Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийг баталлаа
Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндсэний стратегийг баталж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг зохицуулж ажиллахыг Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбатад үүрэг болголоо. Энэхүү стратегийг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Оюуны өмчийг бий болгох, хамгаалах, ашиглах удирдлага, менежмент, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэж, оюуны өмчийн талаарх мэдлэгийг нийтэд дэлгэрүүлэн хүртээмжтэй болгох, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг бодитоор дэмжих, оюуны өмчийн хамгаалалтын эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх бодлогыг Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд цогцоор нь шийдвэрлэх зорилгоор энэхүү стратегийг боловсруулж баталлаа.
Концессын гэрээ байгуулах эрх олголоо
Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төслүүдийн концессын гэрээг байгуулахыг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа.
Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км автозамын төслийн концессын гэрээг “Чайна рейлвэй ферст групп”, Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км хатуу хучилттай автозамын төслийн гэрээг “CTU Bohemia” компанитай байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Энэ хоёр төслийн хэрэгжүүлэгч тал үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ цуцлагдаж, Концессын тухай хуулийг үндэслэн шууд гэрээ зарлажээ. Энэ хоёр төсөлд нийт 18 компани саналаа ирүүлснээс шаардлага хангасан хэмээн дээрх хоёр компанийг сонгосон байна.
Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа
Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Шадар сайд У.Хүрэлсүхэд, гадаад орон, олон улсын байгууллага, хандивлагчдын зээл тусламжийн тодорхой хэсгийг хөтөлбөрт чиглүүлэх, дотоодын эх үүсвэрээс гаргах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгаж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.
2015-2025 онд тус хөтөлбөр хэрэгжсэнээр гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангаж, тэдний ойлголт, мэдлэг, чадварыг дээшлүүлэн, гамшгийн эрсдэлийг бууруулж, ард иргэдийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бий болгож, учирч болох эрсдэлийг хүлцэх хэмжээнд хүртэл бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийн төслийг хэлэлцлээ.
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, иргэний ардчилсан нийгэм байгуулан хөгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн монгол төрийн ахмад зүтгэлтнүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс төрийн албан тушаал хашаагүй бол төр, засгийн дээд байгууллага, албан тушаалтанд зөвлөхөөр урьж ажиллуулж, тэдний мэдлэг, туршлагаас суралцаж, санал бодлыг нь сонсч байх нь зүйтэй гэж тус зарлигийн төслийг санаачлан боловсруулжээ.
АНУ, ИБУИНВУ-д хийсэн Ерөнхий сайдын ажлын айлчлалын дүнг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны зургадугаар сарын 23-27-нд АНУ-д, зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-нд ИБУИНВУ-д тус тус ажлын айлчлал хийсэн. Айлчлалуудын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.
Эдгээр айлчлал нь манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын гуравдагч хөрш улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Эдгээр айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо
Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар танилцууллаа
Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, удаашралтай болон тасарч байгаа заалтын биелэлтийг эрчимжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Монгол Улсын хууль, УИХ-ын болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт ерөнхий дүнгээрээ 83,2 хувьтай гарчээ.
Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы XX бага хурал манай улсад болно
Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганы (АНДЧ) ээлжит XX бага хурал ирэх сард манай улсад болж, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс зохион байгуулна. Ингэснээр манай улсын Хүний эрхийн үндэсний комисс 2015-2017 онд АНДЧ-ыг тэргүүлэн ажиллана. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдоход эерэг хүчин зүйл болох ажээ.
Хуралд 20 гаруй орны 150 орчим төлөөлөгч оролцоно. Хурлын зохион байгуулалтын зардалд шаардагдах 20 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
Товч мэдээ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт