Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, тус ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын болон хавсралт гэрээнүүдийг УИХ-аар хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэгтэй Ажлын хэсгийн хуралдааны дараа тус Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн ажиллаж эхлээд бараг сар шахам боллоо. Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ бэлэн болох вэ?
-Засгийн газар болон холбогдох байгууллагуудад илгээсэн бүх албан бичигтээ хариу авсан. Мөн 3000 гаруй хуудастай материалыг дэд ажлын хэсгийнхэн судалж, 50 гаруй хуудастай дүгнэлт бэлтгээд байна. Гэхдээ гэрээний англи хэл дээрх хувилбар, Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолыг баталсан хуралдааны протокол гэхчлэн зарим материалыг бидэнд өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Асуудал үүсвэл англи хэл дээрх эх хувилбар арбитрийн шүүхэд хүчинтэй учраас нэхээд байгаа юм. Үүнийг өгчихвөл 2-3 хоногийн дараа гэхэд санал, дүгнэлтээ бэлэн болгоно. 268 дугаар тогтоолын дагуу Тавантолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулагчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад долоон шалгуур тавьсан. Нэг компанийг шалгаруулах зорилгоор хэд хэдэн зүйлд өөрчлөлт хийсэн гэж бид дүгнэсэн. Тиймээс дээрх протоколыг үзэж байж аль сайд ямар санал гаргасныг мэдэх шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна бид бие даасан мэргэжилтнүүд ажиллуулж хөрөнгө оруулагчдын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахыг шаардсан ч ирүүлээгүй л байна. Гэхдээ бид тайлан, олон улсын дүн шинжилгээг интернэтээр хайж олж авсан. Ерөнхийдөө гурав хоногийн дараа эцсийн дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад хүргүүлнэ.
-Ямархуу дүгнэлт гарах бол. Зарим зүйлийн талаар товч мэдээлэл өгч болох уу?
-Ямартай ч “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд урагш чиглэсэн Гашуун-Сухайт-Ухаахудаг болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замтай холбоотой асуудлуудыг хөрөнгө оруулагчдын хамт шийдэх ёстой гэж үзсэн. 2010 онд шалгаруулсан зургаан компанид дахин хүсэлт тавьж, сонгон шалгаруулалтыг дахин зарлах боломжтой гэж бодож байна. Дээрх компаниудаас хамгийн эхэлж замд хөрөнгө оруулалт хийхийг нь шалгаруулъя. Тэгээд түүнд Тавантолгойн ордод олборлолт хийх эрхийг өгье гэдэг байдлаар ажиллаж байна. Дүгнэлтээ албан ёсоор танилцуулснаар олборлогчийн шалгаруултад “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох бүрэн боломжтой болох юм. Мөн 1072 хувьцааны талаар дүгнэлтдээ оруулах нь чухал. Тус ордод нийт 15 тэрбум хувьцаа гаргасан. Эдгээрийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөг болно. 2.1 сая иргэн болон аж ахуй нэгжүүдийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар эзэмшиж буй хувьцаагаа хэнд хэрхэн эзэмшүүлэх вэ гэдэг бол бүрэн эрхийнх нь асуудал. Харин иргэд болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг хэн нэгэнд дамжуулан ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрөл авах ёстой. Эсвэл нөхөн төлбөр өгөх ёстой. Тиймээс Засгийн газар тэдний хувьцааг 1.5 их наяд төгрөгөөр худалдаж аваад, дараа нь хэрэгжүүлэгч компаниудад өгч болох юм. Ерөнхийдөө 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай заалт гэрээнд тусгах шаардлагатай гэж ярилцаж байгаа.
-“Эрдэнэс тавантолгой” 51 хувийг дангаараа эзэмшихээр болбол дахин сонгон шалгаруулалт зарлана гээд байгаа нь хэр бодитой мэдээлэл вэ?
-“Эрдэнэс-Тавантолгой” дангаараа эзэмших шаардлагагүй. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой”, эсвэл “Энержи ресурс” компани хөрөнгө оруулагчаар орох, орохгүйн тухай асуудал биш. Бүх компанид нээлттэй. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр зам барих 3.1 тэрбум, урагш тавих 268 км төмөр замд шаардлагатай нэг тэрбум ам.доллар буюу нийт 4.5 тэрбум ам.доллар гаргаж чадах компанид л олборлолт явуулах эрх олгох нь зүйтэй гэж харж байгаа.
-Тэгэхээр энэ удаагийн гэрээгээр цааш явахгүй гэсэн үг үү?
-Бид ийм дүгнэлт гаргана. Засгийн газар үүнтэй санал нийлбэл тогтоолын төслөө буцааж авах байх. УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болно гэж дүгнэлтэд оруулж болно. Яагаад гэвэл, Засгийн газрын тогтоол болон ҮАБЗ-ийн зөвлөмж гэхчлэн олон хууль, тогтоомж зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, аливаа хууль, тогтоомж зөрчсөн гэрээг УИХ заавал хэлэлцэх шаардлагагүй. Тиймээс Засгийн газар гэрээ болон төслөө татаж аваад холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн оруулж ирнэ гэж харж байгаа. Ажлын хэсгээс тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д оруулахаар бэлтгэж байна.
Эх сурвалж: АН-ын бүлэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт