Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өчигдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына бараалхав. Уулзалтын эхэнд Гадаад хэргийн сайд “Манай хоёр орны харилцаа найрсаг харилцан итгэлцэл дээр тогтдог. Цаашдаа ч энэхүү харилцаагаа хөгжүүлэх боломж их байгаа гэдэгт итгэж байна. Хоёр орны эдийн засгийн болон соёлын харилцаанд илүү анхаарах хэрэгтэй байна. Шинэ түвшинд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таны айлчлал чухал ач холбогдолтой юм гэлээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл явцыг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлье. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болж байна. Хоёр орны харилцаанд парламентын бүлэг хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Манай улсын гуравдахь хөрш Европын холбооны гишүүн Польш улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай гэсэн таны байр суурьтай санал нэг байна. Эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд Засгийн газарт үүрэг өгч ажиллах болно. 2014 онд Улаанбаатарт зохион байгуулагдсан Эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хурлын үеэр тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгох, хэрэгжүүлэх нь чухал. Польш Улсын Засгийн газрын зүгээс хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа бизнес эрхлэгчид хоорондын шууд хэлхээ холбоог дэмжихэд анхаарч байгаад талархаж байна гэлээ.
Уулзалтын төгсгөлд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Гжегож Схетына, Монгол Улстай цаашид өндөр түвшинд хамтын ажиллагаагаа баяжуулан өргөн агуулгаар хөгжүүлэх боломж байна гэлээ. Тэд улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна Ази болон Европын бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.
Энэ уулзалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсын Шадар сайд, Эдийн Засгийн сайд ноён Януш Пехочиньскийг хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтын эхэнд, энэхүү айлчлал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Манай хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа өнөөдөр хүрсэн түвшнээс илүү хөгжих бүрэн боломж харагдаж байна. Бид боломжоо 100 хувь ашиглаж чадаагүй байна. Польшийн эдийн засгийн өсөлт хамгийн сүүлийн гүйцэтгэлээр 3,5 хувьтай байна. Бид ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн тасралтгүй хөгжлийг хангах зорилт тавин ажиллаж байгаа. Энэхүү эдийн засгийн хөгжлийг тогтвортой хангахад танай улстай харилцах хамтын ажиллагаа ч чухал юм. Бид хоёр орны хоорондын бизнес уулзалтуудыг энэ онд ойр давтамжтайгаар зохион байгуулах бөгөөд цуврал уулзалтуудыг уул уурхай, хүнсний бүтээгдэхүүн болон бусад хамтарч болох салбарыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөөд байна. Монгол Улс бол байгалийн баялаг ихтэй, харилцан бизнес явуулах боломж ихтэй улс гэж дүгнэдэг. Бид танай улстай зөвхөн уул уурхайн салбарт бус, харин эрчим хүч, хөдөө аж ахуй тэр дундаа мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах гэх мэт олон талаар хамтран ажиллах боломж бидэнд байна. Польш Улсын хувьд нүүрснээс эрчим хүч гаргахад арвин туршлагатай орны нэг. Мөн ил уурхай, далд уурхайн стандартыг бид сайтар хангаж ажилладаг. Энэхүү туршлагаас ч хуваалцах боломж бий. Польшийн бизнес эрхлэгчид Монголоос ямар бүтээгдэхүүн импортлох тал дээр мэдээлэл багатай байна. Манай Эдийн засгийн яамны зүгээс Польшийн Элчин Сайдын Яамны үйл ажиллагааг Улаанбаатар хотод сэргээх болсонд баяртай байгаа. Учир нь Улаанбаатар хот дахь Элчин Сайдын яамны үйл ажиллагааг зогсоосон нь эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлсэн. Цаашид Монгол Улсад хөрөнгө оруулах Польшийн компаний тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Одоогоор Польшийн 28 компани Монголд хөрөнгө оруулалт хийсэн статистик дүн бий. Польшийн талаас дэлхийд танигдсан томоохон компаниуд ч Монголд хөрөнгө оруулах сонирхол байгаа гэдгийг онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга З.Энхболд, хоёр орны өнөөдөр хүрсэн улс төрийн харилцаанд сэтгэл хангалуун байна. Бид манай улсын гуравдагч хөрш Европын Холбооны гишүүн Польш улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг. Таны хэлсэнчлэн, уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт бид хамтран ажиллах тал дээр хоёр улсын Засгийн газар чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёр улсын хооронд дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулах нь худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй гэж үзэж байна. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг манай улсын засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэх болно. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комисс чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд анхдугаар хурлын үеэр тохиролцсон ажлыг хэрэгжүүлэх нь чухал. Худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжсэн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, бизнес эрхлэгчид хоорондын шууд хэлхээ холбоог дэмжин, хууль тогтоох байгууллагын түвшинд анхаарах нь чухлыг тэмдэглэлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт