Төрийн өмчит нийт 823 хуулийн этгээдэд 5259 автомашин бүртгэлтэй байна. Үүний 921 нь том оврын жип машин, 162 нь дунд оврын жип машин байгаа юм. 2014 онд автомашины зардалд 59 тэрбум төгрөг гаргасан нь суудлын автомашины ашиглалтад онцгой анхаарал хандуулж холбогдох шийдвэр гэргэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын, хөдөө ажлын гэж ангилан тогтоож, “Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт”-ыг баталлаа.
Тогтоолын хавсралтын 1-1-д заасан албан тушаалтан хөдөө ажлын зориулалтаар хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 3501-4700 см3 автомашинтай байхыг зөвшөөрч, УИХ-аас байгуулдаг бусад байгууллага, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, яам, Засгийн газрын агентлагуудын хөдөө ажлын зориулалтаар ашиглаж байгаа автомашинуудыг Засгийн газрын Автобаазад төвлөрүүлж, нэгдсэн журмаар гэрээний үндсэн дээр тээврийн үйлчилгээ үзүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.
Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан хотын дотор хуанлийн хоногт дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хот дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс илүүгүй байхаар тогтоож, ажлын хоногт дунджаар 40 км, хөдөө ажлын автомашины зардлыг тухайн албан тушаалтны томилолтын төсөвт оруулан баталж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Суудлын автомашины гүйлтийн лимитийн хэмжээг хэтрүүлсэн шатахууны зардлыг хэрэглэгч байгууллага, албан тушаалтнаар нөхөн төлүүлж байх журам гарган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.
Төсвөөс санхүүждэг байгууллага хот доторхи ажил, үйлчилгээнд хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж нь 2500 см3-ээс дээш, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглож, энэ талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болголоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт