Боловсролын мэргэжилтэн Кен Робинсоны TED чуулган дээр тавьсан гайхалтай илтгэлийг танд хүргэе.
Өглөөний мэнд. Сонин юу байцгаана? Сайн байсан биз дээ, үгүй юу? Бүүр сэтгэл хөдөлчихлөө. Би ер нь явлаа. (Инээлдэв) Энэ чуулган дээр бид гурван сэдвийн талаар ярилцаж байна. Миний ярих юмтай ч холбоотой гурван зүйл байна. Нэг дэх нь бид бүгдэд байдаг гайхалтай бүтээлч чадварын талаар нотолж ярьсан илтгэлүүд байлаа. Зөвхөн хоорондоо цар хүрээ, болон төрөл зүйлээрээ л ялгаатай байсан. Хоёр дахь нь бидний хэний ч тааварлашгүй, юу ч болж мэдэх ирээдүй. Хэрхэн төгсөхийг хэн ч мэдэхгүй.
Боловсрол миний сонирхлыг татдаг -- үнэндээ бол бүгд боловсролд анхаарал хандуулдгийг мэдсэн л дээ. Үгүй гэж үү? Би нэг сонин зүйл ажигласан. Хэрэв та аль нэг оройн цайллага үдэшлэгт очоод өөрийгөө боловсролын салбарт ажилладаг гэж танилцуулбал -- яг үнэндээ боловсролын салбарт ажилладаг хүн үдэшлэгт бараг очоод байдаггүй л дээ (Инээлдэв) Үнэн шүү. Таныг урьдаг ч үгүй. (Инээлдэв) Та ч очьё ч гэж хүсдэггүй. Сонин шүү. Гэхдээ хэрэв та үдэшлэгт очиход хэн нэгэн танаас хийдэг ажлыг чинь асуувал та "Боловсролын салбарт ажилладаг" гэж хариулна. Тэдний царай “Өө бурхан минь. Та мэдэж байгаа шүү дээ. Яагаад заавал би гэж. Бүтэн долоо хоногийн ганц гарсан өдөр минь байсан юмсан" гэж танд хэлэх шиг л цонхийно (инээлдэв). Тэгээд та түүний боловсролын тухай асууж ам нээвэл тэр таныг бараг хананд өлгөчих байх. Учир нь хувь хүний боловсрол нь зарим хүний эмзэг сэдэв юм. Шашин, мөнгө болон бусад сэдвүүд шиг. Боловсрол миний анхаарлыг ихээр татдаг. Бүгдэд л адилхан. Яагаад гэвэл зарим талаараа боловсрол нь бидний тааварлаж чадахгүй ирээдүй рүү хөтөлдөг учраас бид бүгд сонирхохоос аргагүй. Бодоод үзээрэй. Энэ жил сургуульд орж байгаа хүүхэд 2065 онд тэтгэвэрт гарна. Одоогоос 5 жилийн дараа гэхэд дэлхий ямар болох талаар хэн ч, энэ дөрвөн өдөр илтгэл тавьсан эрхмүүд ч гэсэн сайн төсөөлөхгүй л байгаа. Тэгсэн хэрнээ бид тэднийг тэр тодорхой бус ирээдүйд бэлдэж боловсрол олгодог. Тодорхой бус шүү, тэгэхээр сонин байгаа биз.
Гуравт бид бүгд хүүхдийг гайхамшигтай сэтгэн бодох чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Юу гэхээр, Сирена өчигдөр орой гайхалтай байсан биз дээ? Түүний чадварыг хар л даа. Тэр бол гайхалтай. Гэхдээ миний бодлоор тийм биш. Тэр багадаа нэг их яриа хүүхэд байгаагүй байх. Зүгээр өөрийнхөө авьяас чадварыг нээж олж чадсан хүн юм. Миний хэлэхийг хүсч байгаа зүйл бол хүүхэд бүр гайхалтай авьяастай байдаг. Харин бид түүнийг хайр найргүй сүйтгэчихдэг. Тиймээс би боловсролын тухай, мөн бүтээлч сэтгэлгээний талаар ярихыг хүсч байна. Миний хувьд бүтээлч сэтгэлгээ нь бичиг үсэг сурахтай адил чухал зүйл юм. Бид бүтээлч сэтгэлгээг боловсролтой адилхан хөгжүүлэх хэрэгтэй. (Алга ташилт) Баярлалаа. Ингээд л боллоо. Маш их баярлалаа. (Инээлдэв) Өө 15 минут үлдчихэж. За за. Би төрөөд... Үгүй ээ. (Инээлдэв)
Би саяхан нэг гайхалтай түүх сонссон юм. Түүнийг ярих их дуртай. 6 настай нэг охин ангийн хойно суугаад зураг зурж байлаа. Тэр охиныг хичээлдээ ерөөсөө анхаарлаа хандуулахгүй байгааг багш нь анзааран охин дээр очоод "Чи юу зурж байгаа юм бэ?" гэж асуув. Охин "Би Бурхан зурж байна" гэлээ. Багш "Хэн ч Бурханыг ямар харагддагийг мэдэхгүй шүү дээ" гэтэл охин "Минутын дотор тэд харах болно" гэлээ. (Инээлдэв)
Манай хүү Англид дөрвөн настай байхдаа– ер нь хаана ч байсан 4 настай л байна л даа. (Инээлдэв) Ямар ч л байсан тэр жил хаана ч очсон 4 настай л байна. Тэр нэг удаа зул сарын баярын жүжигт оролцсон юм. Та нар сонсоогүй юу? (Инээлдэв) Арай ч дээ, маш дуулиантай юм болсон. Та үзсэн байж магадгүй Мел Гибсон үргэлжлүүлэн хийсэн. (Инээлдэв) Зул сарын баяр-2 гээд. Жэймс /түүний хүү/ Жозефийн дүрд тоглохоор болсонд бид бүгд баярлав. Хамгийн оргил хэсэгт нь тоглох байлаа. Бид "Жэймс Робинсон бол Жозеф" гэсэн цамц өмсөөд дэмжиж байв. (Инээлдэв) Түүний дүр бол бараг л ярьдаггүй. Яагаав гурван хаан орж ирдэг хэсэг байдаг даа. Алт, гүгэлийн тос барьсаар орж ирдэг. Энэ үнэхээр болсон явдал шүү. Тэр гурвыг тайз руу гарахыг хараад сууж байлаа. Тэгээд би хүүгээсээ асуув. "Чи гараад хэлэх үгээ мэдэж байгаа биз?" "Мэднэ ээ, яасан?". Гурван хүү тайз руу гарлаа. Толгойгоо цайны алчуураар ороосон гурван хүү хайрцгуудаа газар тавьлаа. Эхний хүү "Би чамд алт авчирлаа". Дараагийн хүү "Би чамд гүгэлийн тос авчирлаа". Гэтэл гурав дах хүү "Франк үүнийг чамд өгөөрэй гэсэн" (Инээлдэв)
Эдгээрээс ижил төстэй зүйл бол хүүхдүүд үргэлж боломжийг гаргадаг. Тэд мэдэхгүй байсан ч цааш явах л болно. Тийм биз дээ? Тэд буруу зүйл хийхээс айдаггүй. Буруу юм хийх гэдэг нь бүтээлч байна гэсэн үг бас биш шүү. Бид юу мэдэх хэрэгтэй вэ гэхээр хэрэв алдахад бэлэн биш бол та хэзээ ч жинхэнэ мөн чанарыг нь мэдэж чадахгүй -- Хэрэв алдахад бэлэн биш бол шүү дээ. Хүүхдүүд том болохын хэрээр энэ чадвараа алддаг. Тэд алдаа гаргахаасаа айж эхэлдэг. Бидний ажилладаг компаниуд ч ингэж л шаарддаг. Бид алдааг нүд үзүүрлэдэг. Боловсролын систем ч алдааг бидний гаргаж болохгүй хамгийн муу зүйлд тооцдог. Үүний "ач"-аар бид өөрсдийгөө бүтээлч сэтгэлгээгүй болгодог. Пикассогийн хэлсэн үг байдаг. Бүх хүүхдүүд зураач төрдөг. Асуудал нь хүүхдүүд өсч торнихдоо зураачаараа үлдэж чадах уу гэдэгт л байна. Би үүнийг зөв гэж боддог. Бид өсч том болох явцдаа бүтээлч байдлаа гээдэг. Үнэнийг хэлэхэд бидний боловсрол үүнийг устгадаг. Яагаад ийм зүйл болдог вэ?
Одоогоос 5 жилийн өмнө би Стратфорд-Авонд амьдардаг байлаа. Үнэндээ бид Стратфордоос Лос Анжелест нүүж ирсэн юм. Тэгэхээр ямар том өөрчлөлт гарсныг төсөөлж байгаа байлгүй. (Инээлдэв) Яг үнэндээ, бид Снитерфилд гэдэг газар амьдардаг байлаа. Стратфордтой хил залгаа. Шекспирийн аавын төрсөн нутаг. Танд юу бодогдов? Та Шекспирийг аавтай байсныг мэдээгүй биз дээ? Мэдэж байсан уу? Шекспирийг хүүхэд байсан гэж төсөөлж ч байгаагүй биз дээ. Шекспир 7 настай байсан? Надад л лав төсөөлөгдөхгүй байна. Мэдээж тэр 7 настайдаа хэн нэгэн багшийн англи хэлний хичээлд сууж байж байсан байж таараа. (Инээлдэв) Ямар хэцүү байх байсан бол? (Инээлдэв) "Хичээлээ сайн хийгээрэй" "За унт миний хүү". Аав нь Шекспирт "Яг одоо орондоо ор, харандаагаа тавь, ингэж ярихаа боль" гээд л...(Инээлдэв) Төсөөлөхөд амаргүй байгаа биз.
За ямар ч байсан бид Стратфордоос Лос Анжелест нүүж ирлээ. Уг нь би нүүж ирсэн тухайгаа л ярих гэсэн юм л даа. Би хоёр хүүхэдтэй. Том хүү одоо 21-тэй, дүү охин нь 16-тай. Тэр дуртай байсан Лос Анжелестээ ирэхийг хүсэхгүй байлаа. Учир нь тэр Англид найз охинтой болсон байсан. "Энэ насных нь хайр, Сара". Үерхээд сар орчим болсон (Инээлдэв). Танд гэж хэлэхэд16 насан дээрх нэг сарын үерхэл бол дөрвөн жил үерхэж байгаа юм шиг л урт хугацаа юм шүү. Тэр онгоцондоо маш ууртай суусан. "Би дахиж хэзээ ч Сара шиг охинтой учрахгүй" гэсэн. Юу гээч, үнэндээ Сарад бид их баярласан. Яагаад гэхээр - (Инээлдэв) - тэр охин биднийг Английг орхих болсон гол шалтгаан байсан юм. (Инээлдэв)
Америкт ирээд нэг зүйл их цочир санагдсан. Ер нь дэлхийн хаана ч очсон адил зүйл л дээ. Энэ нь дэлхийн хаана ч боловсролын систем адилхан бүтэцтэй байдаг. Бүх хүнд, хаана ч очсон ялгаагүй. Үгүйсгэж болох л юм. Гэхдээ л тийм. Тоо болон хэлний хичээл хамгийн чухал. Тэгээд хүмүүнлэг... урлагийн хичээл хамгийн доор нь. Хаана ч адилхан, урлагийн сургуулийн системийн хувьд ч мөн адил. Сургуульд урлаг, хөгжим хоёрыг жүжиг, бүжиг хоёроос илүүд үздэг. Дэлхий дээр тооны хичээл заадаг шигээ бүжиг заадаг сургууль байхгүй. Яагаад? Яагаад байж болохгүй гэж? Миний бодлоор энэ нь илүү чухал. Тооны хичээл чухал ч, бүжиг мөн адил чухал. Хэрэв хүүхдүүдэд зөвшөөрвөл тэд байнга л бүжиглэж байдаг. Бид бүгдээрээ бие махбодьтой. Үгүй юу? Би чуулганаа таслаагүй биз дээ? (Инээлдэв) Үнэндээ бид хүүхдүүдийнхээ бэлхүүснээс дээш хэсгийг нь, дараа нь толгойг нь хөгжүүлж эхэлдэг. Зөвхөн нэг л талыг нь.
Хэрэв та харь гарагийн хүн болоод манай дэлхий дээр зочилж ирээд "Боловсрол яг юунд хэрэгтэй юм?" гэж асуун дүгнэлт хийх хэрэгтэй болох байх. Хийх ёстой бүгдийг нь хийж, бүх дүнгээ авч, бүхний ялагч байсан суралцагч - таны дүгнэлтээр боловсролын эцсийн үр дүн нь багш, профессор л бэлдэх юм байна гэж гарна. Тийм биш гэж үү? Тэд бол бүхний оройд байсан хүмүүс. Би ч бас тийм байсан учраас одоо энд зогсож байна (Инээлдэв). Профессорууд надад таалагддаг л даа. Гэхдээ хүний амжилтын дээд цэг нь гэж үзэж болохгүй. Тэд бол амьдралын нэгээхэн л хэсэг нь шүү дээ. Амьдрах өөр хэлбэр. Гэхдээ тэдэнд бусдаас ялгаатай сонирхол татах зүйл бий. Тэд тархин дотроо л амьдардаг. Бүгд биш шүү. Тархиныхаа нэг талд нь л амьдардаг. Тэдний бие нь тасархай, шууд утгаараа шүү. Өөрийнхөө биеийг харахдаа, энэ бол миний тархийг зөөх эрхтэн гэж боддог. (Инээлдэв) Үгүй гэж үү? Толгойг нь зөөж уулзалтад авчирах арга. (Инээлдэв) Хэрэв та өөрийн биеэ жинхэнэ утгаар нь ашиглахыг хүсч л байгаа бол уулзалтад ирснийхээ дараа ахмадуудын хамтаар сүүлийн шөнө нь хажуугийн диско клуб орох л хэрэгтэй (Инээлдэв) Тэнд маш олон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс биеэ ямар ч хяналтгүйгээр, их сонин хөдөлгөж байхыг олж харна. Тэгээд хөгжмийн аяа дуусгаж байж гэртээ харина. (Инээлдэв)
Боловсролын систем академик чадварыг илүүд үздэг. Тэр нь ч шалтгаантай. 19-р зуунаас өмнө үнэндээ дэлхийн хаана ч боловсролын систем гэж байсангүй. Аж үйлдвэрийн хувьсгалтай хамт боловсролын систем бий болсон юм. Тиймээс систем нь хоёр үндсэн ухагдахуунд тулгуурладаг. Эхнийх нь, хамгийн хэрэгтэй мэргэжил чухалд тооцогдоно. Таны хүүхэд насандаа хийх дуртай байсан зүйлүүд ажилд ороход тань тус болохгүй. Тийм биш гэж үү? Хөгжим битгий тогло, хөгжимчин болохгүйгээс хойш. Зураач болохгүй л бол зураг битгий зур. Таньд найзын хувиар зөвлөхөд: Та их том алдаа гаргаж байна. Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна. Хоёрт бидний оюун ухааны харах өнцгийг хязгаарлагч академик чадвар. Яагаад гэхээр их дээр сургуулиуд энэ ухагдахуун дээр бий болсон. Хэрэв та бодоод үзэх юм бол бүх хүүхдүүдийн зорилго нь их сургуульд тэнцэж суралцах байдаг. Түүнээс болж маш олон гайхалтай авьяас чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс өөрсдийгөө үгүйсгэж эхэлдэг. Сургуульд байхдаа сайн хийдэг байсан зүйлүүд нь үнэ цэнэгүй, ичгүүртэй мэт болдог. Миний хувьд бид ийм байхыг хүлээн зөвшөөрч болохгүй.
ЮНЕСКО-гийн судалгаагаар дараагийн 30 жилд хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүн их дээд сургууль төгсөх болно гэж гарчээ. Бидний ярилцсан технологи ба түүний ажиллах хүчинд нөлөөлөх өөрчлөлт, хүн ам зүй, хүн амын өсөлт зэрэг нь бүх зүйлийн уялдаа холбоо болох юм. Сайн анзаарвал, боловсролын зэрэг нь тийм ч чухал биш болж байна. Тийм биш гэж үү? Намайг оюутан байхад, боловсролтой хүн л ажилд орно гэдэг байлаа. Ажилгүй хүн суралцах дургүй байсан гэж ойлгогддог байв. Үнэнээ л хэлье. Би сургуульд явах дуртай байгаагүй. (Инээлдэв) Одоо диплом эзэмшсэн хүүхдүүдийн толгойд хариад видео тоглоом тоглох тухай л байдаг болж. Учир нь бакалавр шаарддаг байсан ажлууд магистр шаарддаг болж, магистр шаарддаг нь доктор шаардах болж. Энэ бол академик боловсролын үр дүн. Боловсролын систем нүдний өмнө өөрчлөгдөж байна. Бид оюун ухааныг үнэлдэг үнэлгээгээ өөрчлөх шаардлагтай болжээ.
Бид оюун ухааны талаар гурван зүйлийг мэднэ. Нэг. Олон талт байдал. Бид ертөнцийг олон талаас нь харж таньж мэддэг. Бид харж сэтгэдэг, сонсож сэтгэдэг, хүрэлцэж сэтгэдэг. Бид хийсвэрээр сэтгэдэг, хөдөлж байхдаа ч сэтгэдэг. Хоёрт, оюун ухаан бол динамик. Сайн харвал оюун ухаан гэдэг нь гайхамшигтай олон чадвартай гэдгийг өчигдрийн илтгэлүүд дээрээс мэдэж авсан. Хүний тархи олон хэсгүүдэд хуваагддаггүй. Баримт, бүтээлч сэтгэлгээ буюу миний тодорхойлсноор үнэ цэнэтэй анхны шинэ санаа олох үйл явц нь ихэнхдээ ямар нэгэн зүйлийг олон талаас нь харахаас болдоггүй.
Нэмж хэлэхэд хүний тархины хоёр хэсгийг хооронд нь холбож байдаг мөчирлөсөн эсүүд байдаг. Түүнийг корпус каллозум гэдэг. Энэ эс эмэгтэйчүүдэд илүү зузаан байдаг. Өчигдрийн Хелений ярианаас үзэхэд эмэгтэйчүүд олон ажил зэрэг сайн хийж чаддагийн шалтгаан нь байж магадгүй. Үгүй гэж үү? Олон судалгаа үүнийг баталдаг. Миний амьдралд тохиолдсон жишээ хэлье. Манай эхнэр гэртээ хоолоо хийж байлаа. Дандаа хоол хийгээд байдаггүй л дээ. Аз болоход. (Инээлдэв) Үгүй ээ түүнд сайн хийж чаддаг юм бий-- Тэр хоол хийж байхдаа, утсаар ярингаа хүүхдүүдтэйгээ ч ярина. Тэгэнгээ таазаа шохойдож, зүрхний хагалгаа ч хийнэ. Хэрэв би хоол хийх юм бол хаалгаа хаагаад, хүүхдүүдээ гаргана. Утас байрандаа л байна. Эхнэр орж ирвэл бухимдаж "Терри, гуйя, би энд өндөг шарж байна. Надад битгий саад бол!" (Инээлдэв) Та нар эртний нэг мэргэн үгийг мэднэ дээ. Ойд нэг мод унахад түүнийг хэн ч сонсоогүй бол үнэндээ мод унасан гэсэн үг үү? Хуучин туулайн бөөрний мод санаж байгаа биз дээ? Би саяхан нэг мундаг үгтэй цамц харлаа. "Залуу ойд өөртөөгөө ярин явна. Түүнийг нь ямарч эмэгтэй сонсохгүй. Тэр залууг буруутгасаар л байх уу?" (Инээлдэв)
Оюун ухааны талаарх гурав дах зүйл бол ялгах чадвар. Би өөрийнхөө авьяас чадварыг нээж илрүүлсэн хүмүүстэй хийсэн ярилцлагуудыг багтаан "Эпифани" гэдэг ном бичиж байгаа. Маш сонирхолтой. Нэгэн гайхалтай эмэгтэйн яриа хамгийн сонирхолтой байсан. Та нар түүний талаар сонсож байсан уу? Жилиан Линн гэдэг. Зарим нь сонсож байсан л байх. Их алдартай бүжигчин. Бараг бүгд л түүнийг мэддэг. "Муурнууд", "Дуурийн хий үзэгдэл"-д тоглож байсан. Алдартай. Би Английн Дээдсийн баллетын удирдах зөвлөлд байлаа л даа... ...та бүхний харж байгаачлан. За тэр ч яахав. Нэг удаа би өдрийн хоолон дээр түүнээс "Чи яаж яваад бүжигчин болчихов оо?" гэж асуусан юм. Тэр сурлагадаа маш муу хүүхэд байж. 30-аад оны үед шүү дээ. Багш нар нь түүний эцэг эхэд "Танай хүүхэд огтхон ч суралцах авьяасгүй", "Тэр төвлөрч чаддаггүй. Ердөө ч тайван суудаггүй" гэж бичиж байв. Одоогийнхоор бол "Хэт хөдөлгөөнтөх эмгэг" /ADHD/ байсан юм шиг байгаа юм. Гэтэл 1930 он гээд бодоод үз дээ. Энэ эмгэгийг нээж ч амжаагүй байсан юм. Нээгээгүй юм чинь хүмүүс тусахгүй биз дээ. (Инээлдэв)
Юутай ч түүнийг эмчид үзүүлжээ. Тэр ээжтэйгээ хамт царс модон ханатай өрөөнд, булангийн сандал дээр 20 минут суух зуур эмч ээжтэй нь түүний сургууль дээр юу болдог, тэр бусдыг хэрхэн бухимдуулдаг, гэрийн даалгавраа дандаа оройтож хийдэг, мөн өөр бусад зүйлсийг ч орхилгүй ярилцлаа. Эмч энэ бүгдийн дараагаар "Жилиан, би чиний талаар бүгдийг дууллаа" "Хоёулаа тусдаа уулзаж болох уу?" гэж асуув. "Түр эндээ хүлээж байгаарай. Бид одоохон" гэж хэлээд ээжийг нь үлдээжээ. Эмч өрөөндөө ороод ширээн дээр байсан радиог асаав. Тэгээд өрөөнөөс гарч ирээд ээжид нь хандан "Та охиноо нэг хар даа" гэж хэлжээ. Өрөөнд охин нь хөгжмийн хэмнэлээр бүжиж байв. Охиныг хэдэн минутын туршид хамт ажиглангаа, эмч ээжид нь хандан,"Хатагтай Линн, Жилиан өвчтөй биш, харин бүжигчин хүн байна. Түүнийг бүжгийн сургуульд оруул" гэж хэлэв.
"Тэгээд юу болсон?" гэж намайг асуухад, "Ээж эмчийн хэлснийг биелүүлсэн. Ямар гайхалтай байсан гээч, намайг явж ороход надтай адилхан хүмүүс өрөөгөөр дүүрэн байсан. Зүгээр байж чаддаггүй, хөдөлж байж сэтгэдэг хүмүүс". "Хөдөлж байж сэтгэдэг". Тэд баллет, бас товшуур бүжиг бүжиглэдэг. Жааз, модерн бүжиг бүжиглэдэг. Түүнийг Дээдсийн балетын сургуульд шалгуулж, тэрээр гайхалтай гоцлол бүжигчин болсон. Түүний карьер Дээдсийн балетэд маш амжилттай дээшилсэн. Тэгээд сургуулиа төгсөөд "Жилиан Линний бүжгийн компани" нэртэй хувийн компаниа байгуулж, Эндрью Вебертэй учирчээ. Түүхэн дэх хамгийн агуу хөгжмийн жүжгүүд түүний нэр дор харьяалагддаг. Сая сая үзэгчдэд баяр баясал авчирч, өөрөө ч тэрбумтан болсон. Гэтэл түүнд "эмчилгээ хийгээд" хөдөлгөөнийг нь зогсоочихож магадгүй л байсан шүү дээ.
Тэгэхээр, миний хувьд... (Алга ташив) Хэлэхийг хүссэн зүйл минь бол: Өмнөх өдөр Эл Горийн хэлсэн үг, Рэчел Карсоны илтгэсэн экологи ба хувьсгалд ч дурдсан. Хүн экологид шинэ ойлголттой болж, хүний оюун ухааны баялгийг ухан гаргах нь бидний ирээдүйн итгэл найдвар гэдэгт би итгэдэг. Одоогийн боловсролын систем дэлхийн уул уурхайн баялагийг ухан гаргахад л чиглэгдэж байна. Бидний хүүхдүүдийн сурч байгаа боловсролын системээ эргэн харах цаг болжээ. Йонас Салкийн хэлсэн нэгэн мэргэн үг байдаг. "Хэрэв дэлхий дээрх бүх шавьж уствал 50 жилийн дараа гэхэд дэлхий дээрх бүх амьдрал устах болно. Харин бүх хүн төрөлхтөн уствал 50 жилийн дараа дэлхий дээр амьдрал цэцэглэх болно". Үнэн үг.
TED хүний баялаг төсөөллийг хөгжүүлж байна. Бид завшааныг маш ухаалгаар ашиглан, ярилцаж байсан буруу зүйлсээс зайлсхийж хэрэгтэй. Ингэхийн тулд цорын ганц арга зам бол бид бүтээлч чадварыг хөгжүүлж, итгэл найдвар болох хойч үеэ бэлдэх явдал юм. Тэдэнд өөрсдийн ирээдүйгээ итгэл дүүрэн угтахад хэрэг болох зүйлсийг л заах хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, бид ирээдүйд байхгүй байж болно. Гэхдээ тэд байх болно. Тэднийг үүнийг хийхэд нь тусалцгаая. Баярлалаа.
Эх сурвалж: TED.com
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт