Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэн өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд болон банк, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах эрхтэй. Гэрээний үүрэг хангагдахгүй болсон тохиолдолд барьцааны зүйл болох газраас гэрээний үүргийг хангуулахад заавал шүүхэд хандаж, 3 шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна. Хуулийн төсөлд талууд гэрээндээ барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулахаар харилцан тохиролцсон бол шүүх нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулан захирамж гаргасны үндсэн дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зохицуулалтыг тусгажээ.
Уг хуулийн төслийг дагаж гарах Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөр газар барьцаалах гэрээгээр талууд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж болох зохицуулалтыг нэмж тусгасан байна.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар газар барьцаалсан барьцааны гэрээний үүрэг хангагдахгүй байгаа тохиолдолд барьцааны зүйлээс үл маргах журмаар үүргийн гүйцэтгэлийг хангах журам бий болж, энэ төрлийн маргааныг шүүх урьдчилсан журмаар шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт бий болно.
Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх шаардлага тулгарч байна. Энэ шаардлагад үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, хуульд заасан зарим нэр томьёог оновчтой болгох, УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл, баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.
Хуулийн төсөлд Прокурорын байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагааны зарчим, хариуцлага, тогтолцоо, нийгмийн үүрэг зэргийг Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүргийн хүрээнд шинээр томъёолсон байна. Үйл ажиллагааны зарчмын талаар хууль дээдлэх, мэргэжлийн хэм хэмжээг сахих, хүний эрх, эрх чөлөөг хангах, төвлөрсөн удирдлагатай байх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх хуулийг нэг мөр хэрэглэх зарчмыг баримтлахаар тусгажээ.
Улаанбаатарын цахилгаан, дулааны хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа
2015-2016 оны халаалтын улиралд хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай хангах бэлтгэл ажлыг одооноос зохион байгуулан, эрчим хүчний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг графикийн дагуу гүйцэтгүүлэх, халаалтын улирал эхлэхээс өмнө Амгалангийн дулааны станцыг ашиглалтад оруулах, дулааны цахилгаан станцыг 2015 оны 10 дугаар сарын 1-ний дотор 21-ээс доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байлгах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо.
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нүүрсээр найдвартай хангах зорилгоор Багануур, Шивээ-Овоогийн уурхайн нүүрс олборлолтыг нэмэгдүүлж, өргөтгөх техник, технологийн шийдэл болон дэд бүтцийн барилга байгууламжтай холбоотой ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрднэс Монгол” ХХК-ийн захиралд үүрэг болголоо.
“ДЦС-5”-ын нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Багануур-Улаанбаатар, Шивээ-Овоо-Улаанбаатар чиглэлийн төмөр замын шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, “ДЦС-5”-ын дэргэд шинээр өртөө байгуулах, нүүрс, үнс тээвэрлэх төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.
“ДЦС-5”-ын усан хэрэглээг Улаанбаатар хотын ус хангамжийн дээд эх үүсвэрээс хангах техникийн нөхцөл болон холбогдох зөвшөөрлийг олгох, ус хангамжтай холбогдсон дэд бүтцийг байгуулах, үнс хадгалах газрын асуудлыг шийдвэрлэх, цахилгаан, дулааны шугамын трасс дайран өнгөрөх зурваст байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд даалгалаа.
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Уг төслөөр Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, инфляцыг бууруулах, төсвийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах бодлогыг хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын оновчтой бодлогоор дэмжих, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, бодит салбарын өсөлтийг дэмжиж, салбар тус бүрийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Макро эдийн засгийн бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, инфляцын түвшинг 1 оронтой тоонд байлгах бодлогыг 2016 онд хэрэгжүүлнэ. Ажилгүйдлийн түвшинг бууруулан 7 хувьд хүргэхээр төлөвлөж, нэгдсэн төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 28,6, нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг -4 хувиас багагүй байлгахаар Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ.
Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын дунд хугацааны өрийн удирдлагын стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг нь Засгийн газар, орон нутгийн өр, Засгийн газрын гаргах өрийн баталгаа, тэдгээрийн дунд хугацаанд баримтлах бодлогын зорилтыг тодорхойлсны үндсэн дээр Засгийн газрын өр үүсгэх аливаа шийдвэрийг энэхүү баримт бичигт нийцүүлэх юм.
Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн хамтран бэлтгэсэн аргачлалын дагуу боловсруулдаг ба макро эдийн засгийн дунд, урт хугацааны төсөөлөлд үндэслэн Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдэлийн шинжилгээг хийдэг. Энэ шинжилгээнд үндэслэн Засгийн газрын өрийн зорилтот багцын бүтэц, зорилтот өрийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоодог бөгөөд үүгээр ирээдүйн зээллэгийн үйл ажиллагааг чиглүүлдэг юм. Ингэснээр Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг бага зардлаар, боломжит эрсдэлийн түвшинд хангах бодлогын орчин бий болдог. Эдгээр хууль зүйн үндэслэл, практик шаардлагад үндэслэн Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Уул уурхайн сайд мэдээлэл хийлээ
Хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 874 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт ирүүлээд байгаагаас 722 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр өргөдлийн дугаар олгох ажиллагаанд оролцож байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдээс дотоодын хөрөнгө оруулалттай 817, гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 45, хамтарсан хөрөнгө оруулалттай 12 аж ахуйн нэгж байгаа юм. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 4 дүгээр сарын 24-ийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөр 8,95 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.
Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Алт үйлдвэрлэгчдийн холбоогоор дамжуулан хүсэлт ирүүлсэн, холбогдох бичиг баримтын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг Монголбанкинд уламжилж байна. Монголбанкнаас санхүүжилтийг Хөгжлийн банкаар гаргуулан, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох, эрсдэлийг аж ахуйн нэгжүүд корпорацийн зохион байгуулалтад орж хариуцах чиглэл өгчээ.
Товч мэдээ
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт