Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ.
Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 59 жилийн хугацаанд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас анх удаа Төрийн тэргүүний түвшинд түүхэн айлчлал хийж буйг онцлон тэмдэглэв.
Төрийн тэргүүдийн ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.
Өргөтгөсөн хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Р.Жигжид, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Мьянмарын бүлгийн дарга Ц.Оюунгэрэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан нарын зэрэг албаны хүмүүс, Мьянмарын Холбооны Улсын талаас Гадаад хэргийн сайд Вунна Маун Лвин, Мэдээллийн сайд Е Хтуг, Уул уурхайн сайд Минт Аунг, Үндэсний төлөвлөлт, эдийн засгийн хөгжлийн сайд Кан Зау, Зочид буудал, аялал жуулчлалын сайд Хтау Аунг нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болов.
Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээлэлдээ
“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч У Тейн Сейн болон Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад айлчлал хийж байгаа төлөөлөгчдийн энэ өдрийн амгаланг айлтгая. Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаа нь энэхүү айлчлал юм. Ирэх жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болно.
Бид олон салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой. Үүнээс уул уурхай, эрчим хүчний салбарыг онцолж хэлье. Энэ чиглэлд бид бизнесийн төлөөлөгчид солилцох гэж байна. Мөн энэ чиглэлд хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулъя гэж ярилцлаа. Хоёр орны хооронд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжих их ирээдүй бий.
Ингээд Эрхэмсэг Ерөнхийлөгч болон хүндэт төлөөлөгчдийг манай оронд тавтай морилохыг дахин урьж байна. Баярлалаа” гэлээ.
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээлэлдээ
“Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэндээ баяртай байна. Энэхүү айлчлал нь Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын талаас Монгол Улсад Ерөнхийлөгчийн түвшинд хийж байгаа анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Энэ төрийн айлчлалынхаа үеэр монголчуудын зочломтгой занг мэдэрч байгаадаа туйлын баяртай байна.
Мьянмар Улс нь байгалийн арвин баялагтай улс юм. Энэ хүрээнд Монгол Улстай мөн үр бүтээлтэй хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж чадна гэж үзэж байна.
Мьянмар Улс, Монгол Улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосон. Ирэх жил бид дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр ярилцаж тохиролцлоо.
Энэхүү завшааныг ашиглан Мьянмар Улсын ардчилал, шинэчлэлийг дэмжиж, биднийг ойлгож тусалж байдагт Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье.
Монгол Улсад биднийг халуун дотноор хүлээн авсан Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлье. Баярлалаа” гэв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт