ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Загасчин

    Гадна өнгийг нь хараад хэн ч тоохооргүй үзэмж муутай саарал байшин.  Энд өдөр бүр гадна, дотны зочин гийчид, жуулчид өглөөнөөс орой болтол тасралтгүй ирдэг ч чимээ аниргүй дүнсийнэ.  Учир нь энэ хотын иргэд саарал байшин дотор үргэлж явагддаг зургийн үзэсгэлэнг сард нэг удаа зарладаг үнэгүй үзвэрийн өдрөөр ирж сонирхдог болохоор тэр биз. Өглөө үзвэрийн танхим онгойхыг хүлээж суусан иргэд хаалга нээгдэнгүүт бүгд тасалбараа барин орцгоолоо. Уран зураг, үздэг яруу найраг. Тэдний дунд үзэг цаас нийлүүлэн тэмдэглэл хөтлөх эр их л содон харагдана. Дан цамцны энгэрийг задгайлан өөрийгөө дарчихмаар том үүргэвч үүрчээ. Үүргэвч дотор нь юу ч байж болно л доо. Гэхдээ л залуу хүн гэхэд сахал  үс нь нэлээд ургасан ч харц нь нэг л тогтуун. "Эр эм хоёр" хэмээх зураг түүнд их л таалагдсан бололтой анхааралтай ширтэнэ.  Ув улаан, дунд нь хоёр цагаан цэг зэрэгцэнэ. Залуу дэвтэртээ "БИ" гэж тэмдэглээд дараагийн зурагны өмнө очив. Цав цагаан цасан дээр явж өнгөрсөн хүний нүцгэн хөлийн мөр. Мөр явсаар сааралтан алсрах тусам жижгэрч цэг төдийхөн үлдэж алга болсон байв.  Залуу тэмдэглэлдээ " БИ БА БИД" гэж  тэмдэглэв. Залуу огт өөр ертөнцөд шингэлээ. Долоон өнгийн нотыг ногоон, цэнхэр, шар, улаан, ягаан, хар, саарал өнгөөр дараалуулан зуржээ. Залуу удаан бодсоны эцэст тэмдэглэл дээрээ "АМЬДРАЛ" гэж бичээд хамгийн сүүлийн зурган дээр очив. Шоовдорлогдсон мэт үүдэнд өлгөсөн тэр зураг. Залуугийн харц гунигт автлаа. Бороо ороход, цас будрахад цонхоор удаан ширтэх дуртай нүд тэнд тодорлоо.

    Нүд үл гүйцэм, туулж баршгүй их элсэн цөл. Элсний ширхэг бүр алт мэт гялалзаж хүний шунал хөдөлгөнө. Халуу шатам нар ээж, цөл дунд түшлэгтэй мухар сандал дээр суугаад хүлээцтэй гэгч нь загасны дэгээ шидсэн өвгөн.  Урдаа хоосон хувин тавьжээ. Өвгөний дэгээ хоосон хувинг онилон шидэгдсэн харагдана. Магадгүй энэ цөл аль цэрдийн галавын үед далайн ус давалгайлж, загас жараахай багширч байсан биз. Духнийх нь үрчлээ сархигнаг мэт давхаралдан нарийн тоолвол насыг нь хэлээд өгмөөр зурайна. Цахлай шувуу өвгөнөөс хоол хоол горилон оцойн суусан нь итгэл алдраагүйн дохио гэлтэй. Магадгүй би залуугийн оронд байсан бол энэ зургийг "ӨВГӨНИЙ ИТГЭЛ НАЙДВАР"  гэж нэрлэх байсан биз. Залуу зогсоод л байлаа. Бодол тархин дунд хөвөрсөөр, цонхоор тусах нар аль хэдийн шалан дээр буужээ...

    -Уучлаарай манай үзэсгэлэн хаах цаг нь болчлоо. Танд энэ зураг их таалагдаж дээ гэж музейн тайлбарлагч бүсгүй залуугийн дэргэд очин хэлэв. Залуу цочсондоо тэмдэглэлийн дэвтэрээ газар унагачихав. Тайлбарлагч эмэгтэй:

    -Өө уучлаарай таныг сандраачихлаа хэмээн хүлцэл өчихөд

    -Би энэ зурганд нэр өгч чадсангүй. Энэ өвгөн өвс, ургамал ч үгүй, энэ элсэн цөлд хоосон хувингаас загас шүүрдэхээр юунд итгэж дэгээ шидээ вэ? солиотой, ёстой  солиотой  гэж шогширон залуу сая ам нээв.  Музейн тайлбарлагч "Та энэ зургийг зурсан зураачтай нь уулзмаар байна уу" гэж асуухад залуу толгой дохин хариулав. Эмэгтэй инээмсэглэн:

    -Зураач өөрийгөө зурсан гэдэг юм. Та энэ өвгөний дэгээнд дөнгөж сая орчихоод байж байна. Өвгөний барьсан загас та шүү дээ. Бид чинь яг л хоол хайж яваад хэн нэгэний тавьсан дэгээнд хууртаж автдаг. Таны дэвтэр дээр энэ зурагны нэрийг би бичиж өгвөл та дургүйцэхгүй биздээ гээд эмэгтэй үзгийг нь авч "Загасчин" гэж бичив. Залуу үзвэрийн  танхимын үүдээр гарахдаа сэтгэлдээ олон зүйлийг дүрслэнэ. Гадаа тэнгэрийн хаяа шаргалтан нар хэдийнээ өдрийг орхиж, өглөөтэй уулзахаар оджээ. Харин залуу шөнийн зүг тамхи баагиулан алхлаа.

    Энэбишийн Ган-Очир

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй