Авсны тагийг тал нээхэд талийгчийн амгалан царай цухуйж түүнийг нь харсан авгай хүүхнүүд гэнгэнэн мэгшив. "Дөнгөж 36 насандаа хорвоогоос одох гэж, их ч юм хийх байсан даа, хайран залуу" хэмээн оршуулганд хүрэлцэн ирэгсэд шивэр авир хийнэ. Даваа талийгчийн царай руу өлийн хараад унтаж байгаа мэт амгалан төрхийг нь хэсэг ажсанаа "Амьддаа хөгийн царай муутай юм байсан. Үхэхээрээ өнгө ордог юм байх даа" гэж гайхшраад чихнийх нь доор хүрэнтэх сорвийг гэнэт олж үзмэгцээ хамаг бие нь хүйт дааж дагжисхийв. Тэр талийгчийн эхнэр рүү хулгай нүдээр харлаа. Бэлэвсэрч хоцорсон бүсгүйн харц хуурай, хоосон хэрнээ авсыг нэвт өрөмдөн цоолж нүхээр нь нөгөө ертөнцөд байх нөхрийнхөө сүнсийг олж харж буй мэт ер бусын, гүнзгий, айдас төрөм санагдахад Даваа бушуухан нүд буруулав. Авсны таг гэнэт боссон салхины хэмнэлээр чичирсхийхэд талийгчийн сүнс авсан дээрээ сандайлан суугаад оршуулганд ирэгсдийг бүртгэж байгаа юм шиг хачин төсөөлөл түүний толгойд харван орж ирэхэд хамаг арьс нь хүйт дааж, тархи нь царцах шиг болов. "Талийгч эхнэртэй нь явалдаж байсныг мэдээ болов уу?" хэмээх асуулт сэтгэлийг нь тарчилгана. Нэг удаа хамт гэрт нь архи ууж, халамцуу хоёул орцны хонгилд тамхи татаж байтал гэнэт талийгч "Чи миний эхнэрийг оролдоод байна уу?" хэмээн палхийтэл асуухад сандарсандаа "Чи яаж ийм юм бодож чадаж байна аа" гээд заамдаж авахдаа тамхины цогоор чихнийх нь доор түлж орхиж билээ. Одоо тэр сорви нь хүрэнтэж харагдах ажээ. Даваа нүдээ анин амандаа мэддэг тарниа шивнэлээ.
Мягмар авсны хажууд байх нүх рүү хараад "Хоёр метр хэртэй ухаж дээ" гэж бодсоноо хурдхан ажил явдал нь дуусаасай хэмээн байж ядсандаа дороо нэгэн хэмнэлээр хөлөө ээлжлэн дэвслэв. Хэдийн үхэж нөгөө ертөнц рүү одсон ч авснаас цухуйх түүний хүйтэн царай айдас төрүүлнэ. Амьгүйг нь мэдсээр байв ч өмхийрч ялзарч байгаа цогцосноос Мягмар жийрхэж байлаа. Нүхэнд булуулсан хойно л сэтгэл нь амарна гэдгийг тэр мэдэрч, тэгэх тусам хурдан булаасай хэмээх хүсэл оюун бодлыг нь эзэмдэнэ. Оршуулганд ирэгсдийн царай дүнсгэр, нүхний амсар дээр арц, хүж баагиулан ном гүрэм унших ламын дуу яг л нойр хүргэм, залхуутай сонсдоход Мягмар эгээтээ эвшээчихсэнгүй. Уруулаа мурчийлган арай гэж эвшээгээ дартал нүдэнд нь нулимс цийлэгнээд иржээ. Тэр нойтон нүдээр хүмүүсийг тойруулан харж байгаад талийгчийн цонхийсон царайн дээр харц тогттол нулимстай нүдэнд нь түүний аньсага хөдлөх шиг болоход оглохийн цочлоо. Бушуухан алгаараа нулимсаа арчаад дахин тогтож харвал талийгчийн цонхигор царай амьд үеийнхээсээ илүү аймшигтай, бүр уур бачимдалдаа багтарч, юу юугүй орилох гэж байна уу гэлтэй санагдахад Мягмар "Би зээлсэн мөнгөө эхнэрт чинь заавал өгнө. Бушуухан нүхэндээ орж үзээч" хэмээн дотроо наминчилж гарчээ.
Лхагва зогсолтгүй урсах нулимсаа дөрвөлжилж эвхсэн нусны алчуураар арчин "Ингээд яваад өгөхийг нь мэдсэн бол яах гэж тэр хөгийн газар руу матаас бичив ээ. Лүд юм даа. Айдас, шаналгаагаа даалгүй зүрх нь зогсож гэнэтийн энэ үхэл нь ингэж алдар нэр авчрах гэж" хэмээн халагласнаа нусаа шорхийтэл татлаа. Талийгчийг амьд сэрүүнд нь хэлтсийн даргынх нь суудлаас унагаж шороотой хутгаж хаян дарга болох гэсэн хүсэлд нь түүний гэнэтийн үхэл бул хар чулуунаас долоон дор тээг болж орхижээ. "Тэр мундаг хүн байсан. Түүнтэй дүйцэх хүн энэ байгууллагад байхгүй гэнэ. Хуцав аа. Түүний овлигогүй, дээрэлхүү аашийг мөн ч олон жил тэссэн дээ" гэж бодох бүрийд шаралхсан нулимс аягаа дүүрээд ирэв. Салхи дахиад хүчтэй босон ухсан нүхний шороо хуйлран эргэлдэж авсны таг дайвалзахад Лхагва уначихаасай хэмээн бодов. "Ямар их гай вэ?" хэмээн өөрийн мэдэлгүй чангаар бувтнатал дэргэд нь зогсох Пүрэвийн "Харин тийм ээ" гэх нь дуулдав. "Олон жил жолоочоор нь ажилласан даа. Завхайрч, идэж ууж, хуйвалдаж явахад нь чихэн дүлий, нүдэн балай явсан. Нууцыг нь хадгалж, ам таг олон жилийг өнгөрүүлж байхад эр хүн шиг хэдэн төгрөг гялтайлгачихдаггүй, харин ч ажлаас хоцорлоо гээд цалингаас торгож байдаг хөгийн хүн дээ" хэмээн Пүрэв гунихраад салхинаар аманд нь орсон шороог тургилан, шүлсээ сэм хаятал гутлынхаа хоншоор дээр унагачихав. "Хн. Заваарсан юм. Гараа гаргаж тосолсон юмсан, хайран хөдөлмөр, хайран гутал" гэж дотроо халаглалаа.
Хүмүүсийн хойно тэртээ ард Баасан толгой гудайн зогсоно. "Хайран мөнгө, хайран сая төгрөг. Ингээд нүд анихыг нь мэдсэн бол яах гэж өгөв өө. Эхнэрийн маань ажилд орох хөг нь өнгөрлөө. Наад зүрх чинь долоо хоног тэсчихгүй дээ. Мөнгө ч үгүй, ажил ч үгүй. Одоо эхнэрээс нь мөнгөө нэхэлтэй биш. Хүн нүцгэн ирж, нүцгэн буцдаг гэсэн хаана байна аа. Хамаг юмаа авс руугаа аваад орчихдог амьтан юм даа" гэж бодолдоо ганихарсандаа толгой сэгсрэн шогшров. Дэргэд нь хүүхэд адил цурхирах Бямбамаагийн гэнгэнэх дуу тээртэй санагдахад Баасан түүнээс холдон зогслоо. Бямбамаагийн нүднээс том том нулимс бөнжигнөтөл урсан хацрыг нь дагасаар газар дуслах ажээ. "Эр хүнд итгэлтгүй гэж үнэн юм даа. Хавийн амьтанд завхай, янхнаараа дуудуулж, энэ биеэ харамгүй хэдэн сар зориуллаа. Хэлсэндээ хүрээд хоёр өрөө байраа авч өгчихөөд тэр там руугаа одохгүй яасан юм бэ?" гэж бодох бүрийд нулимс нь горхи шиг л асгарч байлаа. Авсан дотроос цухуйх талийгчийн цагаан царай өөрийг нь дөнгөсөндөө бах тав нь ханасан мэт амгалан, гөлийж харагдахад Бямбамаа байж ядсандаа эхэр татсан ч баахан уйлснаас хатсан хоолой нь аргаж өвдөн өөрийн мэдэлгүй гашуун шүлсээ гүдхийн залгилав. Талийгчийн хамгийн сайн анд, арван жил нөхөрлөсөн найз Ням нь авсны өмнө зогссоноо өврөө ухан дөрөв нугалсан бичгийн цаас гаргаж ирэн дэлгэлээ. Гар нь салгалж, салхины аясаар цаас дэрвэнэ. Ням хоолойгоо зассанаа "Миний найз, дотны анд, манлайлан удирдагч, халамжит хань, сайхан аав, сайн хүү Гараг маань энэ ертөнцийг дэндүү залуугаараа орхин одлоо. Бурхан хамгийн сайныг нь түрүүлж авдаг юм байна. Миний найз шударга, зарчимч, зоригтой, анд нөхдөдөө нэр хүндтэй, ихийг хийж бүтээсэн Монголын сор болсон залуусын нэг байлаа. Даан ч бурханд найз минь хэрэг болсон учраас түүнийг минь дөнгөж 36 насанд нь ертөнцөөс авч одлоо". Нямын хоолой зангиран хэсэг гэнгэнэснээ "Миний найз эр хүн байсан. Үүнийг олон хүн мэднэ. Чи минь бурханы орондоо амгалан нойрсоорой" гэж хэлээд цурхиран уйлав. Энд тэндгүй хүмүүс уйлалдан, хачин янзын чимээ орчныг бүчжээ. Даваагаас Ням хүртэлх өдөр хоногууд, долоо хоног, сар, жил улиран өнгөрч, цаг хугацаа урссаар 36 насандаа Гараг талийгч болжээ. Авсан дотроо гуниглан хэвтэх Гарагийн сүнс "Ай амьдрал гэж мөн их тэмцэл байжээ. Урсах нулимсанд чинь сүнс минь живж байна. Хөврөх бодлууд чинь сүнсийг минь тасар татан хаялж байна. Авсны таг хурдан хаагдаж нүхэндээ амгалан нойрсох юмсан" хэмээн бодон тарчилж байлаа.
"Төсөөлшгүй ертөнцийн нууц" номоос
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт