Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөн тэрээр өчигдөр эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайд “Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” гэж хэллээ.
Манай улсын мэдээллийн зарим хэрэгслээр Ерөнхий сайд гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлсэн нь ташаа мэдээлэл байсан. Ерөнхий сайд ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. Харин Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд “Эрдэнэс Оюу толгой,” “Төркиз Хилл Резорсиз,” “Рио Тинто,” “Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан. Өнөөдрөөс эхлээд Оюутолгой Засгийн газрынх биш, улстөрийнх биш эдийн засаг, компани хоорондын асуудал болсон. Тиймээс улстөрчид энэ асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье. Эрдэнэтийн үйлдвэрийн адил энэ том төсөл үргэлжлэх ёстой гэж Засгийн газрын тэргүүн мэдэгдлээ.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор тэрээр зарим зүйлийг тодотголоо.
2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцээрийн үеэр аль ч тал санал тавиагүй. Гагцхүү далд уурхайг эхлүүлэх үндсэн асуудлуудаа ярилцсан. Төслийн удирдлагын менежментийн зардлыг зургаан хувиар тогтоосон байсныг далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх долоон жилийн хугацаанд гурван хувь байлгахаар харилцан тохиролцож чадсан.
Мөн Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54,9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон. Гарын үсэг зурсан энэ төлөвлөгөөг Засгийн газрын www.zasag.mn сайтад тавьж олон нийтэд хүргэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.
Энэ төлөвлөгөөнд гарын үсэг зурнаар Монгол Улсын Засгийн газрын бондын хувь хэмжээ, хүү, өөрийн үнэлгээ, Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү зэрэг эдийн засгийн үнэлгээ өсч байна. Сүүлийн хоёр жил гацсан, хорин сар царцсан энэ төсөл хөдлөлөө. Засгийн газар ийм бодит үр дүнгийн төлөө ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцэх үр дүн гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хэлж байна. Тиймээс аль нэгэн хувь улстөрчийн оноо цуглуулах ажлыг иргэд, улс орныхоо хувь заяаг шийдэхээс дээгүүрт тавьдгийг зогсоох цаг ирлээ. Оюутолгойн асуудлаа шийдлээ, дараагийн ээлжинд Засгийн газар УИХ-тайгаа хамтраад Тавантолгойн төслөө хөдөлгөхийн төлөө ажиллах болно гэж мэдэгдлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт