ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ, БРИКС-ийн уулзалтад оролцож байна /Тойм мэдээ/

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Уфа хотод хүрэлцэн ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотноо болох ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор өнөөдөр орон нутгийн цагаар 10.45 цагт тус хотод хүрэлцэн ирлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Уфа” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Г.Зоригт, ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан улсын Тэргүүн Р.З.Хамизов, Гадаад хэргийн яамны Төрийн ёслолын газрын захирал Ю.А.Филатов тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэн угтаж, Башкир үндэсний хувцастай бүсгүйчүүд талх, давс барин тавтай морилохыг урилаа.

    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын Ерөнхийлөгч М.А.Гани нартай уулзах юм.

    Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар гурван талт уулзалт хийнэ.

    Өнөөдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евроазийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцохоор шахуу хөтөлбөртэй ажиллаж эхэллээ.



    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Афганистаны Ерөнхийлөгч М.А.Ганитай уулзав

    ОХУ-ын Уфа хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан,  БРИКС-ийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Афганистаны Ерөнхийлөгч М.А.Ганитай уулзав.

    Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Афганистан Улстай уламжлалт найрсаг харилцаагаа хамтын ажиллагааны шинэ чиг баримжаагаар баяжуулан хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Тухайлбал, хоёр талын харилцааг улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтойг тэмдэглэв.

    Хоёр талын харилцаа мөн энхийг сахиулах чиглэлээр хөгжиж байгаа юм. Монголын дайчид 2003 оноос Афганистанд энхийг сахиулах үйлсэд оролцож ирсэн бөгөөд 2010 онд Афганистан дахь аюулгүй байдлыг дэмжих НҮБ-ын мандаттай олон улсын хүчний ажиллагаанд цэрэг хандивлагч 45 дахь орноор албан ёсоор зөвшөөрөгдсөнийг уулзалтын үеэр дурдлаа.

    Хоёр орон батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанаас гадна эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарт төсөл хэрэгжүүлэн хамтран ажиллах боломжтойг уулзалтын үеэр хоёр орны Төрийн тэргүүн тэмдэглэж байлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч  энэхүү уулзалтын  үеэр “Эрхэм Ерөнхийлөгч тантай уулзах боломж олдсонд миний бие туйлын их баяртай байна. Манай хоёр орны харилцаанд сүүлийн үед гарч буй гурван амжилтын талаар дурдъя гэж бодож байна.

     2013 онд Беларусь Улсын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилсан. 2014 онд Беларусь улс Монголд Элчин сайдын яамаа нээсэн. Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс өнгөрсөн хугацаанд гурван удаа амжилттай хуралдаж, хоёр талын асуудлыг ярилцлаа. Беларусь, Монгол хоёр улсад  адил төстэй талууд бий.

    Манай хоёр улс хоёулаа далайд гарцгүй,  цөмийн зэвсэггүй. Мөн зах зээлийн эдийн засаг руу хамтдаа шилжсэн. Хоёулаа том гүрнүүдийн дунд байдаг. Ийм адил талууд байгаа юм. Манай хоёр орны харилцааг идэвхжүүлэх давуу талууд байна. Монголчуудын хөдөө аж, ахуйн салбарт хэрэглэдэг “Беларусь 80” гэдэг трактор байдаг. Авто тээврийн салбарт МАЗ самосвал машиныг хүмүүс мэднэ. Мөн уул уурхайн салбарт БЕЛАЗ самосвалыг мэддэг. Нэг үе Монгол айл, өрх бүрт “Минск” гэдэг хөргөгч байдаг байсан. Мөн малчид “Минск” мотоциклийг их өргөн хэрэглэдэг байлаа. Энэ мэт давуу талууд байдаг. Азийн орнуудаас Беларусь Улсын бүтээгдэхүүнийг хамгийн сайд мэддэг орон бол Монгол юм.

    Ингээд манай талаас хэд хэдэн харилцааг хөгжүүлэх хүсэлттэй байна. Беларусь бол Евразийн эдийн засгийн холбоог үндэслэгч орон. Тийм учраас энэ комиссыг даргалдаг танай орноор дамжуулан бусад оронтой харилцахыг хүсч байна.

    Цаашид Монгол, Беларусийн хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан болон бусад салбарт улам баяжуулан хөгжүүлэх нөөц бололцоо бий” гэлээ.

    Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко “Монгол Улсын Ерөнхийлөгч таныг би телевизээр олон удаа харж, олон удаа таны тухай сонсч байсан. Өнөөдөр ийнхүү нүүр учран уулзаж байгаадаа баяртай байна. Энэ уулзалтаар бид цаашдын харилцаа, хамтын ажиллагааныхаа талаар ярилцах боломж нээгдэж байна. Хоёр талын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуйн машин механизм нйилүүлэх болон бусад чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий” хэмээв.

    БРИКС-ийн уулзалт дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БРИКС, Евразийн эдийн засгийн холбоо, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төр, засгийн тэргүүн нарын хамтарсан уулзалтад оролцож, үг хэлэв. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг 5 орны төрийн тэргүүн нарын оролцсон тус уулзалт нь анх удаа ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаантай зэрэг зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Бүс нутаг төдийгүй олон улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулахуйц улсуудын төрийн тэргүүн нар хамтран чуулж байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал түлхэц үзүүлнэ гэж Монголын тал үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ дурдав. Монгол Улс Евроазийн бүс нутгийн хөгжлийн интеграцид идэвхтэй оролцогч улсын хувьд тус уулзалтад оролцов.


     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй