ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гишүүдийн англи хэл Тавантолгойг чөдөрлөж мэдэх нь

    Оюутолгой урагш хөдлөх нь хэмээх итгэл найдварын мэдээг Ерөнхий сайд АНЭУ-д айлчлах үеэрээ зарласан. Монголын Засгийн газар, Оюу толгой компани тохиролцоонд хүрч далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүнтэй зэрэгцэн ард түмний дунд “Одоо Тавантолгойг хөдөлгөчихвөл үү” гэх хүсэл, хүлээлт төрөх болсон. Харамсалтай нь ард түмний хүсэл УИХ-ын даргын захирамжаар Тавантолгойн ордыг ашиглах талаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулахаар байгуулагдсан “Ажлын хэсэг” дээр гацаж орхив.

    Цахим хуудаснаа УИХ-ын “Мөрөөдлийн баг” хэмээн нэрлэгдэх болсон тус ажлын хэсгийн хамгийн сүүлд Тавантолгойн англи хэл дээрх гэрээг шаардав. Тэд “Засгийн газраас зарим шаардлагатай материалууд Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсэгт хүргэгдээгүй байна. Тухайлбал, Хамтын ажиллагааны гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессийн гэрээний англи хэл дээрх бэлтгэсэн хувилбар бэлэн болоогүй гэдэг шалтгаанаар одоо болтол Улсын Их Хурлын ажлын хэсэгт хүргэгдээгүй байна. Гэтэл гэрээнүүд англи, монгол хэл дээр байгуулагдана, зөрүү гарвал англи хэл дээрх хувь нь давуу эрхтэй байх бөгөөд арбитрийн маргаан Лондон хотод англи хэл дээр явагдана гэж гэрээний төсөлд заасан байна” хэмээн мэдэгдсэн билээ.

    Өнгөц харахад үнэхээр зөв зүйтэй зүйл нэхэж байгаа мэт боловч өдий болтол монгол хэл дээрх гэрээг бүрэн гүйцэд уншиж төнхөж, учрыг нь олж хужрыг нь тунгааж чадаагүй байгаа “Ажлын хэсэг” англи хэл дээрх хувилбарыг харьцуулж уншина гэхээр барагтай хүний санаанд буухгүй байгаа юм. Гэрээ нь бодвол эдийн засаг, хууль, уул уурхай, техник, тоног төхөөрөмж гээд мэргэжлийн түвшний хэллэг дээр байгаа байлгүй. “Ажлын хэсэг”-ийнхнийг энэ гэрээг англи хэл дээрээс нь уншиж ойлгож чадах хэмжээнд юм болов уу гээд тэдний гадаад хэлний талаарх мэдээллийг намтраас олж үзлээ. УИХ-ын сайт дахь тэдний намтраас харахад ганцаас бусад нь гадаад хэлтэй аж. Өөрөөр хэлбэл “Ажлын хэсэг”-ийн 10 гишүүний 8 нь “англи” хэлтэй ажээ. Натраас нь харахад эдгээр 8 гишүүний ганцаас бусад нь англи хэлийг бие дааж, нухаж сурсан бололтой юм.

    Тэд маань өдөр тутмын ярианы англи хэлтэй бол тэдний гараас Тавантолгойн ордыг ашиглах талаарх дүгнэлт, шийдвэрийн төсөл гарах нь энэ онд байтугай ойрын жилдээ  худал болох нь дээ. 100 жил ашиглаад ч барахгүй энэ их нүүрсийг хав дарсаар байтал нүүрс биш үнс боллоо. Техник технологийн хөгжил дэвшил өдрөөр биш хором секундээр хэмжигдэж байгаа энэ цаг үед хэдхэн жилийн дараа дэлхий нийт эрчим хүчний өөр эх үүсвэртэй болчих вий дээ.  Тавантолгойн ажлын хэсэг англи хэл дээрх гэрээгээ хүлээсээр  

    Ажлын хэсгийнхний товч танилцуулга /УИХ-ын сайтнаас авав/    

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү

    О.Баасанхүү 1992 онд Нийслэлийн 10 жилийн 42 дугаар дунд сургууль,1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

    2012 оны УИХ-ын сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Англи, орос хэлтэй.

     

    УИХ-ын гишүүн А.Бакей

    А.Бакей Баян-Өлгий аймгийн Өлгий хотын 1 дүгээр 10 жилийг 1976 онд, Хөдөө аж ахуйн их сургуулийг 1980 онд эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн ухааны доктор.

    2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна. Англи, орос хэлтэй.

     

     

     

    УИХ-ын гишүүн Су.Батболд

    С.Батболд 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль ХАА-н инженер мэргэжлээр, 1995 онд Төрийн захиргаа, удирдлага хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч менежер мэргэжлээр тус тус төгссөн.

    2002-оос одоог хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга. Англи, орос хэлтэй.

     

    УИХ-ын гишүүн С.Ганбаатар

    С.Ганбаатар 1988 онд Баянхонгор аймгийн 10 жилийн дунд сургууль төгссөн.

    Тэрбээр 1997-2000 онд Английн Сала Женерал банкинд дадлагын менежер,  2001-2002 онд ХААН банкинд тусгай активийн газрын захирал, 2002-2003 онд Санхүү,  эдийн засгийн дээд сургуульд багш, 2003-2005 онд Удирдлагын академийн багш, 2005-2007 онд Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн, 2006-2008 онд  Үндэсний  “Соёмбо” хөдөлгөөний тэргүүн,  2007-2011 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан.

    С.Ганбаатар  2007 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  Англи, орос хэлтэй.

    УИХ-ын гишүүн Д.Ганхуяг

    Д.Ганхуяг  1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургууль, 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургуулийг Хими технологийн инженер мэргэжлээр, 1990онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-ын Корорадо мужийн Денверийн их сургуулийн  Эдийн засаг менежментийн институтийг тус тус төгссөн.

    2004 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайдаар томилогдон ажиллажээ. Орос, англи, япон хэлтэй.

    УИХ-ын гишүүн Б.Наранхүү

    Б.Наранхүү  1979-1986 онд Дундговь аймгийн 1-р 10 жилийн сургууль, 1986-1989 онд МУИС-ын дэргэдэх математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг тус тус төгссөн.

    Тэрээр 1999-2012 онд “Мон-Уран” ХХК-ийн ерөнхий захирал, 2005-2012 онд “Инвэкс” ХХК-ийн ерөнхий захирал, 2008-2012 онд “Дүнжингарав” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон  ажиллаж байна. Орос хэлтэй.

    УИХ-ын гишүүн М.Сономпил

    М.Сономпил 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1974-1984 онд Дархан хотын 1 дүгээр дунд сургууль, 1984-1988 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр  төгссөн.  Удирдлагын ухааны магистр.  

    2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн БХЯ-ны сайдын алба хашиж байжээ. 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012-2014 онд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан. 

     УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

    Д.Сумъяабазар 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль, 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр.

    Тэрээр 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ийн Ерөнхий захирал, 2003 оноос ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн, 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2009 оноос Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, 2013 оноос ”Рояал Плаза” ХХК-ийн зөвлөх, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан.

    Д.Сумъяабзар 2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Англи, орос хэлтэй.

    УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн

    Б.Чойжилсүрэн 1988 онд Увс аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль  төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй.

    Б.Чойжилсүрэн 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012 онд Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон ажиллаж байна. Англи, орос хэлтэй.

     

    УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг

    Л.Эрдэнэчимэг 1974-1984 онд Нийслэлийн 10-р дунд сургууль, 1984-1990 онд Болгар улсын Софи хотын их сургууль биологич мэргэжлээр, 1998-2003 онд МУИС-ийн ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Биологийн ухааны магистр.

    Л.Эрдэнэчимэг  2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Англи, орос, болгар хэлтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй