Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар сэтгүүлчдэд зориулан мэдээлэл хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ:
“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Болгарын анд нөхөд, энд хүрэлцэн ирсэн хүмүүсийн өдрийн мэндийг айлтгая.
Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Энэ айлчлал уг ойн жил болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм. Өнөөдөр би эрхэмсэг хүндэт Ерөнхийлөгчтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн байдлаар уулзалт хийж, хоёр орны, хоёр талын сонирхсон асуудлуудаар маш амжилттай хэлэлцээ хийж чадлаа.
Манай орны хоорондын харилцаа түүхэн суурьтай харилцаа юм. Бидний өмнөх үеийнхэн энэ суурийг тавьсан. Бидний үеийнхэн энэ харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Манай урлагийн олон авьяастнууд, алдартнуудын ихэнх нь Болгар улсад төгссөн байдаг. Спортын олон алдартнууд мөн тус улсад төгссөн байдаг. Олон геологичид, эмч нар, эрдэмтэд Болгар улсад мэргэжил эзэмшсэн байдаг. Монголоос нийтдээ 5000 гаруй хүн тус улсад мэргэжил эзэмшсэн.
Өнөөдөр Болгар Улсын Ерөнхийлөгч улс төр, эдийн засаг, бизнесийн өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн явдалд бид туйлын талархаж байгаа. Айлчлалын хүрээнд хоёр талын бизнес уулзалт болно. Болгарын тал Монгол орныг Европын холбооны хүрээнд болон олон улсын хүрээнд маш идэвхтэй дэмжиж байдагт үргэлж талархаж байдгаа илэрхийлье.
Европт бид Болгарыг өөрийн хамгийн дотнын, Монгол Улсын хамгийн сайн анд нөхөр гэж үздэг. Мөн Монгол Улсыг тус бүс нутагт Болгар Улс мөн тэгж үзэж цаашид харилцана гэдэгт итгэж байна. Өнөөдөр бид богино хугацаанд тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурж чадлаа. Энэ бүхэн манай хоёр орны баримт бичиг зурсан салбаруудын харилцааг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байх болно. Эрхэм Ерөнхийлөгч болон хамт дагалдан яваа төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсч байна. Баярлалаа” гэлээ.
Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев хэлсэн үгэндээ:
“Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч таньд биднийг халуун дотноор, найз нөхдийн хувиар хүлээн авсанд ихэд баярлаж буйгаа илэрхийлье. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жилд миний энэхүү айлчлал тохиож байгаад их баяртай байна.
Болгар, Монголын харилцаа сүүлийн жилүүдэд их амжилттай хөгжиж ирлээ. Улаанбаатар хотод болсон уулзалт бас маш их амжилттай боллоо гэж үзэж байна. Монгол Улс бол манай улсын Ази дахь хамгийн найдвартай түнш, бидний дотнын анд нөхөд юм. Болгарын талаас өнгөрсөн жилүүдэд үзүүлсэн техникийн тусламжаар Монголын 500 илүү иргэн Болгарт дээд боловсрол эзэмшсэн бөгөөд мөн 3000 гаруй хүн БНБУ-д мэргэжил дээшлүүлсэн байдаг.
Энэхүү айлчлалын үеэр хоёр орны харилцааг эмийн үйлдвэрлэл, эрчим хүч, газар тариалан, хүнсний болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт, мөн өндөр технологи болон сүүлийн үеийн дэд бүтэц байгуулах зэрэг салбарт өргөжүүлэх чиглэлээр бидний яриа хэлэлцээ үргэлжиллээ. Болгар Улсын Их Хурал Монгол Улс болон Европын холбоотой харилцах гэрээг баталсан. Ингэснээр Болгар, Монголын харилцаа, Болгар, Европын холбооны харилцаа улам бүр өргөжин хөгжинө гэж итгэж байна.
Манай хоёр орны харилцаа мөн гадаад харилцааны салбарт үргэлжлэн хөгжинө гэдэгт найдаж байна. НҮБ, мэргэжлийн байгууллагуудын шугамаар энэ харилцаа хөгжинө гэж найдаж байна. Ирэх 2016 онд Улаанбаатар хотод болох Европ, Азийн уулзалт /АСЕМ/-ыг Монгол Улс амжилттай зохион байгуулна гэдэгт найдаж байна. Энэ уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол орны нэр хүнд дэлхий дахинд улам бүр өснө гэж бодож байна. Баярлалаа” гэв.
Мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар хоёр талын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
МҮОНТВ, ММ агентлаг: -Монгол Улсад өнөөдөр хамгийн хэрэгтэй зүйл бол чадварлаг боловсон хүчин юм. Болгарын боловсролын салбар, тэр дундаа дээд боловсрол нь Европын холбоонд, мэдээллийн технологийн салбар нь дэлхийд дээгүүр байрт ордог. Монгол оюутнууд Болгар Улсад дээд боловсрол эзэмшихэд гардаг нэг асуудал нь виз байдаг. Энэ талаар өнөөдөр ярилцсан болов уу? Мөн Болгарын тал ойрын хугацаанд Монголд Консулын газраа байгуулах уу?
Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев:
-Болгарт мэдээллийн технологийн салбар өндөр хөгжсөн уламжлалтай гэдэгтэй санал нэг байна. Энэ чиглэлийн дэлхийн бүх шилдэг фирмүүд, тухайлбал, "Microsoft" зэрэг компанид манай олон мэргэжилтэн ажиллаж байгаа. Программ хангамжийн чиглэлд Болгарын мэргэжилтнүүд маш их амжилт гаргасан. Ойрын үед Монгол Улстай энэ чиглэлд хамтран ажиллаж амжилт гаргах боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл, Болгарын “Контраст” компани Монголын хотын тээврийн үйлчилгээнд программ хангамжаар туслан оролцож ажиллаж байна. Энэ бол зөвхөн эхлэл юм. Цаашид энэ харилцаа улам бүр өргөжин амжилттай хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Болгарын Элчин сайдын яам Улаанбаатарт ажиллаж байгаа. Болгарын Гадаад хэргийн яамнаас Элчин сайдын яаман дээрээ Консулын газар нээхээр ажиллаж байна. Хоёр орны хооронд найрамдал, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд олон ажил хэрэгч хөтөлбөр дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд Элчин сайдын яам амжилттай ажиллаж чадна гэж итгэж байна. Болгар Улс шилжилтийн үедээ байна. Тиймээс бүх зүйлийг шийдэх боломж хараахан бүрдээгүй байна. Энэ бүх саад тотгорыг арилгаж, хоёр орны харилцааг цаашид амжилттай хөгжүүлэхийн төлөө бид шаргуу ажиллаж байна.
Болгарын “Эдийн засаг” сэтгүүл: -Хэлэлцээний үеэр хоёр орны хооронд бизнесийн салбарт хамтран ажиллах асуудлыг нэлээд хөндсөн байна гэж үзэж байна. Энэ хүрээнд тодорхой чиглэлээр яригдсан зүйл бий юу?
Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев:
-Монголд хүлэмжийн аж ахуй хөгжүүлэх талаар эхлээд гарын үсэг зурлаа. Энэ бол шилжилтийн төсөл юм. Ойрын үед Улаанбаатар хотын дарга манай Софи хотод айлчилна. Тэр үеэр Софи хотын метрог бид үзүүлнэ. Манай метро бол Европт хийгдсэн шилдэг төслүүдийн нэг юм. Үүгээрээ бид маш их бахархдаг.
Эмийн үйлдвэрлэлийн салбарт Болгар улс маш их туршлагатай. Тиймээс Монголд эмийн хамтарсан үйлдвэр байгуулах төсөл яригдаж байна. Зүүн Европдоо Болгар Улс эмийн үйлдвэрээрээ тэргүүлдэг. Монголд олон жилийн өмнөөс Болгарын эм худалдаалагдаж ирсэн. Энэ үйл ажиллагаа үйлдвэрлэлийн салбарт маш их ирээдүйтэй хөгжинө гэж найдаж байна.
Болгар Улс нар, салхи, усан цахилгаан станцын салбарт их туршлагатай. Хүнсний үйлдвэрлэлийн салбарт мөн их туршлагатай. Энэ салбарт хоёр орны хамтарсан үйлдвэр байгуулж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж Хятадын зах зээлд гаргах их ирээдүй байна гэж харж байна. Цаашлаад Батлан хамгаалахын салбарт бид хамтарч болно. Батлан хамгаалахын салбарт Болгар Улс мөн их туршлагатай. Тухайлбал, манай “Оптик” гэдэг компани шөнийн дурангийн үйлдвэрлэлээр маш их амжилт олсон. Манай Батлан хамгаалахын сайд энд хүрэлцэн ирж, зочилж байгаа. Тиймээс энэ чиглэлээр хамтарсан хэлэлцээ явагдах байх гэж найдаж байна. Баярлалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Их баярлалаа. Эдийн засгийн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Болгар Улсын Ерөнхийлөгчийн айлчлал ямар учраас чухал вэ гэдэг дээр гурван зүйл хэлье. Нэгдүгээрт, эдийн засаг. Манай хоёр улс уламжлалт эдийн засгийн харилцаатай байсан. Энэ харилцаа унтаа байдалд олон жил болж байгаа. Энэ харилцааг эрхэмсэг Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бид сэрээж чадна гэдэгт бүрэн итгэж байна. Яагаад гэвэл бизнесийн өргөн төлөөлөл ирсэн. Мөн манайд ч, Болгарт ч хоёуланд нь төрд мөнгө бага байгаа. Тэгвэл манай хувийн хэвшлийнхэн мөнгөтэй. Тэдэнд хамтран ажиллах сонирхол бий. Тиймээс энэ хоёрыг уулзуулж өгөх нь бидний үүрэг. Уулзуулснаар эндээс хамтарсан үйлдвэрлэл, хамтарсан бизнес гарна гэдэгт итгэж байгаа. Тийм боломж бүрэн бий.
Хоёрдугаарт, Болгар Улсад хийгдэж байгаа олон бүтээгдэхүүн Европын зах зээлд гарсан. Амжилттай явж байгаа бизнесийн олон төрлөөр Монголтой хамтарч ажиллах, бизнесийн шинэ боломжуудыг авч ирэх ийм чиглэл харагдаж байгаа юм.
Удахгүй Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Болгарт айлчилна. Р.Бурмаа бол Болгарт төгссөн хүн. Хөдөө аж ахуйн салбарт Монгол, Болгар хоёрт хамтран ажиллах маш их боломж байгаа. Энэ салбарт шинэ боломжууд байгааг харуулж чадна гэж бодож байна.
Хотын Засаг дарга Э.Бат-Үүлийг бас Болгарт айлчлуулахаар ярьж байна. Э.Бат-Үүл дарга Улаанбаатарт метро байгуулах талаар их ярьж байгаа. Хүмүүс харин үүнийг сайн ойлгож дэмжих талдаа муу байдаг. Болгарын Софид барьсан метро бол Европын бусад оронд барьсан метроноос шинэлэг, хурдтай, зардал нь хэд дахин бага, богино хугацаанд барьсан метро юм. Гуравхан жилийн дотор аж ахуйн үндсэн дээр Софиг метрогоор хангаж чадсан. Энд асар их ашиг байгаа. Манайд газар доогуур метро барихад хэцүү гэж байсан. Тиймээс Э.Бат-Үүл даргыг явуулъя гэж бодож байна.
Гуравт, цаашдаа Болгарт оюутан сургах боломжийг нэмэгдүүлнэ. Бас болгар оюутнуудыг Монголд ирж суралцахад нь дэмжлэг үзүүлье гэж бодож байгаа. Хамгийн гол нь мэдээллийн технологи, байгаль орчин гээд бусад хамтарч ажиллаж болох олон салбар байгаа гэдгийг хэлье .
Хуучин анд нөхөр удаж удаж нэг айлчлахаараа бөөн сайхан мэдээтэй, сайхан бэлэгтэй ирдэг. Яг ийм байдалтайгаар Болгарын Ерөнхийлөгч Монголд айлчилж байна. Маш олон салбарын сайд, олон салбарын бизнесүүд ирсэн байна. Тиймээс хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм Ерөнхийлөгч миний урилгыг хүлээн авч ийм өргөн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад айлчилж байгаад туйлын баяртай байна.
Маргааш та бүхэн Монгол орны байдал, малчдын амьдрал, соёл, бусад зүйлтэй танилцах боломжтой. Олон сайн харилцаа тогтож чадах байх гэж найдаж байна. Их баярлалаа гэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт