Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн үдээс хойших хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсанийг хүргэж байна.
Ерөнхий сайд мэдээлэлдээ:
“Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын дарга шуурхай мэдээлэл өгөөч гэсний дагуу энэ мэдээллийг танилцуулж байна. Агуулгын хувьд хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашгийг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлуудыг шийдвэрлэснийг тэмдэглээд, улмаар төслийг үргэлжлүүлэх , нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх тухай асуудлыг шийдэж гарын үсэг зурсан байгаа.
Хамгийн гол олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагуудаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 тэрбум ам.долларын санхүүжилтийг татах болно. Ямар зарчмыг баримталсан бэ гэвэл, Оюутолгойн компанийн хөрөнгө оруулагчид нь Монгол Улсын хууль, тогтоомжийг дээдэлж, үйл ажиллагаандаа байнга мөрдөн ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байх үед Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хүлээн авсан Оюутолгой төслийн техник, эдийн засгийн үндэслэлд туссан өгөөжийн харьцаа манай тал 53 хувиас дээш хувь байхыг хадгалахыг албажуулсан болно. Боловсруулалтын хувьд төлөвлөгөөний эхийг монголын тал анхнаас нь гардаж боловсруулсан бөгөөд санаачилга нь Эрдэнэс Оюутолгой компанийн талд байсан. Боловсруулах үе шат нь дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийн оролцоог хангах замаар дотоод, гадаадын мэргэжлийн зөвлөхүүдийг татаж оролцуулсан. Мөн төлөвлөгөөний төслийг Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ болон олон улсад түгээмэл мөрдөгддөг арилжааны гэрээний жишигтэй нийцүүлэн хянуулсан болно.
Онцлох зүйлүүдийн хувьд менежментийн төлбөрийг далд уурхайн бүтээн байгуулалтын үед 6 хувиас бууруулж, бодитойгоор 4,5 хувь дээр очихоор байгаа. Харин далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 6 хувь байсныг 3 хувь болгож бууруулсан байгаа. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.доллар, төсөл үргэлжлэх хугацаанаас шалтгаалаад нийт 1 тэрбум хүртэл ам.долларын бодит хэмнэлтийг Оюутолгой компанийн хувьд бий болгосон. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн жишгийн дагуу төлүүлэхээр болсон. Ингэснээр олон сар үргэлжилсэн маргааны нэг гол сэдэвт цэг тавьсан болно. Түүнчлэн өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлнэ. Ингэснээр төслийн хугацаанаас хамааран мэргэшсэн дүнгээр дор хаяж 810 сая ам.долларын орлогыг баталгаажуулсан.
Зардлын хяналтыг сайжруулах үүднээс монголын тал буюу цөөнхийн зүгээс хөрөнгө оруулалтын болон худалдан авахтай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн. Тус төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг болон энэ шинэ бүтэц албажсан байгаа. Тус төслийн санхүүжилт нь монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй. 2009 оны гэрээг хөндөхгүй гэсэн зарчмыг баримталж ажилласан. Шинэ төлөвлөгөөгөөр бид нар далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлаар хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл монголын талын 34 хувийг баталгаажуулсан бөгөөд далд уурхай ашиглалтанд орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж баталгаажих юм. 2014 онд үүссэн татварын маргааныг Олон улсын арбитрт очилгүй шийдвэрлэнэ. 30 сая ам.долларын татварын актыг манай талд ашигтайгаар шийдвэрлэсэн байгаа.
Төслийн санхүүжилтээс хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 1.2 тэрбум ам.доллар, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт орно гэж үзэж байгаа. Өмнөговь аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд жил бүр 5 сая ам.долларыг орон нутгийн хөгжилд зориулан зарцуулж байхаар тохирлоо. Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгох бөгөөд худалдан авах, төсөл шалгаруулах ажиллагаанд монголын талын хяналтыг нэмэгдүүлсэн. Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зуран баталгаажуулсны дараа хөрөнгө оруулагч нь 30 хоногийн дотор Тавантолгойн цахилгаан станцын төслийн боломжит хөрөнгө оруулагчдад баталгаа гаргаж өгөхөөр тохирсон. Ингэснээр Тавантолгойн цахилгаан станцын том бүтээн байгуулалт явах боломжийг гаргаж өгч байгаа. 2015 оны 9 дүгээр сар гэхэд Оюутолгой компани нь зэс хайлуулах үйлдвэрийн судалгааг боловсруулах үүрэг авч байгаа. Монгол Улс өөрийн зэс хайлуулах үйлдвэртэй болсноор тус төслөөс манай талд оногдох өгөөж нь цаашид эрс өсч болох юм.
Эрх зүйн үндэслэлүүдийн хувьд Монгол Улсын Их Хурлын тогтоолуудыг баримталж ажилласан. Тухайлбал, Улсын Их Хурлын 2014 оны 34, 2015 оны 41 дүгээр тогтоолуудад Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд 2015 оны 27 дугаар захирамжаараа Оюутолгой төслийн хэрэгжилт, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн асуудлаар яриа, хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Мөн түүнчлэн Ерөнхий сайдын 94 дүгээр захирамжаар тус ажлын хэсгийн удирдамжийг баталсан болно.
Ажлын хэсэг нь удирдамжийн дагуу хэлэлцээний явцад тухай бүр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцуулж байсан бөгөөд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайдаас тухайн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг авсан. Ерөнхий сайдын 2015 оны 99 дүгээр захирамжаар хувь нийлүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал нарт олгосон. Удирдамжийн биелэлтийг нягтлан үзсэний үндсэн дээр Ерөнхий сайд 123 тоот захирамж гаргаж төлөвлөгөөг эцэслэн гарын үсэг зурахыг зөвшөөрсөн болно” гэв.
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Тухайлбал:
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга:
-Та нарын өнөөдрийг хүртэл гишүүдийн асуултад хариулж байгааг харахад лав монгол хүн биш байна. Монгол хэл маш сайн сурсан байна. Төлөвлөгөөнд гарын үсэг зурдаггүй. Гэрээнд гарын үсэг зурж болно, захирамж, шийдвэр гаргаж болно. Та гэрээнд өөрчлөлт оруулсан байна. Арбитрын шүүхэд очих эрх зүйн байдалд гарын үсэг зурсан байна. Том төсөл хөдөлгөнө гэж яриад байх юм. Энэ чинь хөдөлж байгаа шүү дээ. Зогсоогүй. Бид нар үр шимээ, үр ашгаа яаж хүртэхээ ярьж байгаа. Өнөөдрийг хүртэл монголын ард түмэн Оюутолгойгоос өгөөж хүртээгүй. Харин эрх баригчид, цөөн хэдэн компани эрх ашгийг нь хүртсэн. Тэгэхээр ард түмэн эндээс үр ашгаа ногдол ашгаар хүртэнэ. Энэ ногдол ашгийг хэзээ авах вэ гэдгийг тодорхой хэлнэ үү.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
- Монгол хүн мөн үү биш үү гэж байна. Би ухаан ороод сурсан хэл монгол хэл. Би монгол хүн тантай адилхан. Монгол Улс хөгжөөсэй, цэцэглээсэй гэж яг тантай адилхан боддог. Сүүлийн хоёр, гурван жил гадаадын хөрөнгө оруулалтыг хасах үзүүлэлт рүү ортол явлаа. Юунаас болсон гэхээр Оюутолгой гацсанаас, Оюутолгойн төсөл жинхэнэ утгаараа явахгүй байснаас. Дэлхийн хамгийн том 14 банк Оюутолгойг харна гээд суучихсан. Манай хувийн хэвшлийнхэн яваад мөнгөө босгож чадахгүй байна. Болохгүй байна. Өнөөдөр чуулганы хуралдаанд орж ирэхийн өмнө Нямтайшир захиралтай уулзсан. Оюутолгой хөдөлснөөр манай Цагаан суваргын зэсийн ордны хөрөнгө оруулалт бүтэхэд бэлэн болж байна гэдгийг хэлж байна. Ийм асуудлууд цааш цаашдаа олон болно. Маш олон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нь бүтнэ. Өнөөдөр ам.долларын ханш унаж байна.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Болорчулуун:
- Менежментийн зардлыг зургаан хувь байсныг гурван хувь болголоо гээд байна. Хуучин гэрээгээр 2021 оноос цэвэр ашиг хүртэхээр байсан. Одоо бол 2035 оноос наашгүй боллоо.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:
-Засгийн газрын хуралдаанаар ороод зохих шийдвэрүүдийг гаргаж байсан. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдэрүүдийг өгч болно. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг зарлаад том бүтээн байгуулалт үргэлжлээд явсан. Түүн шиг зарлагдаад явна. 2009 оны гэрээгээр гурван хувиар үйлчлэхээр болсон нь том амжилт. Монголд хэдийгээр хоёр тэрбумын борлуулт хийсэн ч гаргаж байгаа зардлаа тооцоход жил бүр 7-8 тэрбум ам.доллар Монголд үлдэнэ. Айлын талын хэлж байгаа зүйл бол итгэлцэл чухал байна. Хэн нэгэн татварын байцаагч ирээд гэнэт шалгадаг. Тиймээс итгэлцэл бий болсон үед Монголоор мөнгөө дамжуулж болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт