2014 онд эдийн засгийн өсөлт 7.8 хувь байлаа
2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувьд хүрлээ. Энэхүү өсөлтөд малын тоо 52 сая толгойд хүрч, манай орны эдийн засгийн уламжлалт салбар болох хөдөө аж ахуйн салбар 14.4 хувиар өссөн, экспортын голлох бүтээгдэхүүнүүдээс зэсийн баяжмал, газрын тосны олборлолт, экспортын хэмжээ огцом өсч, 2014 онд 1.4 сая тонн зэсийн баяжмал, 6.9 сая тонн газрын тос экспортолсон нь уул уурхайн салбарт өндөр өсөлт гарахад голлон нөлөөлжээ. 2011 онд 17.3 хувиар өсч байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарахад экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан нь нөлөөлөв. Эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, бизнесийн идэвхжил суларч байгаагаас 2014 онд худалдааны салбар 6.9 хувийн уналттай гарлаа.
Инфляцийн түвшин 11 хувьд хүрчээ
2014 оны эцэст улсын инфляцийн түвшин 11 хувь, улаанбаатар хотын инфляцийн түвшин 10.7 хувь тус тус гарлаа. 2014 оны 1, 4, 6-р сард үнийн өсөлт хамгийн өндөр байсан бол оны төгсгөлд инфляцийн түвшин тогтворжих хандлагатай байв. Инфляцийн бүтцийг харвал махны болон шатахууны инфляци буурсан байна. Харин валютын ханшийн өсөлттэй холбоотойгоор импортын барааны бүлгийн инфляци 2014 онд өссөн дүнтэй гарлаа.
Гадаад худалдаа 537.9 сая ам.долларын ашигтай байжээ
2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр нийт экспорт өмнөх оны мөн үеэс 35.3 хувиар өсч 5.774.6 сая ам.доллар, нийт импорт 17.6 хувиар бууран 5,236.6 сая ам.доллар болж гадаад худалдааны тэнцэл 537.9 сая ам.долларын ашигтай гарлаа. Эдийн засгийн идэвхжил саарсан нь нийт эрэлтийг бууруулж, улмаар нийт импортын хэмжээ буурахад хүргэсэн байна. Импортын бууралтыг бүтцээр авч үзвэл түлш, шатахуун, цемент гэх мэт эрдэс бүтээгдэхүүний импорт 16 хувиар, машин механизм, тоног төхөөрөмжийн импорт 30 хувиар, тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд ангийн импорт 38 хувиар тус тус буурчээ. Нийт экспортын бүтцийг харвал 45 хувь нь зэсийн баяжмалын экспортоос, 15 хувь нь нүүрсний экспортоос, 11 хувь нь газрын тосны экспортоос, 8 хувь нь төмрийн хүдрийн экспортоос, 7 хувь нь алтны экспортоос орсон буюу нийт экспортын 90 орчим хувь нь уул уурхайн салбарын экспортоос бүрджээ. 2014 онд зэсийн баяжмалын экспорт өмнөх онтой харьцуулбал 2 дахин өсч 1378,1 мянган тонн, боловсруулаагүй газрын тос 30 гаруй хувиар өсч 6.9 сая баррель, нүүрсний экспорт 6 хувиар өсч 19.5 сая тоннд хүрсэн нь экспортын өсөлтийн голлох шалтгаан болов.
Төлбөрийн тэнцэл 471 сая ам.долларын алдагдалтай гарлаа
Гадаад худалдааны тэнцэл сайжирч байгаагаас төлбөрийн тэнцлийн барааны тэнцэл ашигтай гарсан ч үйлчилгээний тэнцэл ихээхэн алдагдалтай гарснаар урсгал данс 985 сая ам.долларын алдагдалтай гарав. Харин хөрөнгө ба санхүүгийн данс 753 сая ам.доллар гарч, нийт дүнгээр төлбөрийн тэнцэл 2014 онд 471 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
Улсын нэгдсэн төсөв 808 тэрбумын алдагдалтай гарчээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны 12 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 87.9 хувийн, нийт зарлага 92.4 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 808.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Төсвийн орлогын өсөлт, бууралт нь эдийн засгийн өсөлтөөс илүүтэй манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт бууралтаас ихээхэн хамаарч байна. Тухайлбал, 2006 болон 2008 онд эдийн засгийн өсөлт 9 орчим хувьтай байсан бол зэсийн үнийн өсөлт өндөр байсан 2006 онд төсвийн орлогын өсөлт харьцангуй өндөр байв. Түүнчлэн 2012-2013 онд эдийн засгийн өсөлт 12 орчим хувьтай байсан ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ бууралттай байсан (манай экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ бууралттай байсан)-аас төсвийн орлогын өсөлтийн түвшин бага байна.
Зээлийн өрийн үлдэгдэл 12.5 их наяд төгрөг байна
2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлт 10.635.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар өссөн байна. Аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2014 оны эцэст 12.503 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 16.7 хувиар өссөн байна.
Мөнгөний нийлүүлэлт 2013 онд 24 хувиар өсч байсан бол 2014 онд 12.5 хувь, зээлийн өрийн үлдэгдэл 2013 онд 54 хувиар өсч байсан бол 2014 онд 16.7 хувиар өсч, өсөлтийн хурд саараад байна.
2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.5 хувь байна
2011 оноос хойш эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгах, өсөлтийг дэмжих, нийт эрэлтийг нэмэгдүүлэх, дотоод эдийн засгийн цар хүрээг тэлэх зорилгоор гадаад зах зээлд Засгийн газрын бонд борлуулж, төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд эдийн засгийн огцом уналт, валютын ханшийн гүн хямралаас сэргийлж, эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалж чадсан байна. Гэвч олон улсын зах зээл дээр экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унасан, хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан зэрэг нь эдийн засаг алгуур саарч, өсөлтийн түвшин буурахад хүргээд байна. Тухайлбал, 2011 онд 17.5 хувь, 2012 онд 12.5 хувь, 2013 онд 11.7 хувь тус тус өсч байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдац саарч, 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр 7.8 хувь, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт 2 дахин, зээлийн үлдэгдлийн өсөлт 3 дахин буураад байна.
ОУВС-аас энэ оны 1 дүгээр сард гаргасан тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өмнөхөөс бууруулж, 3.5 хувь байхаар тооцсон байна. Энэ нь 2014 оны 2 дугаар улирлаас огцом буурч эхэлсэн газрын тосны үнэ үргэлжлэн буурсан, 2014 оны 3 дугаар улирлаас эхлэн 1 тонн зэсийн үнэ 7000 ам.доллараас бага болж буурсан зэргээс эрдэс бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудын өсөлт саарахаар төсөөлсөнтэй холбоотой байна. Ийнхүү хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт саарч байгаа, ялангуяа Манай улсын гадаад худалдааны хамгийн том түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч байгаа нь гадаад зах зээл сайнгүй байх төлөвийг харуулж байна хэмээн Сангийн яам мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт