Дэлхийн II дугаар дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын ЭСЯ-наас энэ сарын 4-нд зохион байгуулсан Жанбэй дэх Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Монгол Улс, ОХУ, Армен, Азербайжан, Беларус, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг орнуудын Элчин сайд, Элчин зөвлөх, Цэргийн атташе нар болон бусад дипломат ажилтнууд, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын удирдлага, Жанчхүү хотын Ардын засгийн газрын удирдлага оролцлоо.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.И.Денисов, Азербайжанаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Латиф Гандилов, ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын орлогч дарга Носиров Азиз Абдуллаевич, Жанчхүү хотын Ардын засгийн газрын орлогч дарга Жэн Лижун нар Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, үг хэлсэн юм.
Элчин сайд Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ, “Манай орнуудын ард түмэн дэлхийн II дайны ялалт болон дэлхийд энх тайван, шударга ёс тогтоохын төлөө фашист, милитарист хүчний эсрэг мөр зэрэгцэн тэмцэж, шийдвэрлэх хувь нэмэр лэхоруулсан билээ. Дайны эхний өдрөөс эхлэн Монголын ард түмэн бүхнийг ялалтын төлөө, бүхнийг фронтын төлөө гэсэн уриа дэвшүүлж, Зөвлөлтийн Улаан армид сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж байсан. Бид, хэдэн арван сая хүний амь насыг авч одсон, эмгэнэлт дайны сургамжийг мартах ёсгүй. ЗХУ-ын Улаан арми АНДБ-т энх тайвныг тогтоохын төлөө, Хятадын ард түмнийг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд туслахаар 1945 оны наймдугаар сард Японы эсрэг дайныг эхлүүлсэн билээ.
МАХЦ, Хятадын чөлөөлөх дайнд Эрээн-Жанчхүү, Долонуур-Жэхэ гэсэн 2 чиглэлээр оролцсон бөгөөд Жанчхүүгийн давааны бэхлэлтийн районд болсон тулалдааны үеэр манай эрэлхэг баатар Аюуш, Жанчив зэрэг 13 дайчин амь насаа алдаж өдгөө тэдний шарил энэ газар шороонд үүрд нойрсож байна. Монгол, Зөвлөлтийн дайчдын гавьяаг мөнхжүүлэх, санан дурсах үүднээс тэртээх 1957 онд босгосон дурсгалын хөшөөг арчлан хамгаалж байдагт орон нутгийн удирдлагад талархал илэрхийлье. Энэ дурсгалын хөшөө нь бидний найрамдлын бэлэг тэмдэг, энэ найрамдал нь Монгол, Хятад, Оросын ард түмний энх тайван, эрх чөлөөний төлөөх хамтын тэмцлийн дүнд улам батжин бэхжиж байна...” гэж тэмдэглээд гурван улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэв.
Жанчхүү хотын Ардын засгийн газрын орлогч дарга Жэн Лижун “...70 жилийн тэртээ Хятадыг чөлөөлөх дайнд амь биеэ үл хайрлан тэмцэж амь үрэгдсэн Монгол-Зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг бид хэзээ ч мартахгүй, үргэлж санан дурсах болно хэмээн цохон тэмдэглэв.
Цэцэг өргөх ёслолын арга хэмжээний үеэр төлөөлөгчид амь үрэгдсэн дайчдын бунхан музейг үзэж, дурсгалын дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт