ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт

    Бүртгэлтэй ажилгүй иргэн

    Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 4 дүгээр сарын эцэст 48.5 мянга болсны 25.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 33.9 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 мян.хүн буюу 3.4 хувиар буурч, өмнөх сарынхаас 0.5 мян.хүн буюу 1.6 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.9 мянга буюу 53.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 4 сард ажилгүй 35.5 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4.1 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 38.6 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 29.4 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 44.6 хувийг бүрэн дунд, 7.1 хувийг суурь, 2.1 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

    Хүн амын эдийн засгийн идэвх

    Ажиллах хүчний судалгааны 2015 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1205.5 мянга байгаагийн 632.1 мянга буюу 52.4 хувь нь эрэгтэй, 573.4 мянга буюу 47.6 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 734.7 мянга буюу 60.9 хувь нь хот, суурин газарт, 470.8 мянга буюу 39.1 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

    Эдийн засгийн идэвхгүй хүн амын 242.1 мянга буюу 32.1 хувь нь тэтгэврийнхэн болон өндөр настан, 237.8 мянга буюу 31.6 хувь нь суралцагчид, 83.5 мянга буюу 11.1 хувь нь хүүхэд асарсан, 61.0 мянга буюу 8.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй, 54.5 мянга буюу 7.2 хувь нь  гэрийн ажилтай иргэд байна.Судалгааны дүнгээр 2015 оны 1 дүгээр улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэд 88.6 мянга байгаагийн 53.6 мянга буюу 60.5 хувь нь эрэгтэйчүүд, 35.0 мянга буюу 39.5 хувь нь эмэгтэйчүүд байна.

    Өрхийн орлого, зарлага

    Өрхийн нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 941.5 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 56.5 мян.төг буюу 6.4 хувиар нэмэгдлээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) 2015 оны эхний улиралд 861.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 23.6 мян.төг буюу 2.7 хувиар буурчээ.

    Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2015 оны эхний улиралд 963.3 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.8 мян.төг буюу 9.3 хувиар өссөн байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нэмэгдэхэд хүнсний бүтээгдэхүүний зарлага 23.7 мян.төг буюу 10.4 хувиар, хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 62.9 мян.төг буюу 10.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

    Хүн амын амьжиргааны байдал

    Нэг хүнд ногдох сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ (үнийн нөлөөллийг арилган тооцсон) амьжиргааны доод түвшнээс Төвийн бүсэд 84.7 хувь, Зүүн бүсэд 74.5 хувь, Хангайн бүсэд 72.1 хувь,   Улаанбаатар хотод 67.2 хувь, Баруун бүсэд 33.9 хувь, улсын дунджаас 65.7 хувиар их байна. Улсын  хэмжээнд  2015  оны  эхний улиралд хамгийн бага хэрэглээтэй бүлэг нийт хэрэглээнд 8.2 хувийг, хамгийн чинээлэг хэсэг 39.9 хувийг эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 4.9 дахин их байгааг харуулж байна.

    Нийгмийн даатгал

    Нийгмийн  даатгалын  сангийн  орлого  2015 оны  эхний  4  сард 430.3  тэрбум  төг, зарлага   487.8 тэрбум  төг болж, өмнөх  оны  мөн үеийнхээс  орлого  35.9  тэрбум   төг   буюу   9.1  хувь,  зарлага  79.8 тэрбум төг буюу  19.6 хувиар өслөө.Нийгмийн   даатгалын  сангийн орлого   2015  оны эхний  4 сард  өмнөх оны мөн үеийнхээс 35.9 тэрбум  төгрөгөөр  өсөхөд тэтгэврийн    даатгалын сангийн орлого 32.1  тэрбум  төг  буюу  11.7  хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

    Нийгмийн   даатгалын сангийн  зарлага   2015 оны эхний  4 сард өмнөх   оны   мөн  үеийнхээс  79.8    тэрбум   төгрөгөөр   нэмэгдэхэд   тэтгэврийн   даатгалын  сангийн зарлага  68.1  тэрбум төг буюу 21.5 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

    Нийгмийн халамж

    Нийгмийн  халамжийн  сангаас   2015  оны  эхний  4 сард 185.4 мян.хүнд 47.9 тэрбум төгрөгийн  тэтгэвэр, тэтгэмж  олгосон  бөгөөд өмнөх оны  мөн  үеийнхээс  нийгмийн халамжийн тэтгэвэр,  тэтгэмж авагчдын  тоо  22.8  мян.хүн  буюу  14.0   хувь,  олгосон   тэтгэврийн хэмжээ 3.1 тэрбум төг буюу 7.0 хувиар өсчээ. Нийгмийн   халамжийн  тэтгэвэрт 2015 оны   эхний   4  сард    63.1   мян.хүн  хамрагдсан   нь  өмнөх оны мөн үеийнхээс 8.2 мян.хүн  буюу 15.0 хувь  өсч,  олгосон    тэтгэврийн    хэмжээ   2.1  тэрбум төг буюу 8.3  хувиар нэмэгджээ.

    Нийгмийн  халамжийн  үйлчилгээ,  хөнгөлөлтөд  305.1   мян.хүн хамрагдсаны 72.2 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн   тусламжид  хамрагдсан  иргэд, 21.8  хувь  нь ахмад настан, 3.0  хувь   нь   хөгжлийн   бэрхшээлтэй иргэд,   2.1 хувь  нь нийгмийн халамжийн  үйлчилгээнд     хамрагдсан   иргэд,  0.9  хувь  нь   алдар  цолтой    ахмад настай иргэд байна.“Хүний хөгжил” сангаас 2015 оны эхний 4 сард 18 хүртэлх насны  1005.4 мянган хүүхдэд  81.2  тэрбум  төгрөгийг  хүүхдийн     мөнгөнд олгожээ.

    Эрүүл мэнд

    Улсын хэмжээнд 2015 оны эхний 4 сард 26398 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 26561 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 90 буюу 0.3 хувиар, хүүхдийн тоо 108 буюу 0.4 хувиар буурсан байна. Энэ оны 4 дүгээр сард 6757 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6787 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 65 буюу 1.0 хувиар, хүүхдийн тоо 43 буюу 0.6 хувиар өссөн байна.

    Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл 2015 оны эхний 4 сард 410 болж, өмнөх оны мөн үеийнхээс 24 хүүхэд буюу 5.5 хувиар, 5 хүртэлх насандаа 476 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс  40 хүүхэд буюу 7.8 хувиар буурчээ.

    Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 2015 оны эхний 4 сард 13579 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2407 хүн буюу 21.5 хувиар нэмэгдэхэд гахайн хавдраар өвчлөгчдийн тоо 185 хүн буюу 80.4 хувиар буурсан хэдий ч сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 77 буюу 5.0 хувь, вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 78 хүн буюу 18.2 хувь, гонококкт  халдвараар өвчлөгчдийн тоо 300 буюу 19.6 хувь, тэмбүүгээр өвчлөгчдийн тоо 385 буюу 16.2 хувь, салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 446 хүн буюу 21.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 185 байна.

    Аюулт үзэгдэл, осол

    Аюулт үзэгдэл, осол 2015 оны эхний 4 сард 1957 удаа гарч, 43 хүн амь насаа алдаж, 126.6 мян.толгой мал, амьтан хорогджээ. Харин объектын түймэр 1658 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 104 удаа  бүртгэгджээ. Объектын түймрийн улмаас 4.3 тэрбум төг, мал, амьтны халдварт галзуу өвчний улмаас 24.7 сая төгрөгийн хохирол учирч, аюулт үзэгдэл, осолд нийт 62.2 сая төг зарцуулсан байна. Объектын түймрийн улмаас 25 хүн, усны ослын улмаас 7 хүн, бичил уурхайн нурангины ослын улмаас 6 хүн, их цас, хүчтэй салхи, шуурганы улмаас 3 хүн,  ой, хээрийн түймэр болон сум, галт хэрэгслийн ослын улмаас тус бүр 1 хүн амь насаа алджээ.

    Гэмт хэрэг

    Улсын хэмжээнд 2015 оны эхний 4 сард 10451 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1332 хэрэг буюу 14.6 хувиар өсчээ. Гэмт хэргийн улмаас 3874 хүн гэмтэж, 406 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 545 буюу 16.4 хувь, нас барсан хүний тоо 54 буюу 15.3 хувиар  нэмэгдсэн байна.  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2015 оны эхний 4 сард 75.7 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 12.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 53.0 тэрбум төг буюу 3.3 дахин, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.3 тэрбум төг буюу 38.2 хувиар  өссөн байна.

    Улсын хэмжээнд 2015 оны эхний 4 сард  34.2 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 5.4 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 9141 буюу 21.1 хувь, баривчлагдсан хүний тоо 306 буюу 5.3 хувиар  буурсан байна.Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн  398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 152 хэрэг буюу 61.8  хувиар өссөн байна.  

    ДНБ, үйлдвэрлэлийн аргаар

    ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2015 оны эхний улиралд 2854.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 119.6 тэрбум төг буюу 4.4 хувиар өслөө. Үүнд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийн хэмжээ 9.2 хувь, аж үйлдвэр, барилгын салбарынх 13.1 хувь, үйлчилгээний салбарынх 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлөв.

    ДНБ-ий 4.4 хувийн өсөлтийн 3.3 пунктийг уул уурхай, олборлох салбар, 0.4 пунктийг хөдөө аж ахуйн салбар, 1.7 пунктийг үйлчилгээний бусад салбар  хангасан байна. ДНБ, оны үнээр 2015 оны эхний улиралд 4525.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 390.8 тэрбум төг буюу 9.4 хувиар өслөө.

    ДНБ, эцсийн ашиглалтын аргаар

    Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр  2015 оны эхний улиралд  4540.3 тэрбум төг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2921.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс оны үнээр 411.3 тэрбум төг буюу 10.0 хувь, зэрэгцүүлэх үнээр 124.5 тэрбум төгрөг буюу 4.4 хувиар өслөө. ДНБ-д 2015 оны эхний улиралд эцсийн хэрэглээ  78.8 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 13.2 хувь, цэвэр экспорт 8.0 хувийг эзэлж, өмнөх оныхоос эцсийн хэрэглээ 0.9 пункт, цэвэр экспорт 19.3 пунктээр өсч, харин хөрөнгийн нийт хуримтлал 20.2 пунктээр буурсан байна.

    Мөнгө, зээл, үнэт цаас

    Mөнгөний нийлүүлэлт (M2) 2015 оны 4 дүгээр сарын эцэст 9.7 их наяд төг болж, өмнөх сарынхаас 198.7 тэрбум төг буюу 2.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 498.3 тэрбум төг буюу 4.9 хувиар буурчээ.  Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2015 оны 4 дүгээр сарын эцэст 734.9 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 32.1 тэрбум төг буюу 4.6 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 106.7 тэрбум төг буюу 12.7 хувиар буурчээ. Нөөц мөнгөний бүрэлдэхүүн хэсэг болох банкуудын харилцах, хадгаламж 2015 оны 4 дүгээр сарын эцэст өмнөх сарынхаас 295.0 тэрбум төг буюу 16.7 хувиар буурч, 1473.8 тэрбум төгрөг боллоо.

    Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны 4 дүгээр  сарын эцэст 12.3 их наяд төг болж, өмнөх сарынхаас 26.3 тэрбум төг буюу 0.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 559.0 тэрбум төг буюу 4.8 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны 4 дүгээр сарын эцэст 587.8 тэрбум төг болж,  өмнөх сарынхаас 28.1 тэрбум төг буюу 5.0 хувь,  өмнөх оны мөн үеийнхээс 288.8 тэрбум төг буюу 2.0 дахин өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.8 хувийг эзэлж байна.

    Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2015 оны 4 дүгээр сарын эцэст 747.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 44.1 тэрбум төг буюу 6.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 130.9 тэрбум төг буюу 21.2 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.9 пунктээр өссөн байна

    Улсын нэгдсэн төсөв

    Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2015 оны эхний 4 сард 1675.0 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1919.8 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 244.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 139.2 тэрбум төгрөгөөр өсөхөд  зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 7.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.      Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 38.3  тэрбум төг буюу 2.7 хувиар өсөхөд нэмэгдсэн өртгийн албан татвар 115.0 тэрбум төг буюу 27.6 хувь,  гадаад үйл ажиллагааны орлого 17.0 тэрбум төг буюу 16.4  хувиар буурсан хэдий ч бусад татвар, төлбөр хураамжийн орлого 102.8 тэрбум төг буюу 72.4 хувь, онцгой албан татварын орлого 31.5 тэрбум төг буюу 23.2 хувь, нийгмийн даатгалын орлого 23.3 тэрбум төг буюу 8.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

    Гадаад худалдаа

    Монгол Улс  2015 оны эхний 4 сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2486.5 сая ам.долл, үүнээс экспорт 1452.3 сая ам.долл, импорт 1034.3 сая ам.доллар байна.

    Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 471.8 сая ам.долл буюу 15.9 хувь, үүний дотор импортын хэмжээ 491.9 сая ам.долл буюу 32.2 хувиар буурч, харин экспортын хэмжээ 20.1 сая ам.долл буюу 1.4 хувиар өсчээ.Гадаад худалдааны тэнцэл  2014 оны эхний 4 сард 94.0 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2015 оны эхний 4 сард 418.0 сая ам.долларын ашигтай гарчээ.

    Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 20.1 сая ам.долл буюу 1.4 хувиар нэмэгдэхэд хэдийгээр эрдэс бүтээгдэхүүний экспорт  35.2  сая  ам.долл,  нэхмэл бүтээгдэхүүнийх 26.4 сая ам.доллараар буурсан хэдий ч үнэт чулуу, металл, алтных 43.7 сая ам.долл, төмөрлөг бүтээгдэхүүнийх 16.0 сая ам.долл, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн экспорт 8.9 сая ам.доллараар өссөн нь нөлөөлөв.

    Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 491.9 сая ам.долл буюу 32.2 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний импорт 168.6 сая ам.долл, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийнх 95.7 сая ам.долл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн  эд ангийнх 92.4 сая ам долл, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 45.5 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2015 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.9 хувь, оны эхнээс 2.9 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувиар өслөө.

    Ерөнхий индекс 2015 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 4 дүгээр сард оны эхнээс 2.9 хувиар өсөхөд 2.1 нэгж (72.5 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, 0.5 нэгж (16.0 хувь) нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

    Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2015 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 9.2 хувиар өсөхөд 2.3 нэгж (24.9 хувь) нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс, 1.9 нэгж (21.2 хувь) нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс, 1.6 нэгж (17.5) нь орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн өсөлтөөс шалтгаалсан байна.

    Мал аж ахуй

    Улсын  хэмжээнд  2014  оны  эцэст тоологдсон төллөх насны 22.2 сая хээлтэгч малын 15.6 сая буюу 70.3 хувь нь 2015 оны эхний  4 сард төллөсөн байна. Эм  ямааны 73.3 хувь, эм хонины 75.6 хувь, ингэний 31.4 хувь, үнээний 40.8 хувь, гүүний 25.6 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 97.7 хувь буюу 15314.5 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны  мөн үеийнхээс  1969.4 мянга буюу 14.8 хувиар нэмэгдсэн байна. Хээлтүүлэгт орвол зохих 76.4 мянган ингэний 79.7 хувь буюу 61.0 мянга нь энэ оны 5 сарын 1-ний байдлаар хээлтүүлэгт орсон байна.

    Аж үйлдвэр

    Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2015 оны эхний 4 сарын байдлаар 2467.8 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 52.2 тэрбум төг буюу 2.2 хувиар өслөө. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 47.1 тэрбум төг буюу 2.9 хувиар буурч, харин боловсруулах аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 55.4 тэрбум төг буюу 9.5 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын нийт үйлдвэрлэл 43.9  тэрбум төг буюу 19.0 хувиар өссөн байна

    Тээвэр

    Төмөр замын тээврээр 2015 оны эхний 4 сард 5659.6 мян.т ачаа, давхардсан тоогоор 927.9  мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 402.6 мян.т буюу 6.6 хувь, зорчигчид 155.5 мян.хүн буюу 14.4 хувиар буурчээ. Төмөр замын нийт тээсэн ачаанд 2015 оны эхний 4 сард дотоодын ачаа 52.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 пунктээр буурахад дотоодын нүүрс тээвэрлэлт 91.2 мян.т буюу 3.9 хувь, цементийн тээвэрлэлт 108.4 мян.т буюу 38.3 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Нийт тээсэн ачаанд экспортын ачаа 24.9 хувь, импортынх 11.0 хувь, дамжин өнгөрсөн ачаа 12.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс экспортын ачааных 2.3 пункт, импортынх 0.3 пунктээр нэмэгдэж, харин дамжин өнгөрсөн  ачааных 1.2 пунктээр буурсан байна.

    Төмөр замын тээврийн салбарын орлого 2015 оны эхний 4 сард 109.6 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.5 тэрбум төг буюу 10.3 хувиар буурчээ.Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2015 оны 4 дүгээр сард 1495.9 мян.т болж, өмнөх сарынхаас тээсэн ачаа 47.2 мян.т буюу 3.3 хувь, орлого 31.3 тэрбум төгрөг болж, 6.0 тэрбум төг буюу 23.5 хувиар өсч,  харин зорчигчид 221.9 мян.хүн болж,  3.9 мян.хүн буюу 1.7 хувиар буурчээ.

    Агаарын тээврээр 2015 оны эхний 4 сард 812.1 т ачаа, давхардсан тоогоор 167.3 мян.зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 269.5 т буюу 24.9 хувь, зорчигчид 36.1 мян.хүн буюу 17.7 хувиар буурчээ.Агаарын тээврээр 2015 оны эхний 4 сард дотоодод зорчигчид 51.2 мян.хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 31.0 мян.хүн буюу 37.7 хувь, олон улсад зорчигчид 116.1 мян.хүн болж, 5.2 мян.хүн буюу 4.3 хувиар буурчээ.

    Дотоод  худалдаа

    Улсын хэмжээнд 2015 оны эхний улиралд нийт 60.5 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 23.1 мянга буюу 38.2 хувь нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.    Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэг аж ахуйн нэгжид ногдох орлого  2014 оны эхний улиралд 319.0 сая төг байсан бол 2015 оны эхний улиралд 319.4 сая төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 400 мянган сая төг буюу 0.1 хувиар нэмэгджээ.

    Бөөний болон жижиглэн худалдааны салбарын нийт борлуулалт  2015 оны эхний улиралд 2237.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 тэрбум  төг буюу  0.3 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс жижиглэн худалдааны борлуулалт 31.5 тэрбум төг буюу 3.0  хувиар буурч, бөөний  худалдааных  37.1 тэрбум төг буюу  3.1 хувиар өслөө.

    Нийтийн хоол

    Нийтийн хоолны салбарын мэдээнд 2015 оны эхний улиралд 689 аж ахуйн нэгж хамрагдсан нь уг салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 44.1 хувь, нийт орлогын 85.0 гаруй хувийг эзэлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн нийт орлого 2015 оны эхний улиралд 43.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.1 тэрбум төг буюу 26.7 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд тусгай захиалгат хоолоор үйлчилдэг аж ахуйн нэгжийн орлого 1.4 тэрбум төг буюу 13.0 хувиар буурсан хэдий ч рестораны орлого 9.2 тэрбум төг буюу 71.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ

    Зочид буудал

    Зочид буудлын мэдээнд 2015 оны эхний улиралд 281 аж ахуйн нэгж хамрагдсан нь, уг салбартаа үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 57.2 хувь, нийт орлогын 80.0 гаруй хувийг эзэлж байна.Эдгээр аж ахуйн нэгжийн орлого 2015 оны эхний улиралд 19.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 тэрбум төг буюу 8.9 хувиар буурахад энгийн буудлын орлого 1.4 тэрбум төг буюу 13.2 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Зочид буудлын нэг өрөөнд ногдох дундаж орлого 2015 оны эхний улиралд 3528.8 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 551.4 мян.төг буюу 13.5 хувиар буурахад энгийн буудлын нэг өрөөнд ногдох дундаж орлого 591.8 мян.төг буюу 18.9 хувиар, 2 одтой буудлынх 556.9 мян.төг буюу 23.5 хувиар буурсан нь голлон нөлөөлөв.

    Даатгал

    Улсын хэмжээнд 2015 оны эхний улиралд 17 аж ахуйн нэгж, байгууллага даатгалын үйл ажиллагаа эрхэлж,  даатгалын хураамжийн орлого 35.0 тэрбум төгрөгт хүрч, даатгалын нөхөн төлбөрт 9.5 тэрбум төг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс даатгалын хураамжийн орлого  11.6 тэрбум төг буюу 49.3 хувь, даатгалын нөхөн төлбөр 1.3 тэрбум төг буюу 15.2 хувиар нэмэгджээ

    Даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 11.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эд хөрөнгийн даатгалын орлого 2.8 тэрбум төг буюу 19.6 хувиар буурсан хэдий ч  хариуцлагын даатгалын орлого 13.8 тэрбум төг буюу 3.5 дахин өссөн нь голлон нөлөөлжээ.Даатгалын нөхөн төлбөр өмнөх оны мөн үеийнхээс 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд  санхүүгийн даатгал 0.9 тэрбум төг буюу 79.8 хувь, хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 0.4 тэрбум төг буюу  9.9 хувиар  өссөн нь голлон нөлөөлжээ.

    Даатгалын байгууллагад 2015 оны эхний улиралд давхардсан тоогоор 347.0 мянган даатгуулагч даатгуулснаас хариуцлагын даатгалд 135.5 мянга буюу 39.1 хувь, эд хөрөнгийн даатгалд 112.7 мянга буюу 32.5 хувь, амь нас, эрүүл мэндийн (арилжааны) даатгалд 85.9 мянга буюу 24.7 хувь, санхүүгийн даатгалд 12.8 мянга буюу 3.7 хувь нь хамрагджээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй