ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аугаа их Эх орны дайны ялалтын баярын мэндчилгээ

    1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Оросын Холбооны Улсын ард түмэн, генерал, офицер, ахлагч, түрүүч байлдагч нар, дэлхийн улс орны эрхэмсэг зочид, төлөөлөгчид та бүхэнд түүхт ойн баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

    Зөвлөлт-Монголын ард түмний найрамдалт харилцаа тэртээх 1921 онд  Монголд өрнөсөн ардын хувьсгалаас улбаалан, улмаар түүхийн он цагийн хэлхээнд бэхжиж, 1939 оны Халхын голын дайнд хамтран байлдаж, ялалтын уухайг өргөлцөж байсан билээ.

    Өнгөрсөн онд бид Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэсэн бол энэ жил Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байна.

    1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дайн эхлэхэд Монгол Улсын төр, засгийн газар мэдэгдэл гаргаж ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхыг нотолж дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн. Хөдөлмөрч ард түмнийхээ халуун сэтгэлийн хандиваар бэлгийн цуваануудыг бүрдүүлэн, шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилийг байгуулан  Улаан армид бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэснийг эргэн дурсахад бахдалтай байна. Оросын ард түмэн, баатарлаг цэрэг эрсүүд мөнхийн алдраа дуурсган хүн төрөлхтнийг аварч түүхэн ялалт байгуулсныг Монголын ард түмэн гүнээ хүндэтгэж байдаг билээ.

    1945 оноос өнөөг хүртэлх хугацаанд Орос-Монголын харилцаа, тэр дундаа цэрэг, армийн түүхэнд олон тэмдэглэлт, эргэн дурсагдах үйл явдлууд байсан бөгөөд Монголын ардын армийг өргөтгөн зохион байгуулахад зэвсэглэл, байлдааны техник хэрэгслээр хангасан, цэрэг, дарга нарыг цэргийн эрдэмд шамдан боловсроход бүх талаар туслаж байсан зэргийг онцлон тэмдэглэж байна.     

    Мөн энэхүү түүхт 70 жилийн ойн “Цэргийн ёслолын жагсаал”-д анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын бүрэлдэхүүн оролцож, Москва хотын Улаан талбайд жигдрэн жагсаж байгаад Монголын ард түмэн, төр засгийн удирдлагууд болон Батлан хамгаалахын сайд миний бие, цэрэг эрс маань Оросын ард түмэнд баярлаж, гүн хүндэтгэлтэйгээр хандаж буйгаа илэрхийлэхэд таатай байна.

    Мөнхийн хөрш, ах дүүгийн найрамдалт Оросын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын баярын мэндийг дахин хүргэж, Орос-Монголын найрамдалт харилцаа улам батжиж, түүхийн алтан хуудсууд улам баяжин дэлгэрэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

    БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй