ББСБ-ийн хөгжил бүтэн 400 жилийг туулан санхүүгийн зуучлалын үүрэг улам бүр өсөж, хөгжлийн хандлага нь дэлхийн хөгжингүй орнуудад үнэт цаасны зах зээлийн идэвхтэй оролцогч, урт хугацаат санхүүгийн нөөцийн хуваарилалт, санхүүгийн түрээс болон факторингийн үйлчилгээ төдийгүй даатгал, эрсдэлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулах болсноор улам бүр ирээдүйтэй санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлж байна. Олон улсын зах зээл дэх ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээг харьцуулсан судалгаагаар АНУ-ын ББСБ-ын хөгжил хамгийн өндөр буюу ДНБ–ны 303.3%, бол манай улсад энэ үзүүлэлт 3,17% байна.
Манай улсад 1998 оноос бичил санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллагууд үүсэн байгуулагдаж, иргэдэд чиглэсэн үйлчилгээг үзүүлж “Хөгжлийн Алтан сан” хэмээх анхны ББСБ байгуулагдаж бичил зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн. 2000 оны эцэс гэхэд Монголбанкнаас 7 хязгаарлагдмал хариуцлагатай компани ББСБ-ын зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байсан бол өнгөрсөн оны III улирлын байдлаар 351 болж өргөжсөн байна. ББСБ-ийн тухай хуульд зааснаар ББСБ-ууд нь зээл, факторингийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, итгэлцлийн үйлчилгээ, богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхтэй юм.
Тус эрхийн дагуу ББСБ-ын 84.3 хувь нь зээл, 35.3 хувь нь гадаад валютын арилжаа /15.1 хувь нь гадаад валютын арилжааг дагнан эрхэлдэг/, 7.7 хувь нь хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, 1.7 хувь нь цахим төлбөр тооцоо мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, 4.5 хувь нь факторингийн үйлчилгээ, 3.1 хувь нь төлбөрийн баталгаа гаргах, 7.1 хувь нь итгэлцлийн үйлчилгээ, 0.6 хувь нь богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйлчилгээг тус тус эрхэлж явуулж байгаас дүгнэхэд зээл, валютын ажиллагааг дагнан эрхэлж байна. Нэг үгээр хэлбэл ББСБ-ын тоо олон, олон төрлөөр үйл ажиллагаагаа явуулах эрхтэй ч ББСБ-уудад бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийн хөгжил сул байсаар байна. 2014 оны III улирлын байдлаар ББСБ-уудын нийт актив 490.0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 42,4 хувиар өсжээ.
Зээлийн өрийн үлдэгдэл 293.9 тэрбум төгрөг, эзэмшигчдийн өмч 301.3 тэрбум төгрөг, дүрмийн сан 234.4 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын үзүүлэлтүүдтэй харьцуулахад нийт активын 2.7 хувьтай, зээлийн өрийн үлдэгдлийн 2.0 хувьтай, эзэмшигчдийн өмчийн 24.9 хувьтай, дүрмийн сангийн 58.7 хувьтай тус тус тэнцэж байна. Харилцагчдын тоо 518,489–д хүрч зээлдэгч 57 507, санхүүгийн түрээслэгч 660, факторингийн үйлчилгээнд хамрагдагсад 5, итгэлцлийн үйлчилгээнд 10 371, төлбөр тооцооны болон бусад үйлчилгээнд 450 061 үйлчлүүлэгч, харилцагчид тус тус хамрагдсан байна. ББСБ-ын 88.6 хувь буюу 311 ББСБ нь УБ хотод, 11.4 хувь буюу 40 ББСБ нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. ББСБ-уудын 75,2% буюу 198 ББСБ 1 тэрбум төгрөг хүртэл активтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бол 24,8% буюу Бүлэг 1,2-ийн 65 ББСБ 1 тэрбум төгрөгнөөс дээш активтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт активын 80%-ийг 1 тэрбум төгрөгнөөс дээш активтай/ Бүлэг-1, 2/ буюу 65 ББСБ -т ногдож байгаа бол 55,1%-ийг 5 тэрбум төгрөгнөөс дээш активтай буюу 18 ББСБ эзэлж байна. Өөрөөр хэлбэл ББСБ-ын зах зээлд цөөн тооны том ББСБ-ууд зах зээлийн 80%-ийг эзэлж байна гэсэн үг.
ББСБ-ын нийт эх үүсвэрийн 38.5 хувийг нийт өр төлбөр, 61.5 хувийг эзэмшигчийн өмч эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт өр төлбөр 47.8 хувиар, эзэмшигчдийн өмч 39.2 хувиар тус тус өссөн байна. Энэхүү өсөлтөд хувь нийлүүлсэн хөрөнгө 62.3 тэрбум төгрөгөөр, тухайлбал тайлант хугацаанд шинээр тусгай зөвшөөрөл авсан 91 ББСБ-ын нийт хувь нийлүүлсэн хөрөнгө 31.0 тэрбум төгрөг, тайлант хугацаанаас өмнө тусгай зөвшөөрөлтэй байсан ББСБ-ууд нийт 31.3 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан буюу нэмэлт хөрөнгө оруулалт, хуримтлагдсан ашгаар нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн байна. Өр төлбөр болон эзний өмчийн үзүүлэлтийг дүгнэн үзэхэд нийт эх үүсвэрийн 47,8 хувийг зөвхөн энгийн хувьцаа, 11,6%-ийг хуримтлагдсан ашиг, 26%-ийг дотоод, гадаадын банк санхүүгийн байгууллагад өгөх өглөг, 5%-ийг итгэлцлэлийн үйлчилгээний өглөгөөс бүрдүүлсэн байгаа нь харьцангуй тогтвортой, өртөг багатай, эх үүсвэр байна. Гэсэн хэдий ч өрийн бичиг, итгэлцлэл, хоёрдогч өглөгөөр эх үүсвэр бүрдүүлэх, нэмэгдүүлэх ажиллагаа сул байна. ББСБ-ийн активын 57,5% зээлд, 29,6% мөнгөн хөрөнгө, бусад хөрөнгөд 6,9%, үндсэн хөрөнгөд 3,4%, богино хугацаат хөрөнгө оруулалтанд 2,2%, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд 0,3%, факторингийн тооцооны авлагад 0,02% нь тус тус байршиж байгаагаас үзэхэд ашиг олох гол хэрэгсэл нь зээл бөгөөд хөрөнгө оруулалт, факторинг зэрэг орлого олох активыг ББСБ ашиглахгүй байгаа нь харагдаж байна.
ББСБ-ын үндсэн бизнес болох зээл сүүлийн жилд өсч чанаргүй зээлийн түвшин 6% хүрч эрсдэлийн зардал өмнөх oноос 1,6 дахин өссөн нь ББСБ- ийн эрсдэлийг нэмэгдүүлэх, ашгийн түвшинд нөлөөлөх хандлагатай байна. ББСБ-ын татварын дараах цэвэр ашиг 26,9 тэрбум төгрөгт хүрч 2013 оны мөн үеэс 5,9 тэрбум төгрөг буюу 28%-р, 2012 оны эцсээс 44,6%-иар тус тус өссөн байна. Энэ нь санхүүгийн зах зээлийн нийт ашгийн 12,9% -ийг эзэлж байна. ББСБ-ын 2013 оны ашгийн 50,1% нь I бүлгийн ББСБ –д, 34,7% нь II бүлэгт, 14,6% нь III бүлгийн ББСБ-д хамаарч байна. Өөрөөр хэлбэл 18 том ББСБ нийт ашгийн 50% ногдож байна. ББСБ-ын ашгийн харьцааны үзүүлэлтээс дүгнэн үзэхэд активын өгөөж 5,5%, өөрийн хөрөнгийн өгөөж 8,9%, цэвэр хүүгийн зөрүүний харьцаа 11,4% байна. Банкны салбарын ашгийн харьцааны үзүүлэлттэй харьцуулан үзвэл активын өгөөж 4.4 пунктээр өндөр байна.
2011-2014 оны III улирлын хугацаанд ББСБ –ын дундаж үзүүлэлт зохистой харьцааны бүх шалгуур үзүүлэлтийг хангасан ажиллаж байгаа нь ББСБ-ын эрсдэл даах чадвар өндөр байгааг илтгэж байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт маш өндөр буюу эрсдэл даах чадвар банкнаас /16%/ 4,15 дахин их байна. ББСБ-ын хөрөнгийн эх үүсвэр тогтвортой, хөрвөх чадвар өндөр, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг ханган ашигтай ажиллаж байгаа нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэх санхүүгийн таатай боломж байгааг харуулж байна. Манай улсын ББСБ-ын удирдлагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлэх замаар зах зээлээ тэлэх асуудлыг юу гэж харж байгааг судлах үүнээс Монголын ББСБ-ын холбоогоор дамжуулан ББСБ-ын удирдлагуудаас судалгаа авахад 50% нь 100 хувь өөрийн хөрөнгөөр, 25% нь өөрийн хөрөнгөөс гадна итгэлцлийн үйлчилгээгээр, 41% нь өөрийн хөрөнгийн зэрэгцээ банк, санхүүгийн байгууллагын зээл авч бүрдүүлсэн, хөрөнгөө хэрхэн байршуулж буй талаар асуухад 75 хувь нь эх үүсвэрийн 90-с дээш хувиа зээлд байршуулж байна гэж хариулснаас үзэхэд зээл олгох, валют арилжаа эрхэлж цөөн ББСБ итгэлцлийн үйлчилгээг эрхэлдэг болох нь харагдаж байна.
Тэд эрх зүйн орчин нээлттэй үйлчилгээнээс итгэлцлэлийн үйлчилгээг эрхлэх эрэлт өндөр байдаг хэдий ч эх үүсвэрийн дутагдалтай, үйл ажиллагаа явуулж буй хугацаа хүрдэггүй, бусад үйлчилгээний хувьд эрх зүйн орчин тодорхой бус, орлого бага, зах зээлийн судалгаа хийж байгаагүй, эрсдэл өндөр, боловсон хүчний чадвар дутмаг, харилцагчийн санхүүгийн мэдлэг дутмаг гэсэн шалтгааны улмаас бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэхэд хүндрэлтэй гэж хариулжээ. Эрх зүйн орчин бүрдээгүй ч олон улсад түгээмэл эрхэлж буй ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээнээс санхүүгийн түрээсийн үйлчилгээ, актив хадгалах (үнэт цаас хадгалах түүний орлогыг хүлээж авах энэ тухай мэдээлэх), андеррайтерын үйлчилгээ,брокер, диллерийн үйлчилгээ, даатгалын үйлчилгээ, хөрөнгө, нөөцийн удирдлагын зөвлөгөө үйлчилгээг нэвтрүүлэх боломж өндөр гэж үзсэн. Манай улсын ББСБ-ын бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцуулан судлахад хоёрдогч өглөг хэлбэрээр эх үүсвэр татах, төлбөрийн баталгаа гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээнүүд өргөжүүлэх боломж өндөртэй байгаа юм. Учир нь дээрх үйлчилгээнүүдийг эрхлэхэд нэмэлт дүрмийн сангийн хэмжээ шаардлагагүй тул бүх ББСБ эрхлэх боломжтой.
Төлбөрийн баталгаа гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг өргөжүүлэхийн тулд үйлчилгээний үр өгөөж, ач холбогдлыг зах зээлд таниулах сурталчлах, боловсон хүчнээ чадвахжуулах шаардлагатай байгаа бол хоёрдогч өглөг хэлбэрээр эх үүсвэр бүрдүүлэхийн тулд СЗХ, ББСБ-ын холбооноос ББСБ-уудад сургалт зохион байгуулах, ББСБ-уудын ажилчдыг чадвахжуулахад анхаарах замаар тус үйлчилгээг өргөжүүлэх боломжтой гэж харж байна. Шинжилгээгээр зээл, факторингийн үйлчилгээ мөн ББСБ-аас өрийн бичиг гаргах, дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас зээл авах , төслийн зээлийн санхүүжилт авах замаар эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой байна. Зээлийн үйлчилгээг эх үүсвэр дутагдалтай эрсдэлийн түшин өндөр байгаа одоогийн нөхцөлд зээлийн өрийн үлдэгдлийг нэмэгдүүлэх тухай ярих бус хугацааны хувьд урт, маш тогтвортой эх үүсвэр ашиглаж байгаа, эрсдэл даах чадвар өндөртэй Бүлэг -I, Бүлэг-II –т хамаарах ББСБ-ууд эрсдэл харьцангуй бага орон сууцны зээл, үл хөдлөх хөрөнгийн зээл, аж ахуй нэгжийн бизнесийн зээлийн төрлүүдэд диверсификаци хийж зээлийн эрсдэлийг бууруулан ажиллах замаар үйлчилгээгээ тогтвортой, найдвартай, эрсдэл багатай зах зээлд өргөжүүлэх боломж байгаа нь судалгаанаас харагдсан. ОУ-ын туршлагаас үзэхэд факторингийн үйлчилгээний үл буцах хэлбэр нь даатгалын үндсэн дээр явагддаг бөгөөд эрсдэл багатай хэлбэр болох буцах хэлбэрээр илүү хөгжсөн байна. Иймд факторингийн үйлчилгээг өргөжүүлэхийн тулд буцах факторингийн эрх зүйн үндсийг нээж өгөх шаардлагатай. Энэ нөхцөлд авлагыг даатгах зайлшгүй шаардлага байхгүй бөгөөд Монгол улсын хөрсөнд бодитоор буух боломж бүрдэнэ.
Хаалттай өрийн бичиг гаргахад дүрмийн сангийн нэмэлт санхүүжилт шаардлагагүй тул СЗХ-с эрх авах замаар шаардлага хангаж буй ББСБ гаргах боломжтой юм. Өрийн бичиг гаргах замаар эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж байгаа ч 2014 онд СЗХ-с “Банк бус санхүүгийн байгууллагаас гаргах хаалттай өрийн бичгийг бүртгэх журам ”-д зааснаар ББСБ-аас гаргах хаалттай өрийн бичиг нь 12 сар хүртэлх хугацаатай байх, хаалттай өрийн бичигтэй холбоотойгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглах зэрэг аливаа хэлбэрээр нийтийг хамарсан мэдээлэл түгээж, зар сурталчилгаа явуулах, гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ нь Монгол улсын иргэн, хуулийн этгээдээс хаалттай өрийн бичиг гаргах замаар мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэхийг тус тус хориглохоор заасан. ОУ-ын ББСБ-ын туршлагаас үзэхэд өрийн хэрэгсэл гаргах замаар санхүүгийн эх үүсвэрийн зонхилох хувийг бүрдүүлдэг. Иймд өрийн бичиг гаргах замаар эх үүсвэр бүрдүүлэх үйлчилгээг хөгжүүлэхийн тулд зах зээлд нээлттэй арилжаалах эрх зүйн үндсийг олгож өгөх хэрэгтэй байна.
Төслийн зээл болоод банк санхүүгийн байгууллагын зээл авах асуудал нь ББСБ-ын санхүүгийн чадамжаас шууд хамааралтай бөгөөд олон улсад ч энэ эх үүсвэрийг өргөн ашиглаж байна. Төслийн зээлийн 44% гадаадын зээл, дотоод, гадаадын банк, санхүүгийн байгууллагын зээлийн 48,9% нь валютаар авсан зээл байгаа нь ханшийн эрсдэлийг нэмэгдүүлсэн байна. 2014 оны III улирлын байдлаар ханшийн тэгшитгэлийн зардал 31,9 тэрбум төгрөгт хүрсэн, гадаад валютын нийт позиц сөрөг байгаа нь төгрөгийн ханшийн уналттай байгаа үед ханшийн эрсдэлийн удирдлагад анхаарч гадаад актив, пассивын зөрүүг бага байлгаж эрсдэлийг удирдах хэрэгтэй байна. Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, итгэлцлийн үйлчилгээ, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын зэрэг үйлчилгээг эрхлэхийн тулд УБ хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа ББСБ-ын дүрмийн сан 1 тэрбум төгрөгнөөс дээш байх, 3 жил үйл ажиллагаагаа явуулсан байх / итгэлцлэл дээр/ шаардлагаас хамаарч нийт ББСБ-ын 75,3%-ийн нь дүрмийн сан хүрэлцдэггүй улмаас эрхлэх боломжгүй байна. ББСБ-ын эрэлтийн судалгаагаар итгэлцлэлийн үйлчилгээний эрх авахад тавигдаж буй хугацааг багасгах хүсэлтэй байдгаа илэрхийлсэн байсан. Хувьцаа гаргах замаар эх үүсвэр бүрдүүлэхэд ХК-ний хэлбэрт шилжих тухай ББСБ-ын үйл ажиллагааны зохицуулалтын журамд хуульчилсан тул энэ эх үүсвэрийг ашиглахад хүндрэлтэй бөгөөд эрх зүйн үндсийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна.
Олон улсын ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээнд хийсэн судалгаанаас үзэхэд хуулийн этгээдэд харилцах данс нээх, төлбөр тооцоог нь гүйцэтгэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд ББСБ-ын эрэлтийн судалгаанаас тус үйлчилгээг 58,3% нь дэмжиж байгаагаа илэрхийлж эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. ББСБ-ын эрсдэл даах чадвар, ашгийн түвшин өндөр байгаа тул тодорхой шалгуур үзүүлэлт тавих замаар үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэснээр бид ББСБ-ын бүтээгдэхүүнийг өргөжүүлэх боломжтой гэж дүгнэж байна.
Ж.ОТГОНСҮХ /“БИЧИЛ ГЛОБУС ГРУПП”-ийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт