ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Цагаан сарын уламжлалт зан үйл ба цээрлэх ёсон

    Тавгийн идээ нь бие, насыг билэгддэг

    Монголчууд хүндэтгэлийн тавгаа ул боовоор засдаг ёстой. Монголчууд тухайн өрхийн тэргүүн хэдэн нас зооглож байгаа, хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн зэргээс нь хамаараад “Тэдэн улыг өнгөрүүлжээ”, “Тэдэн улыг элээжээ” гэж элээсэн улаа нөхөхийн билэгдэл болгож, ул боовоороо таваг засдаг байна.

    Хүнд ил ертөнцөөс бэлэглэсэн махан бие, ясан бие, цусан биеэс гадна сүнсэн бие, гэрлэн бие гэсэн нийт таван бие байдаг. Энэ таван биеийг билэгдэж, ул боовоор таваг засахдаа суурийг нь таван боовоор тойруулан тавьдаг уламжлалтай юм. Харин тавгийн идээний сууриас дээш явах үений тоо нь гэрийн эзний наснаас хамаардаг ажээ. Өөрөөр дээшлэх үе нь нас, доод тойрог нь бие гэсэн үг юм.

    Залуу гэр бүл “Таваар гурван үе” засна

    Залуу гэр бүл сууриа таваар засч дээшээ гурван үе явна. Үр хүүхэд төрүүлсэн хүн нэг үеэ, ач зээгээ үзвэл хоёр үеэ, түүнийхээ хүүхдийг үзвэл гуран үеэ үзсэн гэх бөгөөд үүнийг л билэгдэн залуу хүн таваар гурван үе таваг засдаг ёстой ажээ.

    Жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг уламжлалтай.

    Бурхан болоочид зориулсан тавгийн идээнд хүрч болохгүй

    Хэрэв өрхийн тэргүүн бурхан болоод удаагүй, гурван жил болоогүй тохиолдолд таваар есөн үе таваг засдаг. Тэрхүү тавгийн идээ тусдаа тавигдана. Эцгээ явсны хойно гурван жил хугацаанд бүсгүй хүн ул тавихыг цээрлэдэг. Харин хойчийн буй юмыг билэгдэж өвчүү тавьдаг. Бурхан болоочид зориулагдсан тавгийн идээг ширээнийхээ хойморьт засна. Хүндэтгэл идээ учраас зочид хүрэхийг цээрлэдэг. Харин зочид цагаан идээ нэмж тавьж болно. Цагаан сар өнгөрсний дараа бурхан болоочид зориулсан тавгийн идээг хураагаад хүртэж, амсдаггүй бөгөөд галын тахилганд өргөдөг байна.

    Тавгийн идээний дор гурил будаа хийхийг цээрлэнэ

    Зассан тавган дотроо дан цагаан идээ байрлуулдаг. Дотор нь гурил, будаа хийхийг цээрлэдэг. Учир нь тойруулж өрсөн ул боов нь сав болдог бөгөөд түүн дотор таны билэгдэл таван бие оршдог. Энэхүү утга учир, мөн чанарыг ариун сайхан, цэвэр цагаан шүү гэж билэгдэж цагаан идээгээр дүүргэдэг байна.

    Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг

    Эрт үеэс уламжлагдан ирсэн ёс журмаар бол тавганы идээн дээр еэвэн тавьдаггүй байжээ. Энэ ёс манжийн эзлэн түрэмгийллийн үед Монголд орж иржээ. Зүй нь бол зассан тавгийн идээний дээр өрөм дэвсэж өгдөг байна. Энэ ёс нь гэрийн эзэн өөрийн тэргүүн, магнайгаа билэгдсэн хэрэг юм. Өөрөөр хэлбэл нүнжигтэй, оюунлаг байхыг илэрхийлж буй юм.  

    Шууд тавгийн идээнд хүрэхийг цээрлэнэ

    Тавгийн идээг гэрийн эзнээ хүндэтгэн засдаг. Тиймээс зочид айлд ормогцоо шууд гол тавгийн идээнд хүрч болдоггүй. Гол идээнд хүрэхээсээ өмнө дан цагаан идээгээр зассан жижиг тавагтай идээнээс амсдаг учиртай. Энэ нь тухайн хүн ямар ч санаа өвөртөлж орж ирж болно. Түүнийг нь цагаанаар тайлж байгаа хэрэг юм. Цай ухаасаа өмнө цагаан идээнээс амсах ёстой ажээ. “Цай” бол ус дээр сүүг нэмж хийсэн ундаа учраас ариун цагааныг илэрхийлдэггүй юм байна. Тийм учраас цагаан идээнд эхэлж хүрдэг байна.  Хэдэн ч удаа зочин ирсэн гол идээндээ гэрийн эзэн түрүүлж хүрдэг ёстой.

    Тавгийн идээтэй холбоотой цээрлэх ёсон

    • Хүний хүн болоогүй, өрх толгойлсон бүсгүй хүн идээ, шүүс тавихыг цээрлэнэ.
    • Мөн тийм бүсгүй айлд айлчилахад шүүсэнд хүрэхийг хориглоно.
    • Гэрийн эзэн хүрээд, өөрийнхөө гараар түгээнэ. Эр хүн бол шүүсэнд өөрөө хүрнэ.
    • Шинийн гурвандаа тавгаа хурааж идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүсдээ хүртээдэг.
    • Идээгээ хавь ойрын хүмүүс, хамаатан садан, хөрш айл саахалтдаа тараагаад байдаггүй. Учир нь удам судар урт удаан үргэлжилнэ хэмээн билэгддэг.

    Ууц хөндөх ёсон

    Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина.

    Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна.

    Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.   

    Өглөө туулай цагт шинэлэх ёсыг үйлддэг

    Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг.

    Золгохдоо хадгаа тавьсны дараа мэнд мэдэлцэнэ

    Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна.

    Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно

    Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

    Аюуш хадгийг эцэг эх, ахмад настантай золгоход барина

    Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой.

    Хөөрөг харшуулж, толгойг нь дарахыг цээрлэнэ

    Ахмад хүн буюу зочин хүн тухлан суусны дараа дүүмэд хүн хөөрөгнийхөө бөглөөг султгаж, баруун гарынхаа тохойг зүүн гараараа дэмжиж биеэ мэхийсхийн барина. Ахмад буюу зочин ч мөн адил өөрийн хөөрөгний бөглөөг султган баруун гараараа өгөхөд дүүмэд нь хоёр гараараа тосон аваад хамартаа хүргэн үнэрлээд буцааж бариад өөрийнхөө хөөргөө буцаан авдаг. Үе насны хоёр хүн тамхилан мэндчилэхдээ тус тусын хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

    Цагаан сараар цээрлэх зүйл

    • Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.
    • Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээнэ.
    • Эд, мал зээлээр өгвөл гарзын үүд нээгдэнэ.
    • Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр гэдэг.
    • Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй.
    • Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг цээрлэнэ.
    • Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс билэгдлийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
    • Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
    • Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно.

    Б.Гарьд

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй