Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан төрийн дайллага өчигдөр боллоо.
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэмсэг хатагтай ноёд оо,
Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Эртний түүхтэй Монголын үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүрэлцэн ирсэн Та бүхэнд хувиасаа болон гэр бүлийнхээ өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайны ерөөл өргөн дэвшүүлье. Та бүхэнд энэ сайхан үдшийн чин сэтгэлийн мэнд хүргэе!
Монгол наадам бол монгол зоны туулсан түүх, бүтээсэн соёл, ухаарсан мэдлэгийн охь юм. Монголчууд бахархлыг бадрааж, золбоо хийморийг хайрладаг монгол наадмаараа үгийн сайныг хэлэлцэн, дээлийн шинээр гоёж баярладаг билээ. Монголын наадам өнөө дэлхийн наадам болж, холын газар, усны уртаас олон хэлийн зочид морилон саатаж, монгол соёлыг гайхан биширч байна.
Энэ жил Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой тохиож буйг баяр дээр баяр нэмэн сонордуулъя. Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг монгол хүн бүр 25 жилийн тэртээ анхны ардчилсан, чөлөөт бүх нийтийн сонгуульд оролцож, сонгох, сонгогдох эрхээ эдэлж байсан. Иргэдийнхээ чөлөөт сонголтоор эх орныхоо төлөө зүтгэнэ гэдэг хүмүүн заяанд тохиох ховорхон хувь бас ухрах эрхгүй хариуцлага билээ.
Хүний гаргасан замаар явах амархан боловч төөрч мэднэ, өөрийн зассан замаар явах сорилттой хэдий ч хүрч чадна. Монгол Улс өв уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний хөгжил дэвшил, ололт амжилттай хөл нийлүүлж урагшилж явна. Бидний ололт амжилт бол монгол хүн бүрийн ололт амжилт төдийгүй манай орон, байгууллага, ард иргэдтэй хамтран ажилладаг түншүүдийн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм.
Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагын хүндэтгэлийн сүүн хундагыг дэлхий ээж маань энх амгалан байхын төлөө, улс монгол маань мөнх амгалан оршихын төлөө, хүн бүрийн бие эрүүл, ухаан саруул байхын төлөө өргөе.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт