Энэ дөрөвдүгээр сарын 25-ны орой ОХУ-ын төв телевиз РТР сувгийн “Вести в субботу” нэвтрүүлгээр Оросын телевизийн нэртэй сурвалжлагч С.Б.Брилёвын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлага нэвтрүүлгийг дамжуулав. Сэтгүүлч С.Б.Брилёв өөрийн орны болон гадаадын орнуудын төрийн тэргүүнүүдтэй ярилцлага хийдгээрээ алдартай хүн юм. Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Ерөнхийлөгч асан Д.Медведев, АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Ерөнхийлөгч Б.Обама, Их Британий Ерөнхий сайд Ж.Мейжор, Т.Блейр нартай ярилцлага хийж байжээ. Мөн “Дэлхийн хоёрдугаар дайны мартагдсан холбоотнууд” ном бичиж хэвлүүлж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хийсэн ярилцлагын үеэр Аугаа Эх орны дайны үед Монголоос Зөвлөлт Холбоот Улсад үзүүлж байсан тусламж, Монгол-Оросын харилцааны түүх, цаашдын төлөвийн тухай асуудлуудыг хөндсөн юм.
ОХУ-ын vesti.ru сайтад уг ярилцлагыг ийнхүү нийтэлсэн байсныг товчлон хүргэж байна.
Москвад 5 дугаар сарын 9-нд болох ялалтын парадад Японы Ерөнхий сайд оролцохоос татгалзсан. Гэхдээ ялсан Монгол улсын Ерөнхийлөгч оролцоно. Улаан талбай дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчин мэндчилнэ.
Монгол Улс – бүхнээс гайхалтай, ер бусын тэнгэрийн орон. Гайхамшгууд ч бас тал нутагт нь бий. Хөдөө нутагт хүмүүс нь төрөлх нүүдэлчдийн гэртээ амьдран, нарны зайн эрчим хүч ашиглаж байна. Нүүдэлчдийн залгамж хүүхдүүд гэрээсээ компьютер руу орж энэ цаг үеийг тольдож сууна.
Монголын нийслэлд түм түжигнэж, бум бужигнаж байна. Чингис хааныхаа догшин сүр дор орчин цагийн залуус алхана. Эртний түүх хүүрнэх буддын сүм хийдтэй зэрэгцэн шил толь болсон өндөр барилгууд сүндэрлэнэ.
Гайхалтай олон юмсын нийлбэрийг "Коктейль" гэдэг шиг тэр бүхэн Улаанбаатарт сүлэлдэн байгаа нь итгэмээргүй.
Эрт цагийн шаштир түүхийн өлгий нутаг болсон энэ орны Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой "Вестям в субботу" нэвтрүүлгээрээ уулзаж байна. “Агуу үндэстэн л агуу соёлтой байдаг. Бид энэ соёлоо хайрлаж, хамгаалан улам баяжуулж явна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон юм.
Алтан дээр мөнгөөр сийлсэн Төвд судар. Яг л үүн шиг дэлхийн II дайнд Монголчуудын оруулсан хувь нэмэр гялалзаж байна.
"Би Монгол Улсын иргэн. Москвагийн их сургуулийн оюутан байхдаа ардын сайн дурын цэрэгт элссэн. Манай сургуулийн 850 оюутан их сургууль, элчин сайдын яамандаа мэдэгдэлгүй фронт руу явсан юм” хэмээн аугаа их эх орны дайны ахмад дайчин Цэндийн Алтангэрэл хүүрнэсэн юм.
Хайнзангийн Ганбат нь Монголын анхны дайны сэдвээр дагнасан зураач. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь эх орны дайн юм. Улаанбаатарт Г.К.Жуковын хөшөө сүндэрлэн байдаг. “Жуков ганцхан Оросын баатар биш. Тэр бас Монголын баатар. Япончуудтай хийсэн дайнд байгуулсан гавьяаг нь одоо хүртэл монголчууд санадаг. Бидний үр хүүхдүүд ч санах болно” хэмээн Улаанбаатар хотын нэгэн иргэн хэлсэн билээ.
Энэ үнэхээр үнэн үү? Энэ бүгд хаанаас эхэлсэн бэ? Хамгийн түрүүнд “Ардчилсан” хэмээх Ерөнхийлөгчтэй дахин уулзаж түүнээс эхлэх хэрэгтэй.
-Та яагаад заавал 5 дугаар сарын 9-нд Москвад очихоор шийдсэн юм бэ?
-Энэ бол бидний нийтлэг ялалт. Монгол Улс Аугаа их Эх орны дайны он жилүүдэд Орос улсын цорын ганц Азийн холбоотон байсан юм. Би цэргийн сургууль дүүргэсэн, цэргийн боловсролтой хүн.
-Тийм гэдэг нь харагдаж байна. Та эргээд яг л цэргийн хүн шиг байж болно шүү дээ.
-Тийм ээ. Тиймээс миний хувьд ОХУ-д очиж байгаа нь нэр төрийн хэрэг юм.
-Та 5 дугаар сарын 9-нд Москвад очно. Ерөнхийлөгчийн бүрэлдэхүүнд багтсан Ерөнхий сайд “Улс төрийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалж Москва руу явж чадахгүй” гэж хэлсэн. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Энэ бол тэдний асуудал. Бидэнд хэнтэй уулзах, хаашаа явах, ямар ёслолд оролцох эрх нээлттэй байдаг.
-Хэрвээ нууц биш бол бусад орны төлөөлөгчид таныг Москва руу явах хэрэггүй гэж зөвлөж байв уу?
-Үгүй ээ, хэн ч тэгж хэлээгүй.
Ингээд тэдний яриа Орос Монголын эртний уламжлалт найрамдал, дайны үеийн тусламж, ирээдүйн харилцааны талаар үргэлжилсэн юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт