Өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Зүүн аймгуудад ажиллах томилолт Хэнтий аймгаас эхэлж үдийн үед Дорнод аймгйин Баян-Уул суманд ирж түймрийн байдалтай газар дээр нь танилцлаа. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутагт гарсан түймрээс хамгийн их хохирлыг амссан нь Баян-Уул сум юм. Үндсэндээ 10 гаруй хоног үргэлжилж байгаа энэ түймэр одоо ч унтраагүй, Ерөнхийлөгч яг улаан гал дүрэлзэн орж ирж байгаа түймрийн зурваст ажиллав.
Энэ түймэрт Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, нутгийн ард иргэд гээд нийтдээ 400 шахам хүн дайчлагдан ажиллаж байгаа тухай урьд нь мэдээлсэн. Улсын Ерөнхийлөгч газар дээр нь ирж байдалтай танилцсан нь өдөр шөнөгүй, нойр хоолгүй шахам тэнд ажиллаж байгаа хүмүүст сэтгэл санааны маш том дэм боллоо. Урьд нь сайд дарга нар дагалдаж явдаг байсан бол энэ удаад Ерөнхийлөгч Онцгой байдлын хүмүүстэй ирсэн нь түймрийн асуудалд сэтгэл түвдэн өөрийн нүдээр байдлыг газар дээр нь харах гэж ирсэн нь ойлгогдож байсан.
Түймрийн улмаас хамгийн их хохирол амссан Баян-Уул сумынхны хувьд Ерөнхийлөгч ирсэн явдалд баярлаж байлаа. Энэ сумын нутагт Дорнод аймгийн ойн нөөцийн ная шахам хувь байдаг ч ойн сав бүхий газар нэлдээ шатаж байгаль экологид маш их хохирол учраад байгаа юм. Нэгэнт хүчрэхгүй байгаа галаас айл хунар, хүн зонооо хамгаалахыг зорьж, тойруулан цурам татах ажлыг хийж байгаа зэрэг нөхцөл байдлыг нүдээр үзлээ. Газар дээр нь байдалтай танилцсан хүний хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Уул суманд гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн анги байгуулах тухай саналыг цаашид тавих болно гэдгийг онцлон хэлж байсан.
Баян-Уул сум аймгийн төвөөс 190 км алслагдсан сум юм. Ерөнхийлөгч тус сумаас 2 цаг 30 минут явж аймгийн төвд оройтож ирсэн. 20 цаг 30 минутаас эхлэхээр урдчилан төлөвлөсөн теле-уулзалт хагас цагаар хоцорч хоёр цаг хэртэй үргэлжилж, ард иргэдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Дорнод аймгийг Улаанбаатартай холбосон Мянганы зам 90 км дутуу тавигдаад байгаа юм. Энэ жилдээ багтааж замын ажлыг гүйцээнэ гэдгийг хэлж байлаа. Түймрийн тухайд орон нутгаас ч хийх ажил их байгаа, төвөөс ч хийх ажил бий. Аймгийн төвөөс 200-300 км алслагдсан байгалийн дархан цаазат газар бүхий Халхгол болон Баян-Уул суманд түймрийн мэргэжлийн анги байгуулах бодолтой байгаагаа хэлж төсөв мөнгөний асуудлыг ч шийдэх болно гэж байсан. Аймаг орны хөгжилтэй холбоотой хэд хэдэн санааг энд онцолсон. Тухайлбал, Дорнод аймаг Иргэдийн хурлаараа Дорнод аймгийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж батлуулан УИХ болон орон нуггийн хуралд нэр дэвшигчдэд танилцуулж энэ талаар мөрийн хөтөлбөрт нь яаж туссан байдлыг харж хүнээ сонгож эргээд тэдэнтэй хариуцлага тооцдог болвол үр дүнд хүрнэ гэдэг санааг энд хэлсэн.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг тухайн аймгийн хүн амын тоонд харьцуулж шийдэх ёстой гэж байлаа. Хариуцлагын тухай хууль батлагдсанаар ажлын хариуцлага аль аль шатандаа өндөрсөнө. Одоогийн төслөөр Их хуралд сонгосон гишүүдийг ямар нөхцөлд татах вэ гэхчлэн нарийн зүйл заалт орсон тухай ч дуулгасан. Ард иргэдээс шилэн дансны хуулийн хэрэгжилт, Ялалтын 70 жилийн ой, Тавантолгой, Оюутолгой гээд улс болон орон нутагтай холбоотой олон асуултыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьж хариулт авсан.
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Дорнод аймагт ажилласан томилолт үүгээр өндөрлөж өнөө өглөө есөн цагт Сүхбаатар аймгийн зүг хөдөллөө.
Эх сурвалж: Дорнод сонин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт