань аа… Хань аа” хэмээн хамаг тэнхээгээрээ хашхирлаа. Хариу алга.
“Тэмдэглэлийн дэвтэрээс минь өөр хань надад үлдсэнгүй дээ” гээд цэг тавьж амжаагүй байтал хаалга сэвхийтэл онгойв. Амь, амьдрал минь… Гэрэл гэгээ минь… Нарыг бус чамайг л харах гэж өглөө бүр эцсийн хүчээ шавхан байж нүдээ нээдгээ сая л ойлгов.
2008 оны арванхоёрдугаар сарын 25.
Өдөр ирэх тусам хүн биш араатан шинж рүүгээ ойртож байгаагаа мэдэрнэм. Өвдөж шаналсандаа уур уцаар, бухимдлаа ойр дотныхондоо гаргах болов.
Ханхайж хоосорсон өрөө, хоног өнгөрөх тусам намайг өөр рүүгээ сорох мэт улам бат бөхөөр зууралдах болсон модон ор, сэрэх бүрт “үхэл”-ийг санагдуулах цагаан тааз, нүдний өмнүүр хором бүрт бүртэлзэж, надад үйлчлэн гүйх хамаатан саднууд, тэр ч бүү хэл, хамгаас хайртай гэргий, хоёр үр минь хүртэл сэтгэл дулаацуулахаа больчихлоо гэж үү дээ.
Гэргий минь урьдын адил залуу сайхан, гоо үзэсгэлэнтэй байхаа больжээ. Өдрөөс өдөрт нүднийх нь гал буурч, царай нь зэвхий даан, хэтэрхий хүнд зовлонд нуруугаа нухлуулж, сэтгэлээ эмтлүүлсээр байгаад 35-тай биш 75-тай юм шиг харагдах болж.
Цэл залуухан чиний минь үс цал буурал болчихсоныг би дөнгөж өчигдөр л олж харлаа. Ийм болоод дөрөв хоножээ. Гэтэл би өнөөдөр л үүнийг анзаарлаа шүү дээ.
Харсан хүн бүрийн харааг булааж, сэтгэлийг гижигдсэн, гунхсан сайхан бүсгүй байхад чинь би чамтай амьдралаа холбож билээ. Хамтдаа өнгөрүүлсэн арван хэдэн жилийн туршид чи минь нэг өдөр, ганц хоромд ч надад муухай харагдаж байсангүй. Гэтэл амьдрал чамайг минь жил хүрэхгүй хугацаанд даанч гамгүй “эдэлжээ”.
2009 оны нэгдүгээр сарын 05.
Химийн тариаг арав дахь удаагаа хийлгэсний дараа сингапур эмч эхнэр, бид хоёрын нүд рүү харж байгаад “save your money for your children” гэж хэллээ.
Энэ бол “Та мөнгөө эмчилгээнд зориулах хэрэггүй. Одоо танд ямар ч эмчилгээ тус болохгүй” гэсэн үг байсан юм. Найдвар үлдсэнгүй дээ.
Химийн тариаг миний биеэс хурдан гадагшлуулахын тулд хаа байсан Зайсангаас 10 литрийн хоёр сав барин үүр цүүрээр вокзал руу гүйж, жил шахам хугацаанд хором ч цурамхийлгүй намайг асарч тойлохын зэрэгцээ эмчилгээг минь таслахгүйн тулд амсхийлгүй ажиллаж, өөрөөсөө бусдыг худалдаж, арга ядахдаа таньдаг хүн бүрээсээ мөнгө зээлж, 35-хан насандаа цал буурал болтлоо зүтгэсэн ханийн минь зүтгэл талаар өнгөрлөө.
Ханийнхаа хайр, зүтгэлийн хариуд би сэтгэлийн шархнаас өөр юу ч өгч чадсангүй…
2009 оны хоёрдугаар сарын 10.
Керосин ууж, “хундам” хэмээх тариа хийлгэж, бензин уухаас бусдыг л үзлээ. Хэзээ ч итгэдэггүй байсан шашиндаа итгэж, хар, шар, улааны талын бүх лам, бөө, удганд хандаж, юу сайн гэнэ, тэр бүхнийг хэрэглэж үзлээ. Нэмэр алга.
“Одоо больё доо” гэж бодовч “Эрүүл болчих болов уу” гэсэн итгэл минь намайг дахиад л дараагийн “найдвар” руу хөтөлнө.
Хүний туйлын хүсэл бол амьдрах л юм байна. Дааж, давшгүй зовлон гэж байдаггүй. Амьдрах хүсэл тэр бүхнийг давж гардаг юм байна. Магадгүй, энэ ертөнцөөс одсон хойноо л амьдрах хүсэл минь үхэлд “ялагдсаныг” хүлээн зөвшөөрөх биз.
2009 оны гуравдугаар сарын 15.
Бие минь хорт хавдарт бууж өгч байна. Сэтгэлийн минь гал ч бөхөж байна. Цаашид энэ их өвдөлтийг тэсвэрлэж чадахгүй нь.
Өвдөх бүртээ үхмээр санагдана. Гэвч бүтэн арван сарын турш ганц ч хором дугхийлгүй, “үхэлд чамайгаа өгөхгүй” гэсэн мэт гараас минь тас атгачихаад тавихгүй байгаа хайртай гэргий, эрүүл саруул болоод, босоод ирэхийг минь хүлээн, нүдээ бүлтэлзүүлж зогсоо үрсээ бодохоор амьдармаар байна.
Би хэчнээн өвдөж зовж байсан ч, та нарынхаа төлөө амьд явах ёстой. Хорь ч хүрээгүй насанд чинь үрийнхээ эх болгож, “Чамайгаа үүрд жаргаана” гэж амласнаа бодохоор надад үхэх эрх ч байхгүй.
Амлалтаа биелүүлж чадалгүй дааж давамгүй зовлон амсуулсныхаа хариуд үлдсэн насанд чинь жаргал эдлүүлэхийн тулд амьд үлдэх ёстой. Бяцхан үрсээ хүний зэрэгт хүргэж, эр хүн, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхийн тулд би амьдрах ёстой…
Түүний тэмдэглэл “…би амьдрах ёстой” гэсэн энэ л өгүүлбэрээр төгсчээ. Гэвч тэрээр тэмдэглэлдээ дахин ганц ч цэг тавьж чадалгүй байсаар 14 хоногийн дараа бурхны оронд одсон юм.
Нийтлэлийн маань баатар амьдралынхаа сүүлчийн мөчүүдийг Хавдар судлалын эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт өнгөрүүлжээ.
Түүнийг амьсгал хураах мөчид толгойг нь түшиж суусан гэргий нь “Хүн эцсийн амьсгалаа авч байхдаа ч амьдралаас нэгмөсөн явж байгаатайгаа эвлэрч чаддаггүй юм билээ. Нүдээ бүлтийлгэн ширтэх үрс, хөлийг нь бүлээцүүлж, гараас нь атган суух аав, ээж, толгойг нь түшиж суугаа намайг бодохоор түүнд үхэх эрх байхгүй мэт санагдаж байсан биз. Үхэлтэй тэмцэлдсээр байгааг нь харсаар суугаа бид ч дээд, доод даралт зэрэг унасаар, 00 болох мөчид ч үхэж байгаатай нь эвлэрч чадахгүй байсан” хэмээн ярилаа.
Дөрвөн жилийн өмнө хорвоогоос одсон ханийнх нь өдрийн тэмдэглэлийг гуйж уншчихаад, бас л санаа амрахгүй, бэлэвсэрсэн бүсгүйн сэтгэлийг “онгичиж”, “Ханиа эрүүл болгохын тулд үсээ бууралттал зүтгэсний чинь үр дүн гарсангүй дээ” хэмээн шархыг нь хөндсөндөө сэтгэл дотроо багагүй гэмшиж байлаа.
Гэвч “Юу гэж хариулах бол” гэсэн хүсэлдээ хөтлөгдөн, түүн рүү зориг муутайхан харвал “Намайг “Нөхрийнхөө толгойг залгисан эмэгтэй” гэж интернэт сайтын сэтгэгдэл дээр бичсэн байсан” гээд санаа алдав.
“Миний нөхөр тамхи татаж, архи уудаггүй. Хавдар байтугай тоос ч биед нь халдамгүй цэвэрч нямбай хүн байсан даа. Гэвч бурхан хүний амьдралыг зурчихдаг бололтой.
Хань минь бурхан болоод дөрвөн жил болох гэж байна. Миний болоод хөвгүүдийн минь сэтгэлийн шарх аниагүй байна. Аних ч үгүй биз.
Хүмүүс намайг муугаар хэлж, юу ч гэж ойлгож болно оо. Хам¬гийн гол нь би ханиасаа “үхэж болохгүй” даалгавартай үлдсэн. Бага хүүгээ насанд хүрч, амьдралтайгаа залгатал дор хаяж 20 жил амьдрах ёстой. Тэгэхийн тулд өөрийгөө болоод хүүхдүүдээ эрүүл байлгаж, аюулгүй байдлаа хором бүрт хянаж байх учиртай. Би түүнийгээ бурхан болсноос хойш хүүхдүүдийнхээ хамт жил бүр бүрэн шинжилгээ өгдөг болсон.
Монголчууд бид өвдөхгүй л бол эмчид очдоггүй. Хань минь ганцхан жил, эсвэл сарын өмнө хорт хавдартайгаа мэдсэн бол өнөөдөр амьд сэрүүн сууж байх ч байсан юм бил үү. “Гэр бүлээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлаж, хэдийгээр өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг ч энэ биеэ эрүүл байлгах хэрэгтэй юм байна” гэдгийг л би хамгийн сайн ойлгосон доо” хэмээсэн юм.
Эх сурвалж: Ц.Баттуяа “Өглөөнийн сонин” №240
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт