Өчигдөр хуралдсан Засгийн ээлжит хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцжээ.
Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчилэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа Ариун цэврийн тухай хууль нь цаг үеийн шаардагыг бүрэн хангахгүй байгаатай холбоотой юм. Хүний эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг цогцоор нь шийдвэрлэх зарчмыг баримтлан Эрүүл ахуйн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хууль батлагдснаар хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг хангуулах талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тогтоож салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулна. Хүн амын суурьшлын бүс, орон сууц, барилга байгууламж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд тавих эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хуульчлан тогтоосноор хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл ахуйд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амыг өвчлөлөөс сэргийлэх нөхцөл бүрдэнэ. Хуульд нийцүүлж эрүүл ахуйн аюулгүй байдлын шаардлагыг сахиулахаар тогтоосон дүрэм, журмыг боловсронгуй болгох нөхцөл хангагдана. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлснээр хуулийн хэрэгжилт сайжирч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хариуцлага дээшилнэ гэж тооцсон байна.
Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо. Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан сургалтын хөтөлбөртэй байх бөгөөд хүүхэд бүрийн чадавхид үндэслэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөх таатай боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн хөтөлбөр нь Энэтхэгийн дунд боловсролын ерөнхий зөвлөл ба Монгол Улсын сургалтын хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасан байхаас гадна олон улсын шилдэг туршлагуудыг тусгах юм. БНЭУ-ын Засгийн газрын санхүүжилтээр олон улсын жишигт нийцсэн сургуулийн барилга болон бусад дэд бүтцийг барьж байгуулах бөгөөд Монголын тал тус сургуулийг барих газрыг олгож, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хөдөө аж ахуй, уул уурхайн түүхий эдийн нөөцийг эргэлтэд оруулж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, үнэ цэнэ шингэсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж эдийн засгийн тогтвортой байдлыг хангах гол үзэл баримтлалд тулгуурлан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 30,3 хувийг бүрдүүлж, оны үнээр 9.8 их наяд төгрөг болж өссөн өсөлтийн ихэнх хувь нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан технологийн агууламжгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэл байна. Аж үйлдвэрийн гол салбар болох боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүний хэмжээ ДНБ-ний 8.3 хувийг эзэлж байгаа юм. Экспортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 35.2 хувиар өссөн ч бүтээгдэхүүний бүтцэд хийсэн дүн шинжилгээгээр экспортын 97 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн технологийн агууламж багатай бүтээгдэхүүн байна. Энэ нь цаашид боловсруулах үйлдвэрийн чадавхийг сайжруулах, нэмүү өртөг шингээх, экспортын бүтээгдэхүүний технологийн агууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлттэй зээлийг төрөөс 10 жилийн хугацаатайгаар нэг удаа олгох, өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлж нутагшуулсан, экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртлэх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа буцаан олгох зэрэг заалт тусгагдсан байна.
Олон Улсын Цахилгаан холбооны тухай хуулийн төсөл боловсруулна
Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагын 2010 оны Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурлаар хэлэлцэн баталсан “Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм болон конвенц”-ийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн баталж, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаад даалгалаа.
Бүрэн эрхт төлөөлөгчдийн бага хурлаар хэлэлцэн баталсан Үндсэн дүрэм болон конвенцид орох нэмэлт өөрчлөлтийг Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтын дагуу УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай юм.
Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа
Монгол Улсын Засгийн газар Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 36 улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд 37 дахь хэлэлцээрийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулахаар тогтлоо. Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн манай оронд хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар тохирч, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.
Хэлэлцээрийн хүрээнд тал тус бүрээс нэг агаарын тээвэрлэгч томилох, нислэг гүйцэтгэх цэг нь Улаанбаатар, Минск хот байх, бусад улсын нутаг дэвсгэр дэх цэгийг нислэг гүйцэтгэх үед сонгож тохиролцох, борлуулалтын орлого болон нислэгийн үед хэрэглэх агаарын хөлгийн бүхээг дэх нөөц, сэлбэг, шатахууныг татвараас чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хэлэлцээрээр олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхэд тавигдах нийтлэг шаардлага, зохицуулалтыг тодорхойлж аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтын шаардлагыг тохиролцжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт