ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ханш унаснаас банкууд 190 тэрбумыг хожжээ

    2012 оны 7 дугаар сарын 1-нд долларын ханш 1342 төгрөг байлаа. Харин өнөөдөр 1839 төгрөг байна. Зөрүү нь 500 орчим төгрөг. Төгрөг унаж, доллар чангарснаас үүдэн мөнгөний ханш 37 хувиар унажээ. 2012 оны 7 дугаар сард байсан 1000 төгрөг одоо 630 төгрөг болон үнэгүйдсэн гэсэн үг юм. Тэгвэл энэ хугацаанд арилжааны банкинд төгрөгийн болон валютын хадгаламжтай байсан иргэд хэрхэн хохирч, бас хожив, банкууд ганцхан жилийн хугацаанд хэчнээн төгрөгийн ашиг олсон бол?!    

    Хэн хэчнээн төгрөгийн хадгаламжтай вэ?

    Монгол банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын иргэдийн нийт хадгаламж нь 2012 оны эхний хагас жилийн байдлаар 3.4 их наяд төгрөг байжээ. Үүнээс 1-10 сая төгрөг хүртэлх хадгаламжтай 715 мянган өрх, 10-100 сая төгрөг хүртэлх хадгаламжтай 27 мянган өрх бий. Дээрх өрхүүдийн хадгаламжийн хэмжээ нь 3 их наяд 245 тэрбум төгрөг болно. Тэгэхээр үлдэх 213 тэрбум төгрөг нь 100-аас дээш сая төгрөгийн хадгаламжтай гэсэн үг. Нэг өрх дунджаар 300 сая төгрөгийн хадгаламжтай гэж үзвэл 710 өрх үүнийг эзэмшдэг аж. Банкин дахь хадгаламж өссөн ч хадгаламж эзэмшигчдийн ерөнхий харьцаанд төдий л өөрчлөлт ордоггүй байна.

    Долларын хадгаламж огцом нэмэгдэв

    Тэгвэл 2013 оны эхний хагас жилийн байдлаар Монголын арилжааны банкуудын нийт хадгаламж 5.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30 орчим хувь буюу нэг их наяд 500 тэрбумаар огцом нэмэгджээ. Нийт хадгаламжийн 29 хувийг хугацаагүй хадгаламж, үлдсэн 71 хувийг хугацаатай хадгаламж эзэлж байв. Хугацаатай хадгаламжид эзлэх төгрөгийн хадгаламж 2012 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 70 хувь болтол буурч валютын хадгаламж 30 хувь болж өссөн.  Мөнгөн дүнгээр бодвол 3.5 их наяд нь төгрөгийн, 1.5 их наяд нь валютын хадгаламж. Хадгаламж огцом нэмэгдэж, тэр тусмаа валютын хадгаламж 30 хувь болтол өссөн нь цаагуураа төгрөгийн ханш навс унах, доллар чангарахыг нэг талаар ёрлоод байжээ. Зах зээл дээр эргэлдэж байсан хэдэн арван тэрбум төгрөгөө хэсэг бүлэг хүмүүс татаж доллар болгон хувиргаад банкинд хадгалуулснаар хадгаламж огцом өссөн хэрэг. Эс бөгөөс Монгол банкнаас зах зээлд их хэмжээгээр, хэдэн арван тэрбумаар нь хэдэнтээ тараасан төгрөг нь эргэж банкинд хэн нэгний хадгаламж болон буцаж ирсэн байх магадлалтай. Ингэж их хэмжээний бэлэн мөнгийг зах зээлд гаргасан нь төгрөгийн илүүдэлд хүргэж долларын ханш чангарахад нөлөөлсөн гэж олон эдийн засагч дүгнэсэн байдаг. Дээрх бүх үйл явдал цаагуураа ямар нэг сэжмээр холбогдож байхыг үгүйсгэх аргагүй.

    Төгрөгийн хадгаламжнаас 190 тэрбумыг алдав

    2013 оны эхний хагас жилд 3.5 их наяд төгрөгийн хадгаламжтай байсан иргэдийн хадгаламж  жилийн дараа  гэхэд  13 хувиар өсч банкууд 525 тэрбум төгрөгийг хүүнд өгөх  ёстой байв. Гэтэл төгрөгийн ханшны уналт, долларын өсөлт хоёрын зөрүүнээс шалтгаалан төгрөгийн хадгаламж авсан банкууд ашигтай ажиллаж иргэд хохироод үлдсэн. 2013 оны 7 дугаар сарын 1-нд нэг ам.долларын ханш 1447 төгрөг байв. Иргэдийн хадгаламж дахь 3.5 их наяд төгрөг нь тухайн үеийн ханшаар 2.4 тэрбум ам.доллар болж байлаа. Харин 2014 оны 7 дугаар сарын 1-ний долларын ханш болох 1826 төгрөгөөр бодоход нөгөө 3.5 их наяд төгрөг нь 1.9 тэрбум ам.доллар болно. Түрүү жил, өнөө жил хоёрын зөрүү нь 500 сая.ам доллар. Төгрөгөөр бол 190 тэрбум төгрөг. Энэ нь жилийн хугацаатай хадгалуулсан мөнгөнийх нь ханшны уналтын хэмжээ юм. Ханшийн уналтын зөрүүг тооцоход банкууд 525 тэрбум бус 335 тэрбумыг хүүнд төлжээ. Өөрөөр хэлбэл иргэд банкинд мөнгөө 13 хувь биш 9 хувийн хүүтэй хадгалуулсан болж таарч байгаа юм.

    Долларын хадгаламжаар 500 тэрбумыг олжээ

    Хамгийн сайхан нь 1.5 их наяд төгрөгийн валютын хадгаламж ханшийн өсөлтөөс шалтгаалан шууд л 1.9 их наяд төгрөг болж өссөн. Үүн дээр хүүгийн төлбөр болох 100 тэрбумыг нэмэхээр нийт ашиг нь 500 тэрбум төгрөг болно. Доллар огцом нэмэгдэхийг таамаглаж байсан хүмүүс зүгээр сууж байгаад л мөнгөө 30 хувиар өсгөсөн гэсэн үг.

    Эргэлдүүлснээс хадгалуулсан нь дээр

    Мөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээсс 29.5 хувиар өсч, 10 их наяд 240 тэрбум төгрөгт хүрсэн нь Монгол банкны хувьд бахархам амжилт байж мэднэ. Мөнгөний нийлүүлэлт ихэсч, хадгаламж өнгөрсөн оныхоос 42 хувиар, хоёр жилийн өмнөхөөс 110 гаруй хувиар өслөө. Гэхдээ энэ өсөлт нь худалдаа үйлдвэрлэлд ашигтай байж, хүмүүсийн орлого дээшилж, банкин дахь итгэл нэмэгдсэн үү гэвэл үгүй. Харин ч үйлдвэрлэл эрхэлж ашиг олох боломж нь банкны жилийн хүүгээс давж гарахаа больж захирлууд эхнээсээ Шар хадны эмнэлэг бараадах болсон нь үнэн юм.

    Ж. Ангараг

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй