ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Засгийн газар эдгээр асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэжээ

    Өчигдөр орой хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар доорх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

    Төмөр замын шинэ шугамын чигийг тогтоолоо

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг, зурвас газрын эргэлтийн цэг, солбицлыг баталлаа.

    Энэ чиглэлийн 23,4 км урттай төмөр замын шинэ шугамыг хувийн хэвшлийн түншлэлээр барих зорилгоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулж, Засгийн газрын энэ оны 161 дүгээр тогтоолоор замын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “Кью Эс Си” ХХК-д олгосон юм. Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн  Хандгайт өртөө хүртэлх төмөр замын зурвас газрын хэмжээг 124,8 га-гаар тогтоож, “Кью Эс Си” ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр тогтлоо.

    Энэхүү  төслийг хэрэгжүүлснээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд бүтээгдэхүүнээ тээвэрлэх нэгдсэн терминалтай болох, Төмөртэйн орд газрыг дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээтэй холбосноор эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах үйлдвэрийг түүхий эдийн баазтай  холбох, уул уурхайгаас бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэн экспортлох боломжтой болох юм.

    Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа

    “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны хоёрдугаар сард Япон Улсад айлчлах үеэр гарын үсэг зурж, Улсын Их Хурал 2015 оны 2 дугаар сарын 17-ны  хуралдаанаар хэлэлцээрийг соёрхон баталсан.  Тус хэлэлцээрт заасан Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэрэгжүүлэх хэлэлцээрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар баталлаа. Хэлэлцээрт тусгагдсан салбар, чиглэл бүрээр  арга хэмжээ авч ажиллахыг  Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.

    Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр нь ерөнхий заалт болон гаалийн үйл ажиллагаа, худалдааг хөнгөвчлөх, өрсөлдөөн, бизнесийн орчныг сайжруулах, хамтын ажиллагаа, төгсгөлийн заалт гэсэн таван бүлэгтэй.  Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, шинжлэх ухаан, технологи, оюуны өмч, санхүүгийн үйлчилгээ, боловсрол, хүний нөөцийн хөгжил, аялал жуулчлал ба байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд,  мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг Монгол-Японы хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон байна.

    УИХ-аас соёрхон баталсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хэлэлцээрт хоёр талын хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг тодорхойлсон. Тухайлбал техник эдийн засгийн судалгаа шинжилгээний ажил хамтран хийх, тэргүүн туршлага, мэргэжилтэн солилцох, сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт, семинар зохион байгуулах, техникийн туслалцаа үзүүлэх зэргийг тусгажээ.

    Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг баталлаа

    Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд зарчмын хувьд зөвшөөрч, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт даалгалаа.

    Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж, улс төрөөс хараат бусаар бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгожээ.

    Монгол Улсын эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бий болгох, хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 2011 онд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг баталснаар Хөгжлийн банк байгуулагдсан. Үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд одоо мөрдөж буй хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгож, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж үзжээ.

    Хаврын тариалалт 80 гаруй хувьтай байна

    Хаврын тариалалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан цаг уурын хуурайшилттай байгаа тариалангийн бүс нутгуудад үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ зохион байгуулахыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгалаа.

    Энэ онд улсын хэмжээнд 328,6 мянган га-д үр тариа, үүнээс 300 мянган га-д улаанбуудай, 13,9 га-д төмс, 8,7 мянган га-д хүнсний ногоо, 16 мянган га-д тэжээлийн, 33 мянган га-д тосны ургамал, нэг мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401,2 мянган га-д тариалалт хийх зорилт тавьсан. Энэ сарын 25-ны байдлаар тариалалтын явц 85 орчим хувьтай байна.

    Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 201 аж ахуйн нэгж, иргэнд 3,8 мянган тн улаанбуудайн үрийг 20 хувь, улсын нөөцийн салбараас дөрвөн мянган тн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгож үрийн хангамжийг бүрдүүлжээ. Мөн зарим аж ахуйн нэгж, иргэнд шатахуун, ургамал, хамгааллын бодис, эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгож дэмжлэг үзүүлжээ.

    Гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг шинэчилнэ

    Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл  баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. 

    Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа буюу гамшгийн эрсдэлийн бууруулах,  урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах, сэргээн босгох ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, зохицуулахтай холбогдон үүсэх  харилцааг зохицуулахаар үзэл баримтлалыг боловсруулжээ.

    Манай оронд тохиолдох байгалийн аюулт үзэгдэл, технологийн болон үйлдвэрлэлийн ослын төрөл, тэдгээрийн давтамж, учруулж байгаа хохирлын хэмжээ нэмэгдэж байгаа өнөө үед гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх,  эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд  анхаарах, тогтолцоог шинэчлэх зэргээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага  байна. Одоо  мөрдөж байгаа Гамшгаас хамгаалах тухай хууль нь гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагааны үе шатыг иж бүрэн хэрэгжүүлэхтэй холбогдсон зохицуулалт хангалтгүй, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжтай холбогдсон харилцааг зохицуулаагүй, нэр томьёоны тодорхойлолт оновчтой бус байгаа юм. 

    Уул уурхайн сайд мэдээлэл хийлээ

    Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 956 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 773 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 899, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм. Кадастрын хэлтэс энэ оны 1 дүгээр сарын 26-аас эхлэн 16 удаа цахим хэлбэрээр 1686 дугаар олгож, өргөдлийг хянан шийдвэрлэсэн байна. 

    Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж, алтны санхүүжилт олгох талаар Монголбанк болон Хөгжлийн банкны удирдлагатай уулзалт хийж, тодорхой шийдэлд хүрчээ. Уулын ажлын төлөвлөгөөгөөр  олборлох алтны 30 хүртэл хувийн баталгааг Хөгжлийн банк гаргаж Монголбанк санхүүжилтийг нь арилжааны аль нэг банкинд олгоно. Зээл төлөх баталгаа, гарах эрсдэлийг аж ахуйн нэгжүүд хамтарч хүлээх үүднээс компаниуд консорциум болж хүсэлт гаргахад Хөгжлийн банк баталгаа гаргаж өгөх боломжтой болж байна.

    Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг Ашигт малтмалын газар хүлээн авч, аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. 

    Үүний зэрэгцээ “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийг энэ онд эхлүүлэх”, “Эгийн голын усан цахилгаан станцын урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг эхлүүлэх”, “4 дунд сургууль, 3 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих”, “Төмөр замын шинэ шугамын чигийг тогтоох” зэрэг асуудлыг хэлэлцэж шийдсэн юм.

    Товч мэдээ

    • Бүгд Найрамдах Казахстан Улсын Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаевын 2015 оны 5 дугаар сарын 26-27-нд Монгол Улсад хийх ажлын айлчлалын үеэр баримтлах удирдамжийн төслийг хэлэлцээд Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.
    • “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
    • Онцгой байдлын албаны тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган үзэл баримтлалыг зохих журмын дагуу баталж, хуулийн төслийг боловсруулахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа. 
    • Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Бүгд Найрамдах Турк Улсад хийсэн ажлын айлчлалын зорилго бүрэн хангагдаж, амжилттай болсон төдийгүй хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо гэж дүгнэлээ.  Хамтран ажиллах талаар тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг ханган ажиллахыг Батлан хамгаалахын сайдад даалгалаа.
    • 2015 оны нэгдүгээр улиралд иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
    • Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүгийн 2015 оны 3 дугаар сарын 17-18-нд  Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг  танилцуулав.
    • Бразил улсын Сан Пауло хотод 2015 оны 8 дугаар сарын 11-16-нд зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээнд  оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүний зардлыг Засгийн газрын тусгай сангийн нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрч, тэмцээний бэлтгэлийг хангаж, амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулан, үр дүнг танилцуулахыг Хөдөлмөрийн сайд С.Чинзоригт үүрэг болголоо.
    • Б.Болдбаатарыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, Б.Энхзаяаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зөвлөлийн гишүүнээр томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй