Очирбатын Дашбалбар нь 1957 оны 2 дугаар сарын 10-нд Сүхбаатар аймгийн Наран сумын Дарьганга нутагт мэндэлсэн. Монгол Улсын Төрийн шагналт, нэрт яруу найрагч юм. 1984 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн утга зохиолын дээд сургуулийг төгссөн. 1996 онд Монголын Уламжлалын Нэгдсэн Намаас УИХ-ын гишүүн болж эх орон, газар шорооныхоо төлөө цогтой тэмцэж байв. 1999 оны 10-р сарын 16-нд бурхан болжээ. Энэ бол түүний товчийн товч намтар. Дэлгэрэнгүй намтрыг нь бичнэ гэвэл хэдэн боть ном болно. Тэрээр хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг болоод ч тэрүү гаднаа чанга хатуу, ширүүн дориун, яхир харагддаг ч үнэн чанартаа дотор хүн нь дэндүү зөөлөн, сэтгэл нь хөдлөхөөрөө үсээ хойш шидлээд хошуу цорвойлгон аядуухан ярьдаг хүн байлаа. 1996-2000 онд УИХ-ын гишүүн байхдаа ханцуй дээрээ хас тэмдэгтэй ёслолын цэрэг хувцас өмсөн төрийн ордонд ирж чуулганы индэр дээрээс эрх баригч хүчнийг үнэн үгээр хатуухан шүүмжилж явсан зангарагтай эр. Түүний Монголоо гэсэн эх оронч үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг тултал нь мэдрүүлдэг шударга, гал цогтой үгсээр энэ цаг үе дутна. Монгол энэ хүнээр дутаж явна. Түүний монголчууд бидэнд захин үлдээсэн, ухаарал хайрласан шүлгүүдийг хүргэж байна.
“ЭХ ОРОН”
Тэнгэрлэг эх орон минь тандаа мөргөмү
Тэнд энд хэвтэх чулуунд чинь үнэн оршдогт итгэмү
Амьд яваа минь таны таалал гэмү
Аугаа их тандаа би өдөр бүр мөргөмү
Амьсгалах тоолондоо би тандаа хүрч очму
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Сайн үйлээ би таныхаа төлөө хиймү
Саар мууг үйлдвэл таныхаа өмнө ичмү
Өвлийн өдөр цасан дээр хэвтэхдээ
Өнгөт хялмаа гялалзан гялтагнахыг ажму
Орчинд минь хичнээн амьтан буй гэвээс тэд бүгд таных буюу
Одоо би таны нүдээр л бусдыг харму
Эх орон минь таны хүч л надад шингэснээс би хүчтэй явму
Энэрэл хайр тань надад ирсэнээс би бусдыг хайрлаж сурму
Аяа, эх орон минь ээ
Догшин ширүүн галыг ч би таных л гэж бодном
Дотоод зөөлөн амьсгалд тань шүтэж амьдарнам
Аяа, эх орон минь ээ
Ариун тунгалаг агаарыг ч таных л гэж бодном
Амьсгалах тоолонд та надад нэвтрэн орж ирнэм
Аяа, эх орон минь ээ
Та юм бүхэнд хувилан бидэндээ ирмү
Амьд яваа минь таны гүн их таалал буюу
Хад чулуунаас ч би таныгаа олж үзмү
Хатан дэлхийн өвсөн ногооноос та босож ирмү
Хамаг амьтны тусын тулд юм бүхэнд оршиж
Хар муу үйлийн замаас биднийг холтгому
Энэ ертөнцийн өнгө аялгуу бүхэн таныг хэлмү
Энх тунх явааг минь та ивээхдээ
Эрх биш түмэн амьтанд таны хайрыг хүртээх увидас хайрла
Энэхүү ертөнцийн туйл үнэн буй бөгөөс
Түүний мөн чанар, эгнэгт эс мөхөгч, бас бий эс бологч
Тал тал тийшээ хязгааргүй үргэлжлэгч
Төв цэг нь хаа сайгүй оршигч
Төрсөн бүхний юм шалтгаан
Төгөлдрөөр өөр тэнцэх юм огт үгүй ээ
Эх орон минь тандаа би мөргөмү
Энэ биеийн буруу зөвийг гагцхүү та тунгааму
Ариутгагч бас аврагч эцэг минь алтан мутраараа адислаж
Хүссэн бүхнээр минь болгоож хайрла
Сайн үйл мөнхийн дагуул минь болог
Сац бас муу явдал барааг минь хараад зугтаг
Бялдууч явдал дууг минь сонсоод устаг
Бас аймхай амьтад дуугарч чадалгүй дөлөг
Өвчин бүхэн намайг тойрог
Өвдсөн зовсоныг тэрчлэн би ачлаг
Амьсгалах тоолон надад та нэвтрэн орж ирмү
Аньсан нүдэндээ ч би таныгаа харму
Ухаан бодол минь таныгаа баясгахаар уудам болог
Уг чанар минь хүн чанар л болог
Эх орны минь мөн чанар гоо сайхныг бусдад түгээж
Энэ ертөнцийн олныг жаргаахад минь надад тусал
Энэ бие ухаан бодол, сэтгэл зүрх, үйл ажил минь таных гэвэл
Эх орон минь та өөрөө минийх
Би таны гэгээн гэрэлд аж төрмү.
"ДҮҮ НАРТАА"
Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла.
Yдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Yеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэн суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй
ээ!
Өвөл болохоос урьдаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын чинь цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг юм шүү.
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн
хоногуудын тоо
Шинэ цаснаас урьдаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа бодоорой
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд харамгүй илгээх юм!
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг нь уух хэрэггүй
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол эх орноо хайрлах ч юу л
бол
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан шүү !
Yр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Yс нь буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг
санаарай !
Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан амьтан хүний хэл ам
Орон нутгийн утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь "хүү минь" гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандачна.
Аав чинь гэрийн хойморт Алтай уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөн нудрагаа засаж, ирж үнсүүлэхийг чинь
хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан галын илчинд нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг
мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж ээжийнхээ гараас цай ууна.
Тансаг сайхныг бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж гэрийн цэнхэр утаа суунаглан
Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү
сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдрэнэ чи.
Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана!
Өвгөн хорвоод зуун жил амьдрахүй ч хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно, чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно, чи!
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс
илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна, чи!
Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх
хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа
бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр чинь юм шүү
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх агуу их сэтгэлтэй
болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй
Эрт цагт гэрээсээ гарсан "өөрийгөө" л
Ээж аав хоёртоо хүргэж оч
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй!
Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэгмөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэд
Орчлонгийн тоглоом даанч хатуу
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яаран ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа!
"Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа" гэж ээжид минь
хэлсэн гэдэг!
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү !
Чи зэмлэл хүлээж, зэргийн нөхдөдөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй
Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаая!
Алтан дэлхийд үүнээс илүү гавьяаг ах нь мэдэхгүй!
Yзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Yдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Яалуу идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав ээждээ баярла!
"ТЭНГЭР ШИГ БАЙ"
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мөхөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!…
Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ…
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!…
Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!…
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!…
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм …
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !…
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өөрөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!…
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм…
Ноён болохоос нь өмнө хөвгүүнийг басаж доромжилдог юм
Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !…
Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина
Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!…
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!…
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!…
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!…
АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг нь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт