Эрхэмсэг зочид оо,
Хатагтай, ноёд оо,
Никкей чуулганы тухайд
Ази тивийн нэр хүндтэй манлайлагчид, эрхэмсэг та бүхэнтэй энэхүү чуулган дээр уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Бидэнд энэ арга хэмжээнд оролцох таатай боломж олгосон Никкей болон Японы Эдийн Засгийн Судалгааны Төвд гүн талархал илэрхийлье.
Никкей тус чуулганыг манай үеийн хамгийн агуу сэтгэгчдийн нэг болох Ли Куан Юү тэргүүтэй Азийн шилдэг лидерүүдтэй хамт анх 1995 онд зохион байгуулж эхэлснийг бид сайн мэднэ.
“Азийн Ирээдүй” чуулган нь өнөөдөр Азийн бүс нутгийн хөгжлийн талаар хэлэлцэх хариуцлагатай индэр болоод зогсохгүй харилцан ойлголцох, аюулгүй байдал, нийтлэг үнэт зүйлсээ хамгаалах тухай ярилцах таатай нөхцлийг бүрдүүлж ирснийг дурдахад таатай байна.
Энэ удаагийн чуулганы “Энхтайван болон хөгжил цэцэглэлтийн төлөө” сэдэв бол бид бүхний хувьд үнэхээр цаг үеэ олсон чухал сэдэв юм.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Азийн улс орнууд улс төр, эдийн засгийн олон сорилт бэрхшээлтэй тулгарсан хэдий ч эдийн засгийн хувьд өндөр амжилт үзүүлж чадлаа. Азийн санхүүгийн хямрал, дэлхийн санхүүгийн хямралыг Азийн улс орнууд амжилттай даван туулж, чамгүй туршлага хуримтлууллаа.
21-р зууныг Азийн зуун гэж хэлдэг. Дэлхий дахины аливаа асуудалд Ази тивийн эзлэх байр суурь, үүрэг хариуцлага хүмүүсийн төсөөлснөөс хавьгүй их жин эзлэх болсон бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэхээр байна.
Ази тивийн бүх улс орнуудын дунд харилцан илтгэлцэл, илүү нягт хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграцчилалыг дэмжих аваас Ази тивийн амжилтын хөшүүрэг болно гэдэгт би итгэдэг.
Азийн улс орнуудын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлвэл Ази тивийн хөгжлийн суурь улам батжих болно. Энэ нь дэлхий нийтэд ч өнө мөнхийн энхтайван, хөгжлийг авчрах учиртай.
Монголын талаар
Энэ жил дэлхийн олон оронд түүхэн ой, баяр ёслол тохиож байна. Монгол Улс энэ жил Ардчилсан хувьсгалынхаа 25 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.
Монгол бол эртний арвин өвтэй, өвөрмөц соёлтой, хосгүй үзэсгэлэнт байгальтай орон. Энэ нутагт эрх чөлөөт, эрэлхэг зоригт, энхийг эрхэмлэгч, эрэмгий зүтгэлт ард зон аж төрөн суудаг. Монголын төрт ёс олон зуун дамжсан түүхэн уламжлалтай.
Монголчууд хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан эзэнт гүрэн байгуулж байсан билээ. Их Монгол Улсын ард иргэд “Их Засаг” хэмээх бичмэл хуулинд захирагддаг байв. Тэр үед ч монголчууд чөлөөт худалдаа, шашин шүтэх эрх чөлөө, олон ургальч байдлыг хөхүүлэн дэмжиж, нээлттэй гадаад бодлого баримталж ирсэн.
Их Монгол Улс Ази, Европ, Ойрхи Дорнодын орнуудтай идэвхитэй харилцаатай байсан юм. Тухайн үед Монголчууд шударга ёс, энхтайван, хамтын ажиллагааг эрхэмлэн бусад улс, үндэстнүүдтэй харилцаж, дэлхий дахинаа шинэ засаглал тогтоохыг эрмэлздэг байсан.
Хөгжил цэцэглэлт, уналт доройтлыг туулан, бусдыг захирч, бусдын эрхшээлд орон явсаар өнөөгийн Монгол Улс эрх чөлөө, тусгаар тогтнолоо 20-р зууны эхэнд олж авсан билээ.
Тухайн үед дэлхийн цагийн байдал ороо бусгаа байсан бөгөөд 1920-иод оны эхээр Монгол 70 жил үргэлжилсэн коммунизмын ноёрхолд автсан юм.
Өдгөөгөөс 25 жилийн тэртээ эрх чөлөөгөө олж авах уу, эсвэл чулуун хананыхаа цаана түгжигдсээр үлдэх үү гэсэн сонголтын өмнө монголчууд тулж ирлээ. Бид дэлхий нийтийн жишгийг дагаж, эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг сонгосон.
Монголын ардчилсан хувьсгалаар нэг ч цонх хагараагүй, дусал цус ч асгараагүй юм.
Улс төр, эдийн засгийн нэгэн зэрэг шинэтгэл нь Азийн оронд таарахгүй гэж одоо ч олон хүн итгэсээр байдаг. Бид 1990-ээд оноос хойш улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын шинэчлэлийг нэгэн зэрэг хийж энэ хуучин хэвшмэл ойлголтыг эвдсэн.
Монгол Улс өнөөдөр чөлөөт ардчилал, зах зээлийн эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж чаджээ. Өнөөгөөс 20 жилийн өмнө ДНБ-ний дөнгөж тав хүрэхгүй хувийг үйлдвэрлэж байсан хувийн хэвшлийн салбар өнөөдөр ДНБ-ний 80 гаруй хувийг бүрдүүлэн, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болоод байна.
Хөрөнгө оруулалт:
Эдийн засгийн бүхий л салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг бид дэмждэг. Энэ салбарын татварын хэмжээ Ази-Номхон далайн орнуудын татвартай харьцуулахад хамгийн багадаа орно.
Шинээр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монголын хөрөнгө оруулалтын орчин эрс сайжирсан. Мөн бид Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль шинээр баталж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчилсэн.
Одоо бидний нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн өндөр өсөлтөө хадгалж үлдэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхэд оршино.
Уул уурхайн төслүүдээс гадна томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа тул эдгээр зорилтдоо хүрэх бололцоо бидэнд бий.
Энэ дашрамд Монголын ард түмний нэрийн өмнөөс Японы Засгийн газар болон бусад улс орнуудад хандан Монголын ардчилал, зах зээлийн шилжилтийн мөчид биднийг дэмжин, манай улс орны өнөөгийн тогтвортой хөгжлийн үндэс суурийг тавихад тусалсанд талархаж буйгаа илэрхийлье.
Бидэнд тулгарч буй сорилтууд:
Эдийн засаг:
Монголын эдийн засгийн хөгжил хэдэн жилийн өмнө дэлхийд тэргүүлсэн. Гэсэн хэдий ч энэ өсөлт сүүлийн хоёр жил дараалан буурсан нь Монголын эдийн засаг уул уурхайн салбар, ашигт малтмалын экпортоос хэтэрхий хараат болсных юм.
Энэ ухралтаасаа бид суралцаж байна. Тогтвортой өсөлтийг хангаж, өмнөх хурдаа эргэж гүйцэхийн тулд төсвийн орлогыг үр ашигтай зарцуулах, институцийн чадавхийг нэмэгдүүлж, улстөр, хууль эрхзүйн тогтвортой орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт илүү төвлөрч эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ байгалийн баялгаас олсон орлогыг үр ашигтай зарцуулах, оновчтой хөрөнгө оруулалт хийх, ирээдүйдээ нөөцөлж хадгалах гэх зэрэгт зохистойгоор хуваарилахыг бид маш сайн суралцах шаардлагатай.
Өнөөдөр монголчууд бид олон сорилт бэрхшээл, амаргүй шийдвэртэй тулгарч байна. Эдгээр асуудал бэрхшээлийг бид нээлттэй, ил тод, иргэдийнхээ оролцоотой шийдвэрлэх зарчим баримталдаг.
Улс төр:
Хэдийгээр Монголд нээлттэй ардчилал хөгжсөн ч манай улстөрд хариуцлага хүлээж шийтгэгддэггүй байдал, фракц, бүлэглэл, популизмын нөлөөлөл хүчтэй үйлчилсээр байна.
Бид хууль эрхзүйн тогтолцоогоо шинэчилж, шийдвэр гаргах тогтолцоон дахь гажуудлаа засах хэрэгтэй. Монголын төр засаг, иргэний нийгэмд сайн институциуд үгүйлэгдсээр байна.
Өнөөдөр Монголчууд бид маш олон сорилт, амаргүй шийдвэртэй нүүр тулж байна. Эдгээр асуудлуудыг бид илүү нээлттэй, илүү ил тод, илүү олон иргэдийн оролцоотой шийдвэрлэх зарчим баримталж байна.
Бидний гол итгэл найдвар бол манай нийгэм, ард түмэн юм. Хорин таван жилийн дотор бид орчин үеийн техник технологи мэддэг, нээлттэй, шүүн тунгаах чадвар бүхий цоо шинэ үеийг өсгөн бойжуулж чадлаа. Монгол бол эрч хүчтэй, бүтээлч, уян хатан нийгэм. Энэ бол бидний олсон хамгийн чухал амжилт билээ.
Туршлагаа хуваалцах нь:
Ардчилал болон хөгжлийн талаар бусдад зааж сургах гэсэн санаа бидэнд байхгүй. Харин бид бусадтай хуваалцах хэмжээний чамгүй туршлага хуримтлуулжээ.
Ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжихдээ бид олон орноос дэмжлэг авсан. Үүний дотроос Япон бол манай улсын хөгжилд хамгийн том хувь нэмэр оруулсан улс юм.
Одоо бидний хувьд өөрийн олсон туршлагаа бүс нутгийнхаа бусад улс оронтой хуваалцахад өөрсдийн зүгээс тодорхой цаг, хөрөнгө гаргах ээлж болжээ.
Бид парламентын ардчилал, эрхзүйн реформын талаар Киргизстантай туршлагаа хуваалцаж байна. Мөн Афганистаны дипломатууд, төрийн албан хаагчдыг сургаж байна. Мъянмарын хэвлэлийн салбарын мэргэжилтнүүд, сэтгүүлчид, иргэний нийгмийн төлөөллийг Монголдоо сургаж, БНАСАУ-ын төлөөлөгчидтэй эдийн засаг, аюулгүй байдлын талаар санал солилцож байна.
Монгол 23 жилийн өмнө цөмийн зэвсэггүй орон хэмээн өөрийгөө зарлаж, үүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орон хүлээн зөвшөөрсөн. Бид өөрийн аюулгүй байдлаа улс төр, дипломат харилцаа, эдийн засгийн аргаар хамгаалахыг чухалчилдаг.
Монгол 2009 оноос хойш ялын дээд хэмжээг зогсоосон. Бид ялын дээд хэмжээг бүрэн цуцлах байр суурьтай.
Амьдрах, оршин тогтнох өөр арга зам бий шүү дээ. Цөмийн зэвсэггүйгээр амьдрах арга зам бий. Ялын дээд хэмжээгүй амьдрах арга зам бас бий.
Монгол ба бүс нутгийн хамтын ажиллагаа / АПЕК, АСЕАН, ЭРИА /
Ази, Номхон далайн эдийн засаг, харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмждэг гол форум бол АПЕК. Хөгжиж буй эдийн засагтай, Ази, Номхон далайн орны хувьд Монгол Улс АПЕК-ийн гишүүн болохыг эртнээс эрмэлзэж ирсэн.
Ази, Номхон далайн бүх улс оронтой улс төрийн найрсаг харилцаатай Монголчуудын хувьд АПЕК-т өөрийн бодит хувь нэмрээ оруулах хангалттай боломж бий гэдгийг та бүхэнд бататган хэлэхийг хүсч байна.
Бид АСЕАН-ыг бүс нутагт болон цаашилбал олон улсын тавцанд ч маш чухал ач холбогдолтой байгууллага хэмээн ямагт үнэлж ирсэн. Азийн арван улсыг геополитикийн болоод эдийн засгийн холбоонд нэгтгэнэ гэдэг чухал амжилт юм.
АСЕАН-ын илүү өргөн хүрээг хамарсан АРФ форум нь умард болон зүүн өмнөд Азийн орнуудыг нэгдсэн аюулгүй байдал, хамтын ажиллагааны үйлсэд нэгтгэн оруулахад чухал үүрэгтэй.
Монгол Улсыг 2014 оны наймдугаар сард АСЕАН-ын Гадаад хэргийн сайд нарын чуулганд оролцуулсан нь биднийг тус байгууллагын гишүүн орнуудтай илүү ойр, илүү өргөн хүрээнд нягт хамтран ажиллах эрмэлзлийг таатай хүлээн авсны илэрхийлэл болсон юм.
Бид ЕРИА-гийн /АСЕАН болон Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн/ гишүүн орон болох зорилт тавьсан. Тус байгууллагын гишүүн болохын тулд Зүүн Азийн Саммитын гишүүн байх шаардлагатай.
Монгол-ЕРИА-ийн яриа хэлэлцээний дүнд тус байгууллагын удирдах зөвлөл Монголыг ЕРИА-гийн гишүүн болгох асуудлыг хэлэлцэнэ гэж үзэж байна.
Мөн Монгол улс нь Европ болон Азийн улс орнуудын харилцаа хамтын ажиллагааг дэмжих Евразийн цорын ганц форум болох Ази-Европын чуулга уулзалтын /АСЕМ / идэвхитэй гишүүн орон байсаар ирсэн.
Тус форумын 20 жилийн ойгоор монголчууд бид АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалтыг эх орондоо зохион байгуулах болсондоо таатай байгаа.
Энэ дашрамд төр засгийн тэргүүдийг Улаанбаатарт 2016 оны зун болох АСЕМ-ын уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Япон - Монгол ЭЗХАХ
Япон бол Монголчууд бидний эртний анд нөхөр. Эрт цагаас Монголчууд Япон улсыг “Их наран улс” хэмээн нэрийдэж ирсэн.
Манай хоёр улс олон салбарт найрсаг харилцаатай, энэ харилцаа байнга өргөжиж ирсэн. Манай хоёр орны харилцаанд гарсан маш том дэвшлийг энд онцлон дурдахыг хүсч байна.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулсан явдалд Япон улсын Засгийн газар болон ард түмэнд Монголын ард түмэн баяр хүргэж, чин сэтгэлээс талархаж явдгаа илэрхийлж буйг миний бие уламжилъя. Монголын хувьд Эдийн засгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрээ Япон улстай байгуулсныг ихэд билэгшээн үзэж байна.
Бид энэхүү Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулснаар зөвхөн Япон улстай худалдааны харилцаагаа сайжруулаад зогсохгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд түлхэц болж, манай орны гуравдагч хөршийн бодлогод угтаа эдийн засгийн маш бодитой агуулга, үнэ цэнэ нэмсэн явдал боллоо.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь манай хоёр орны эдийн засгийн дипломат харилцааны түүхэн дэх чухал үйл явдал болсон. Эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь хоёр орны худалдааны эргэлтийг өсгөөд зогсохгүй Японоос орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тустай. Учир нь энэхүү хэлэлцээр нь худалдааны үед үүсэх татвар, үнэ тарифын асуудлыг тусгаж, гаалийн шат дамжлагыг хялбаршуулж, Японоос технологи авах бололцоог нэмж байгаа юм.
БНХАУ - Монголын харилцаа
Ази тивийн цаашдын хөгжил цэцэглэлт Хятадын амжилтаас хамаарна. Хятад улс нь сүүлийн жилүүдэд Монгол төдийгүй Азийн маш олон улс орнуудын хувьд худалдааны хамгийн том түнш байж ирсэн.
БНХАУ-ын дарга Си Зиньпиний өнгөрсөн онд манай улсад хийсэн айлчлал бол тус улсын хөрш орнуудтайгаа харилцах харилцаанд өгч буй ач холбогдлын томоохон илрэл болсон.
Хятадын өсөн нэмэгдэх сүр хүч, ашиг сонирхол хөрш орнуудад нь сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн таамаг нийтлэг байдаг. БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ “Хятад Улс хөрш Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн үзнэ” гэж онцлон тэмдэглэсэн. Энэ нь тус улс сайн хөршийн харилцаагаа өндөрт эрхэмлэж буй хандлагыг харуулж байна.
Хятад улс харилцан үр өгөөжтэй хөгжлийг эрхэмлэн, хөрш орнууддаа боломж, орон зай олгохыг эрмэлзэж байгааг маш сайн илтгэж байна. Хятад орон илүү нээлттэй, илүү хөгжингүй байх тусам хөрш орнууд, бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд илүү их боломж бололцоо авчирах билээ.
Хатагтай, ноёд оо,
Монгол ба Зүүн хойд Ази
Зүүн хойд Ази бол маш олон талаар өвөрмөц бүс нутаг гэдгийг бид сайн мэднэ.
Нэгдүгээрт, энд “хүйтэн дайны” ул мөр үлдэн хоцорсон.
Хоёрдугаарт, Монгол бол төвийг сахисан улс. Бид ямар ч улс оронтой маргаан байхгүй. Монгол улс энэ бүс нутагт энхтайван, аюулгүй байдлыг тогтооход “шударга зуучлагч” байж чадна.
Дээрх хүчин зүйлсийг бодолцож миний бие 2013 оны гуравдугаар сард “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр” санаачилгыг дэвшүүлсэн. Энэ нь бүс нутаг хамарсан Хелсинкийн яриа хэлэлцээртэй төстэй санаачлага юм. Энэхүү санаачилгыг би үүнээс нэг сарын дараа Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар бага хурлын үеэр албан ёсоор дэвшүүлсэн юм.
Чухамдаа Монголын дипломатчдын хүчин зүтгэлээр БНАСАУ болон Японы хамтарсан ажлын хэсэг Улаанбаатарт 2007 болон 2012 онуудад тус тус хуралдсан. Энэ уулзалт нь зургаан талт хэлэлцээрийн үйл ажиллагааг дэмжих, харин орлох зорилго агуулга огт байхгүй билээ.
“Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр”-ийн хүрээнд бид Зүүн хойд Азийн Эмэгтэй Парламентчдын чуулган / 2013 оны арваннэгдүгээр сар /, Зүүн хойд Азийн Аюулгүй байдал Улаанбаатарын яриа хэлэлцээрийн олон улсын анхдугаар чуулган / 2014 оны зургадугаар сар /, Зүүн хойд Азийн Хотын захирагчдын чуулга уулзалт / 2014 оны наймдугаар сар /, Зүүн хойд Азийн Эрчим хүчний хамтын ажиллагаа семинар - Мэргэжилтнүүдийн түвшний уулзалт / 2015 оны гуравдугаар сар /, Зүүн хойд Азийн Залуучуудын Симпозиум / 2015 оны тавдугаар сарын 20-нд / зэрэг хэд хэдэн хурал, семинар, сургалтыг тус тус зохион байгууллаа.
Мөн бид Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээр сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг 2015 оны зургадугаар сарын 25-нд зохиохоор төлөвлөсөн.
БНСУ-ын Ерөнхийлөгч дээрхтэй төстэй санаачилга гаргасан ба бид тус улсын төлөөлөгчидтэй энэ тал дээр хамтран ажиллах тухай ярилцаж байгаа. Энэ тал дээр хоёр талын санаачлагын давуу талуудыг нэгтгэж, харилцан сайжруулах өргөн боломж бий гэж үзэж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр хоёр Солонгосын хоорондын итгэлцлийг бэхжүүлэх нь чухал бөгөөд ингэж чадвал хоёр улс хоорондын маргааныг энхийн замаар шийдвэрлэх боломжтой.
Та бүхний мэдэж байгаагаар Монгол Улс Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад 2012 онд гишүүнээр элссэн.
Азийн орны иргэд бид олон улсын туршлага, түүхээсээ сургамж авах хэрэгтэй. Энд бид бусдын туршлагыг шууд хуулбарлах хэрэгтэй гэж хэлэхийг хүссэнгүй. Ази, Номхон далайн бүс нутаг, ялангуяа Зүүн Хойд Ази бусад улс орноос өвөрмөц гэдгийг бид бүгд сайн мэднэ шүү дээ.
Европын улс орнууд бол энхтайван замаар зэрэгцэн орших тал дээр асар их туршлага хуримтлуулсан. Хельсинкийн яриа хэлэлцээ өдгөө арав гаруй жил үргэлжилж байж төрхөө олсон. Зүүн Хойд Азийн хүвьд үүнээс ч илүү удах магадлалтай. Гэсэн ч бид яриа хэлэлцээний механизмыг бий болгохын төлөө одооноос эхлээд ажиллах нь чухал билээ.
Тулгамдаж буй зарим бэрхшээл, боломж
Азид ирэх олон арван жилийн хугацаанд гарах хамгийн томоохон өөрчлөлт бол Хятадын хөгжил, түүний нөлөө гэдэгтэй бид бүгд санал нийлэх биз ээ.
Нөгөөтэйгүүр Япон-Хятадын харилцаа эсвэл Ази, Номхон далайн бүс дахь АНУ-ын нөлөө, байр суурь Азийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж болно. Мэдээж зарим маргаантай асуудлуудын тодорхой бус байдал, хүчний хуваарилалтын асуудал одоо ч байгаа хэвээр.
Гэвч бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Цаг уурын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, цэвэр усны хомсдол, хүн амын хурдацтай өсөлт ба байгалийн баялгын тэнцвэрт байдал, шинэ ба дахин сэргэдэг халдварт өвчин, алан хядлага, үй олноор хөнөөх галт зэвсэг, байнга өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээ гэх мэт дэлхийн хэмжээний маш олон асуудлыг том ч бай, жижиг бай ямар ч улс орон дан ганцаар шийдэх боломжгүй.
Дэлхий нийтэд зайлшгүй тулгамдаад буй дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Азийн бүх улс орнуудын төрийн тэргүүнүүд нэгдмэл зорилгын дор бүс нутгийн интеграцичилалыг дэмжиж ажиллах ёстой.
Шилжилтийн улс орнуудын хувьд муу засаглал, институцийн чадавхижилтын сул байдал бол нийтлэг бэрхшээл юм. Өсөн нэмэгдсээр буй орлогын тэгш бус байдал, хуулийн өмнө эрх тэгш байх ёс хэрэгжихгүй байгаа зэрэг нь нийгмийн эмх замбараагүй байдлын суурь болж, эргээд бүс нутгийн тогтвортой байдлыг сэвтээх эрсдэл дагуулна. Эдгээр асуудлыг бид хамтын хүчээр, бүс нутгийн яриа хэлэлцээний дагуу шийдэх боломжтой.
Энд би үнэхээр сайхан боломж болж хувирч болох нэгэн чухал сорилтын талаар дурдъя.
Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Интернэтийн хэрэглээ, сошиал медиа, иргэний сэтгүүлзүйн хөгжил, Wikileaks болон Massive Open Online Course г.м зүйлс бидний уламжлалт сэтгэлгээ, өдөр тутмын амьдрал, үзэл санаанд маш том өөрчлөлт авчирч байна.
Төр засгийг компьютертэй зүйрлэвэл өөрчилж сайжруулахад хэцүү хардвэйр гэж би боддог. Харин ард иргэд бол шинэчилэгдэхдээ удаан хардвэйраас хамаагүй хурдан хялбар шинэчлэгддэг софтвэйр юм. Өнөөдрийн асуудлыг өчигдрийн аргаар шийдэж чадахгүй шүү дээ.
Төр засаг улам бүр томорч удаан, болхи болох хандлагатай байдаг. Ийм ч учраас би 2013 онд Монголд “Том төрөөс ухаалаг төр рүү ” санаачилгыг дэвшүүлсэн юм.
Би мэдээллийн технологи, инноваци, өндөр технологийн амжилтыг асар том боломж, хөгжлийн хэрэглүүр гэж хардаг. Иймээс бусад төр засгийн удирдагчдад хандан энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрч, дээрхийг дэмжиж ажиллахыг уриалж байна.
Чингис хаан “Морины нуруун дээр дэлхийн талыг эзлэх амархан байсан. Харин мориноосоо буугаад төрөө төвхнүүлэхэд хэцүү” гэж нэгэнтээ хэлсэн. Энэ сургааль үгийн энэ цэнэ өнөөг хүртэл оршиж байна.
Эрхэм нөхөд өө,
“Азийн Форум” санаачилга
Ази, Номхон далайн бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд Монгол Улс өндөр идэвхитэй, үр бүтээлтэй оролцох сонирхолтой байгааг давтан илэрхийлье.
Азид тодорхой зорилт өмнөө тавьсан бүс нутгийн олон институци, нэгдэл байна. Гэтэл Ази тивийн бүх орныг оролцуулсан, хүртээмжтэй үйл ажиллагаа явуулдаг, нэгдсэн тогтолцоо, механизм байхгүй байна гэж хэлэхэд буруудахгүй.
Өнөөгийн байнга өөрчлөгдөн хөгжиж буй нийгэмд бид Азийн улс орон бүр адил тэгш эрхтэйгээр оролцож, нийтлэг асуудал бэрхшээлүүдээ ярилцдаг, бүс нутгийн бат бөх индэр үүсгэн байгуулах шаардлага байна.
Бүгд энд нэг хором амсхийе. Дэлхийн бөмбөрцөг дээр Ази хаана байна вэ?
Хэвлэмэл газрын зураг дээр Ази тив ингэж харагдаж байна. Хэрэв та улс орноор нь ялган харвал НҮБ-ын 48 гишүүн Азийн орнуудын жагсаалтыг харж болно.
Ази тив дэлхийн хуурай газрын 30 хувийг эзэлдэг. Дэлхийн нийт хүн амын 60 хувь нь Азид амьдарч байна. Энэ нь бид 4.4 тэрбумуулаа гэсэн үг. Дэлхийн ДНБ-ийг худалдан авах чадварын харьцаагаар үнэлвэл Азийн 48 улсын арав нь нэг их наяд ам.доллараас дээш байна. Азийн орнуудын дэлхийн ДНБ-нд эзлэх хувь тавны нэг байснаас гуравны нэг болтлоо өсчээ. Гайхамшигтай биш гэж үү?
Манай Ази тив Номхон далай, Энэтхэгийн далай, Умард Мөсөн далай гэсэн гурван далай, Арабын тэнгис, Улаан тэнгис, Газар дундын тэнгис, Каспийн тэнгис, Хар тэнгис нийлээд таван тэнгис, Урал мөрөн, Уралын нуруу, Кавказын нуруугаар хүрээлүүлсэн билээ. Мөн Суэцийн суваг, Босфорын хоолойгоор холбогдсон. Эдгээр далай, тэнгис, гол мөрөн, суваг хоолой, уул нурууд биднийг дэлхийн бусад тивүүдтэй холбодог.
Тэгэхээр та бүхэн энэ газрын зургийг харлаа. Хил хязгаарыг харлаа. Бидэнд ямар агуу их боломж Ази тивд байгааг харж байна. Тэгвэл бид яагаад НҮБ-ын 48 гишүүн орнуудыг бүгдийг нь нэгтгэсэн бүс нутгийн эвсэл, хамтран ажиллах механизмыг үүсгэн байгуулж болохгүй гэж?
Иймд өнөөдөр би энэ боломжийг ашиглаад бүх Ази тивийн хамтын ажиллагааг дэмжиж, нийтэд нь нэгтгэсэн институци байгуулах шинэ санаачилгыг дэвшүүлж байна. Бид үүнийг “Азийн Форум” гэж нэрлэж болно. “Азийн Форум” нь аюулгүй байдал, эрхзүйт ёс, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн салбарт голчлон анхаарах хэрэгтэй.
Хамгийн чухал нь “Азийн Форум” Ази тивийн том бага гэлтгүй бүхий л тусгаар тогтносон улс оронд эрх тэгш оролцох боломжийг хангах ёстой. Энэ Форум нь Азийн бүх улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хөгжлийн замналд саад болохгүй байхыг баталгаажуулах ёстой.
Форум нь ноёрхлыг үл тэвчиж, эрх тэгш байдлыг хангах тал дээр бүх улс орнуудын эрхийг баталгаажуулах ёстой. Дэлхийн тавцанд ганц ганцаар тэмцэлдэхийн оронд Азийн бүх улс орон хүчээ нэгтгэвэл зохилтой.
Монгол улс бидний цаг үед тулгамдаж буй зарим гол асуудлуудад гарц олж ажиллахын төлөө өөрийн бүхий л бололцоогоо дайчлахад бэлэн байна. Нээлттэй харилцаа холбоо, харилцан яриа нь улс орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлдэг гэдэгт бид итгэдэг.
Манай Гадаад хэргийн сайд энд бидэнтэй хамт байна. Бид Ази тивийн анд найз нартайгаа Монгол улсаас дэвшүүлж буй “Азийн Форум” санаачилгын талаар яриа хэлэлцээрийг цаашид улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Энэхүү санаачлагын талаар бид та бүхнээс нааштай санаа бодол сонсоно гэдэгтээ итгэлтэй байна.
Хүндэт нөхөд өө,
Дүгнэлт
Монгол Улс зүүн зүгт ардчиллын манлайлагчийн байр сууриа хадгалж үлдэх болно. Бид бүх улс орны шударга ёс, энхтайван, ардчилал, нэгдмэл эрх ашиг, хөгжлийн төлөө бат зогсох болно.
Хэрэв бид бие биесийнхээ тэнгэрлэг хүсэл тэмүүлэл, итгэл найдварын төлөө хамтдаа зогсч чадвал бид өөрсдийнхөө тэр хүсэл тэмүүллийг улам бэхжүүлж, хамгаалж буй хэрэг болно.
21-р зуун Азийн зуун байх болно. Ази тивийн ирээдүй бидний өмнө гэрэлтэж байна. Энэ 21-р зуунд хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс ноёлж, эв нэгдэл, хамтын ажиллагаа үйлчилсэн эрин зуун байхыг бид хүснэ.
Улам бүр нээлттэй, шинийг бүтээж, илүү сайн хамтран ажиллахыг урьтал болгож чадвал Ази тивийн бүхий л улс үндэстэнд өнө мөнхийн энхтайван, эв найрамдал, бүс нутгийн хамтын ажиллагааг бид бий болгож чадна.
Эх дэлхийдээ сайн сайхан амьдралыг цогцлоохын төлөө эвлэлдэн нэгдэцгээе.
Анхаарал тавьсанд баярлалаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт