ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хойд Солонгосоос зугтсан бүсгүйн үнэнийг өгүүлсэн илтгэл

    Hyeonseo Lee бага насаа Хойд Солонгост өнгөрүүлж 1997 онд Хятад рүү зугтан гарчээ. Арван жил гаруй Хятадад амьдарсны дараа 2008 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод иржээ. Одоо тэрээр Гадаад Оюутны Хангүг Их Сургуульд суралцдаг.  Hyeonseo Lee-ийн дэлхийн шилдэг илтгэгчдийн TED чуулга уулзалтын индэр дээр өөрийнхөө болон Хойд Солонгосчуудын амьдрал, ирээдүйн талаар тавьсан сонирхолтой илтгэлийг танд хүргэе.

    Би хүүхэд байхдаа манай улс энэ дэлхий дээрх хамгийн сайхан улс гэж боддог байсан. Том болсон хойноо "Харамсах зүйлгүй" гэдэг дууг дуулахдаа маш их бахархдаг байлаа. Сургуульд бид Ким И Сунгийн түүхийг сурахын тулд маш олон цаг зарцуулж, манай дайснууд болох Америк, Өмнөд Солонгос, Япон гэх мэт бусад улсын түүхийг огт үздэггүй байсан. Бүх зүйл өөрөөр эргэх хүртэл би хааяа гадаад улсуудыг гайхаж насаараа Хойд Солонгост амьдрах юм шиг л санадаг байлаа.

    Долоон настай байхдаа анх удаа олон нийтийн цаазлах ялыг харж байсан. Гэвч Хойд Солонгост амьдрал хэвийн юм шиг л санагдаж байв. Манай гэр бүл ядуу биш байсан тул би хэзээ ч өлсөж байгаагүй.

    1995 оны нэг өдөр манай ээж цуг ажилладаг найзынхаа эгчээс ирсэн захиаг авчирсан юм. Захиан дээр: "Энийг унших үед манай гэр бүл энэ дэлхий дээр байхгүй болсон байх болно. Яагаад гэвэл бид өнгөрсөн гурван долоо хоногийн турш юу ч идээгүй, шалан дээр цуг эвхэрэлдэн хэвтэцгээж байна. Бидний бие маш муу, үхэхээ хүлээж байна" гэж бичсэн байлаа.

    Би маш их цочирдсон. Анх удаа л манай улс өлсгөлөнд нэрвэгдсэн улс гэдгийг сонсож байлаа. Нэг их удалгүй би хуучин галт тэрэгний буудлын хажууд алхаж яваад миний толгойноос хэзээ ч гардаггүй нэгэн аймшигтай дүр зургийг харсан. Газар хэвтэх нас барсан ээжийнхээ нүүрэнд дэмий л хүрч үзэж буй  тураалтай хүүхэд. Түүнд туслах хэн ч байгаагүй. Учир нь бүгд өөрсдийгөө, гэр бүлээ яая гэсэн хүмүүс байсан.

    1990-ээд оны дундуур Хойд Солонгос том хэмжээний өлсгөлөнд нэрвэгдсэн. Сая гаруй хүн өлсгөлөнгөөс болж нас барж, олон хүн өвс, шавьж, модны холтос идэн амь зогоож байсан. Байнга л цахилгаан тасарч, манайхаас холгүй голын цаад эрэг дээрх Хятадын хотын үй олон гэрлээс өөр гэрэлтэх зүйлгүй эргэн тойрон хав харанхуй байдаг байлаа. Би тэд яагаад гэрэлтэй, харин бидэнд байдаггүйг гайхдаг байсан.

    Хойд Солонгос ба хөрш орнуудын гэрэлтүүлгийн ялгаа

    Энэ бол Хойд Солонгос, Хятадыг заагласан Амнок гол. Хойд Солонгосчууд Хятад руу нууцаар дүрвэх боломжтой зарим хэсгээрээ нарийхан байгааг та харж байгаа байх. Гэхдээ голыг гаталж чадалгүй маш олон хүн нас бардаг байсан. Голын усанд живсэн хүмүүсийн хүүр хөвж явах нь харагддаг байсан. Би Хойд Солонгосоос хэрхэн гарсан тухайгаа нарийн ярьж чадахгүй. Гэхдээ би тэр муухай өлсгөлөнгийн үеэр холын хамаатнуудтайгаа цуг Хятад руу зугтаж чадсан. Тухайн үед гэр бүлээсээ түр зуур л салж байна гэж бодсон ч 14 жилийн дараа уулзана гэдгээ мэдээгүй байлаа.

    Хятадад жаахан охин гэр бүлгүйгээр амьдрахад хэцүү байлаа. Хойд Солонгосын цагаачид хэрхэн амьдардаг талаар надад ямар ч төсөөлөл байгаагүй. Гэхдээ удалгүй энэ нь маш хэцүүгээс гадна хууль бусаар амьдарч байсан тул Хятадуудад баригдах вий гэх нь илүү аюултай байсныг ойлгосон. Баригдаад нутаг руугаа буцаагдвал ямар аймшигтай хувь заяа угтахыг мэдэж байсан тул байнгын айдастай байдаг байлаа.  

    Нэг өдөр Хятадын цагдаа нарт баригдаж аймшигт зүүд биеллээ олсон юм. Тэд хятадаар маш олон асуулт асууж, хэрэв ямар нэгэн сэжигтэй зүйл олох л юм бол буцаах байлаа. Би маш их айж, зүрх хагарах шиг л болсон. Миний амьдрал ингээд л дууслаа гэж бодож байлаа. Гэхдээ би бүх сэтгэл хөдлөлөө дотроо нууж асуусан асуултуудад хариулж байлаа. Асуулт асууж дууссаны дараа цагдаагийн ажилтан "Буруу мэдээлэл. Тэр Хойд Солонгос биш" гэсэн тодорхойлолт гаргаж өгч намайг сулласан юм. Ид шид юм шиг л санагдсан.

    Зарим Хойд Солонгосчууд орогнол хүсч бусад улсын элчинд ханддаг. Ихэнх нь Хятадын цагдаа нарт баригдаж буцаагддаг байсан. Зарим нь баригдсан ч гэсэн азтай олон шүүлтийн дараа суллагдаж чаддаг. Зарим нь нутаг руугаа буцаагддаг. Тэд Хойд Солонгост буцаж очвол тамлуулж, шоронд орж, олон нийтийн өмнө цаазлуулдаг.

    Өмнөд Солонгосын элчин сайдын яам руу орох гэж зугтаж байгаа Хойд Солонгосчууд

    Би бол азтай цөөхөн хүмүүсийн нэг нь. Хойд Солонгосчууд өөрсдийн жинхэнэ төрхөө нууж, зовж амьдардаг нь эмгэнэлтэй. Шинэ хэл сурч, ажилд орж, амьдралаа орвонгоор нь өөрчилсөн. Арван жил нуугдаж амьдарсныхаа дараа би Өмнөд Солонгос руу явах эрсдэлтэй алхам хийхээр шийдсэн юм. Миний хувьд амьдрал арай эхлээгүй байсан.

    Өмнөд Солонгост  бодсоноос илүү хэцүү байлаа. Тэнд англи хэл маш чухал байсан тул би гурав дахь хэлээ сурч эхэлсэн. Мөн Хойд болон Өмнөд Солонгосчууд маш их ялгаатай гэдгийг ойлгосон. Бид Солонгос гэсэн нэг үндэстэн боловч 67 жилийн турш тусдаа байсан болохоор маш өөр болсон байлаа. Би өөрийгөө хэн гэдгээ тодорхойлохдоо эргэлзэж эхэлсэн юм. Өмнөд үү, Хойд уу? Би хаанаас ирсэн бэ? Би хэн бэ? Надад миний эх орон гээд бахархалтайгаар хэлчих улс байгаагүй.

    Өмнөд Солонгосын амьдралд дасан зохицоход амаргүй байсан ч төлөвлөгөө гаргасан. Би их сургуулийн конкурсын шалгалтад бэлдэж эхэлсэн.

    Өмнөд Солонгос

    Шинэ амьдралаа эхлээд байж байтал нэгэн цочирдом утасны дуудлага хүлээн авсан юм. Хойд Солонгосын эрх баригчид миний гэр бүл рүүгээ явуулж байсан мөнгийг замаас нь авч, тэднийг хөдөө цөлсөн гэж сонслоо. Би гэр бүлээ маш яаралтай тэндээс оргуулах ёстой гэж бодоод төлөвлөгөө гаргаж эхэлсэн юм.

    Эрх чөлөөний төлөө Хойд Солонгосын хил давж Өмнөд Солонгос руу орохын тулд маш хол зам туулна. Бараг л боломжгүй зүйл. Тийм болохоор би Хятад руу буцаж нисэж очоод Хойд Солонгосын хил рүү ойртож очсон. Манай гэр бүлийнхэн Хятад хэл мэдэхгүй тул тэднийг Өмнөд Ази руу аваачихын тулд автобусаар долоо хоногийн турш 3200 гаруй км нууж явах хэрэгтэй байлаа. Гэтэл нэг удаа Хятадын цагдаа нар бидний автобусыг зогсоож бүгдээрэнгийнх нь бичиг баримтыг шалгаж эхэллээ. Би ингээд л манай гэр бүлийхэн баривчлагдлаа гэж бодож байсан. Хятадын цагдаа тэдэн дээр ирж асуулт асуунгуут нь би урдуур нь орж "Тэд хэлгүй, дүлий хүмүүс" гэж хэллээ. Цагдаа над руу сэжиглэнгүй харснаа надад итгэж биднийг явуулсан юм.

    Бид бүх арга чаргаа хэрэглэж Лаосын хил давсан. Бараг бүх мөнгөө Лаосын хилийн хамгаалчдад зарцуулсан. Гэвч хил гарсны дараа хууль бусаар хил нэвтэрсэн хэргээр манай гэр бүлийг шоронд хорьсон юм. Бүх торгуул, өгөх ёстой хээл хахуулийг төлөөд сарын дараа гэхэд суллагдсан. Удалгүй ахиад л тэднийг баривчилсан Лаосын нийслэлийн шоронд хорьсон юм.

    Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү үеүдийн нэг байлаа. Би бүх зүйлийг жин тан болгоод гэр бүлээ эрх чөлөөтэй болгохын даваан дээр Солонгосын элчингийн ойролцоо баригдсан юм. Би тэднийг суллуулахын тулд цагдаагийн хэлтэс болон цагаачдын албаны хооронд олон гүйсэн. Хамаг мөнгөө барж, итгэл найдвараа алдаад байлаа.

    Яг тэр үед "Юу болоо вэ?" гэсэн нэгэн эрэгтэй надаас асуухыг сонссон юм.

    Танихгүй хүн миний төлөө санаа тавьж байсанд маш их гайхсан. Би тааруухан англи хэлэндээ муу байсан учраас толь бичиг ашиглан бүх учраа түүнд тайлбарласан. Тэр хүн АТМ машинаас мөнгө авч үлдсэн мөнгийг нь төлөөд манай гэр бүл мөн хоёр Хойд Солонгос иргэнийг шоронгоос гаргасан юм.

    Би түүнд талархаж "Яагаад надад тусалж байгаа юм?" гэж асуусан.

    Тэр хүн "Би чамд туслаагүй. Би Хойд Солонгосчуудад тусалсан" гэж хэлсэн юм.

    Энэ миний амьдралын мартагдашгүй мөчүүдийн нэг байсан. Сайхан сэтгэлтэй танихгүй хүн хэрэгтэй үед Хойд Солонгосчуудад тусалж, надад итгэл найдвар өгсөн. Тэр хүн Хойд Солонгос хүмүүсийн төлөө сайхан сэтгэл, олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж, итгэл найдварын гал хэрэгтэй гэдгийг харуулсан юм.

    Урт хугацааны аяллын дараа манай гэр бүлийнхэн Өмнөд Солонгост дахин нэгдсэн юм. Гэхдээ энэ бол эрх чөлөөний төлөөх тэмцлийн зөвхөн тал нь. Маш олон Хойд Солонгосчууд гэр бүлээсээ салж, өөр улсад очин маш бага, бүр огт мөнгөгүй ирж байгаа. Тэдэнд олон улсын жишиг боловсрол хэрэгтэй. Англи хэл, ажлын сургалт гээд олон зүйл. Бид Хойд Солонгосыг дэлхийтэй холбох гүүр нь байх болно. Учир нь гадаадад байгаа олон хүмүүс Хойд Солонгост байгаа гэр бүлийнхэнтэйгээ холбогдож мөнгө, мэдээлэл дамжуулж Хойд Солонгосыг дотроос нь өөрчлөгдөхөд тусалж байгаа.

    Би их азтай байж, маш их туслалцаа дэмжлэг авч, амьдралын эрч хүч авсан. Тийм учраас би олон улсын дэмжлэгтэйгээр Хойд Солонгосчуудыг хүсэл эрмэлзлэлээ биелүүлэх боломж олгоход тусалж байна. Би олон олон Хойд Солонгосчууд дэлхийн өнцөг булан бүрт амжилтад хүрч, TED индэр дээр гарна гэдэгт итгэлтэй байна.
    Баярлалаа.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй