Сайн ресторанд хоол идэх гэдэг багагүй соёл шаардана. Ингэхэд баримталдаг этик, ёс зүйн дүрэм гэж байдаг байна. Энэ талаар “Хооллох урлаг: бүгд мэдэх ёстой энгийн ёс зүй” (The Art of the Meal: Simple Etiquette for Simply Everyone) номын зохиогч Патрися Напиер-Фицпатрик ингэж зөвлөжээ.
Үргэлж сайхан хувцасла
Эрчүүд ийм газар хоолонд ирэхдээ хослол, эсвэл ядаж хүрэм (пиджак) өмсөх хэрэгтэй. Хэрвээ гадны зочинтой хоолонд орох бол хүрэм, зангиатай өмсөнө. Харин эмэгтэйчүүд даашинз эсвэл хослол өмсөх хэрэгтэй. Мөн сандаал өмсөж болохгүй.
Ширээн дээр гар утас, түлхүүр, хэтэвч тавих ёсгүй
Энэ бол түгээмэл ойлголт. Ингэснээр хамт хооллогчийнхоо тав тухыг алдагдуулахаас гадна зөөгчид ч үйлчлэхэд хүндрэл учруулна.
Зочиндоо түрүүлж захиалга өгөх боломж олго
Хэрвээ та уригч бол өөрийгөө уригч гэдгээ мэдэгдүүлэх ёстой. Ингэхдээ зөөгчид “миний зочинд … авчирч өгнө үү”, “манай зочноос эхлээд захиалга авна уу” гэх зэргээр хэлж илэрхийлнэ.
Хэрвээ та уригч бол төлбөрийг хийнэ
Урьсан хүн нь төлбөрийг даадаг уламжлалтай. Зарим туршлагатай хүмүүс хэрвээ хүн урьсан бол төлбөрийн картаа ширээнд суухаас өмнө өгчихдөг. Эсвэл ресторанд очихоосоо өмнө утсаар захиалахдаа тохирчихдог гэнэ.
Ямар үнэтэй дарс захиалахаа зөөгчид хэлдэггүй
Үүний оронд өөрийн боломжийн үнэтэй гэж үзсэн дарсыг менюнээс хуруугаараа заахад зөөгч ойлгоод ойролцоо үнэтэй дарснуудаас санал болгодог. Дарсны мэргэжилтэн болж харагдах гээд эвгүй байдалд ороод хэрэггүй. Зүгээр л амталж үзээд таалагдсанаа сонго.
Дарсыг буцааж болохгүй
Нэгэнт задалсан дарсыг буцааж болохгүй. Дургүй байсан ч ширээн дээрээ байлгахаас өөр аргагүй. Учир нь түүнийг зөвхөн таньд зориулж задалсан. Хэрвээ үнэхээр асуудалтай дарс байвал зөөгчид эелдгээр тайлбарлаад буцааж болно.
Амны алчуурыг хаана тавихаа мэддэг бай
Таныг урьсан хүн алчуураа өвдгөн дээрээ тавимагц идэж эхлэх ёстой. Хэрвээ ариун цэврийн өрөө орохоор босч явах бол алчуурыг сандал дээрээ орхино. Идэж дуусаад тавагныхаа зүүн гар талд эвхэлгүй, гэхдээ цэвэрхэн цэгцтэй тавина. Ингэхдээ мөн л уригч талын дараа энэ үйлдлийг хийнэ.
Хүний хоолноос амсах хэрэггүй
Тийм ойр дотно биш хүнтэй хооллож байгаа бол, мөн бизнес хоолонд орж байгаа бол бусадтай хоол хуваалцаж хэрэггүй. Хэрвээ сайн мэдэх хүнтэй хооллож байгаа бол хоолноос нь амсах гэж талхны тавгаа өгч болно.
Зөөгчийг хашгирч дуудаад хэрэггүй
Зөөгчийг нүдний харцаар харьцан дуудах хэрэгтэй. Хэрвээ ингэх боломжгүй байвал гараа өргөн долоовор хуруугаа гозойлгож анхаарлыг нь татах хэрэгтэй.
Дутуу болгосон хоолыг буцааж болно
Хэрвээ хоол чинь гүйцэд болоогүй байвал буцааж болно. Ингэхдээ бусад хүмүүстээ өөрийг нь хүлээлгүй хоолоо үргэлжлүүлэн идэж байхыг заавал хэлэх ёстой. Ингэхгүй бол бусад тань зэрэг хооллохоор хүлээх зэргээр тав тухаа алдана.
Ижил хэмжээний захиалга өгөх хэрэгтэй
Өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд хамтран хооллогчтойгоо зэрэг идэж дуусахыг хичээх хэрэгтэй. Нөгөө хүнээсээ түрүүлж дуусвал түүнийг яаруулж эвгүй байдалд оруулна.
Хутга, сэрээгээ тавагны хажууд тавьж болохгүй
Идэж дуусаад хутга, сэрээ зэргийг тавган дээрээ 10:20 цагны зүүний байрлалаар орхино. Сэрээг дээш нь харуулах хэрэгтэй. Үүнийг харсан зөөгч тавгийг хурааж болохыг ойлгоно.
Хоол дуустал ажил битгий ярь
Ажил хэргийн яриаг хоол дуустал яриад хэрэггүй. Мөн хоолны үеэр маргаантай асуудлыг хөндөж ярих нь зохимжгүй.
Ширээний ард цэх суух
Алчуураар хуруу болон уруулаа байнга арчиж цэвэрлэнэ.
Тавган дээрх махыг нэг хэрчиж амандаа хийн идэж дууссаны дараа дараачийн хэрчмийг хийнэ. Хэрчих, идэхийг давхцуулж болохгүй.
Талх болон масло үргэлж тавган дээр байх ба зөвхөн хазахдаа авна. Гартаа бариад суугаад байж болохгүй.
Аягатай зүйлийг уухдаа аяга руугаа харж ууна. Ууж байхад харц энд тэнд тэнэх нь зохимжгүй.
Цэх сууж гар болон тохойгоо ширээн дээр тавихгүй байх хэрэгтэй.
/Энэ зөвлөгөөг Модерн Номадсын хамт олон таньд хүргэлээ/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт