ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэтгэлээ ариусгаж амар амгалан болгох Випашяна бясалгал

    Випашяна бясалгалын танилцуулга

    Випашяна гэдэг нь “Бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай үг юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир үндэслэлтэй арга билээ.

    Хүмүүн бээр цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдан, уур уцаар, харуусал гутрал, хүсэл шунал зэргийг сэтгэлдээ үүсгэснээс болж шаналан зовж байдаг. Зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг. Мэдээж хэрэг энэ нь зөв амьдрах арга зам биш гэдэг нь тодорхой.  Бид амгалан амьдарч өрөөл бусдыг ч өрөөл бусдыг ч аз жаргалтай амьдрахад нь тусалдаг байх учиртай. Бид нийгмийн гишүүнийхээ хувьд бусадтай харилцахгүй байх аргагүй байдаг. Иймд яавал бид өөрснөө амгалан тайван амьдарч, ойр орчноо энх тунх байлгах вэ?

    Випашяна бясалгал нь биднийг зовлонгоос, зовлонгийн гүн үндэстэй шалтгаанаас чөлөөлж, сэтгэлийг ариусгаснаар үнэн амгалан аз жаргалыг мэдрүүлдэг.

    Энэхүү бясалгал нь хүмүүнийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хир буртаг, нисванисаас чөлөөлж, оюун ухааны дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэдэг.

    Түүхэн уламжлал

    Випашяна бол энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэхүү бясалгалыг 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам бээр хүн төрөлхтнөө нээн илрүүлсэн бөгөөд энэ нь 45 жилийн турш заан сургаж, номлож байсан бүх сургаалийн гол үндэс нь билээ. Бурхан багшийн үед Хойд Энэтхэгийн олон сая ард иргэд энэ бясалгалыг үйлдэн зовлон шаналалаас ангижран нийгмийн олон салбарт өндөр амжилтанд хүрч байжээ. Мөн Энэтхэгийн хөрш зэргэлдээх Бирм, Шри ланка, Тайланд, Монгол зэрэг оронд дэлгэрч гайхамшигт үр дүнгээ өгч байлаа.

    Бурхан багш нирваан дүр үзүүлсний 500 жилийн хойно Випашяна бясалгал Энэтхэг орноо устан алга болжээ. Бусад оронд цэвэр ариун байдлаа алдсан байна.  Харин зөвхөн Бирм улсад  чин сэтгэлээ зориулсан багш нарын уламжлалаар өнгөрсөн 2000 жилийн турш үеэс үе дамжин ариунаар хадгалагдан иржээ. Энэхүү уламжлалын их багш Саяажи  У  Ба  Кин 1969 онд С.Н.Гоенкаг Випашяна бясалгалын их багшаар тохоон томилжээ.

    Их багш Саяажи У Ба Кин

    Өдгөө Их багш С.Н.Гоенка Энэтхэг төдийгүй дэлхийн 120 гаруй оронд түгээн дэлгэрүүлээд байна. Уламжлалын их багш Саяажи У Ба Кин 1971 онд таалал болохоосоо өмнө өөрийнх нь мөрөөдөл биелж буйг харж чадсан билээ. Тэрбээр ариун номын өлгий нутаг болсон Энэтхэгийн ард түмэнд Випашяна бясалгалыг эргүүлэн хүргэхийг хүсч байсан юм. Их багш бээр энэ бясалгалыг зөвхөн Энэтхэгт түгэн дэлгэрээд  зогсохгүй, дэлхийн орон орны сая сая хүн зонд амар амгаланг авчрах болно гэдэгт итгэлтэй байжээ.

    Их багш С.Н.Гоенка

    Их багш Гоенка 1969 оноос Энэтхэгт Випашяна бясалгал анх зааж, 10 жилийн дараа хилийн чанадад түгээн дэлгэрүүлж эхэлсэн байна. Эхний 27 жилийн дотор тэрбээр 400 гаруй удаа 10 хоногийн бясалгалыг явуулсны сацуу 200 гаруй туслах багш нарыг бэлтгэн дэлхийн олон улс оронд илгээн 2000 орчим 10 хоногийн бясалгал явуулсан байна. Энэ хугацаанд бясалгалын 100 гаруй төв байгуулагдсанаас 26 нь Энэтхэгт, үлдсэн нь дэлхийн бусад орнуудад ажиллаж байгаа билээ. Бирм хэмээх жижигхэн оронд өнө удаан жил хадгалагдсан энэхүү үнэт эрдэнэ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсээр байна. Үнэн, аз жаргал, амар амгаланд хүргэгч энэ бясалгалын замаар замнагсдын тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна.

    Бясалгалын арга

    Чадвар бүхий багшийн удирдлага дор зориулалтын төвд 10 хоногийн бясалгалд хамрагдсанаар та энэхүү бясалгалд суралцаж эхлэх боломжтой.  Бясалгалын явцад бясалгалын төвийн хязгаарт байж, гадны ямарч хүнтэй харилцахгүй байх ёстой. Мөн унших, бичих болон шашны зан үйл үйлдэх, тарни маань тоолох зэргийг тэвчих хэрэгтэй. Өдөрт хуваарийн дагуу 10 орчим цаг сууж бясалгах журамтай. Мөн эхний ес хоногийн турш нам гүм байж, хамтран бясалгагч нартайгаа дохио зангаагаар ч харилцахыг тэвчин дүрэм горимыг чандлан сахих ёстой. Бясалгалын тухай асуудлыг багшаасаа асууж, өөрт тохиолдсон бэрхшээлийн талаар зохион байгуулж буй хүмүүсээс цөөн хэдэн үгээр лавлаж болно.

    Бясалгалын сургалтын гурван үе шат

    Нэгд: Бясалгагчид бусдад хор нөлөө учруулах аливаа зүйлээс зайлсхийх ёстой. Үүний тулд амьтны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, буруу хурьцал үйлдэхгүй, архи тамхи мэт хортонг хэрэглэхгүй байх эдгээр таван сахилыг авдаг. Эдгээр сахилыг сахиснаар сэтгэл амгалан тайван болж, дараагийн шатанд ороход амар болдог билээ.

    Хоёрдугаар шатанд бясалгагчид эхний гурван өдрийн турш анхаарлаа орж гарч буй амьсгал дээрээ төвлөрүүлэх “Анапана” бясалгалыг хийдэг. Энэ бясалгал нь сармагчин мэт үсчих сэтгэлийг нэгэн үзүүрт болгодог. Бясалгалын эхний хоёр шат болох ариун явдлыг дээдлэх, сэтгэлээ нэгэн үзүүрт болгох нь ач тустай хэдий ч гурав дахь шатгүйгээр бүрэн төгс болж чаддаггүй билээ.

    Гурав дахь шатанд сэтгэлийн гүнд хуримтлагдсан хир буртагийг үндсээр нь арилган сэтгэлийг ариусгах арга хэрэглэдэг юм. Энэ бясалгал  сүүлийн зургаан өдрийн турш явагдах бөгөөд Випашяна хэмээнэ. Випашянаг бясалгаснаар аливаа хүн өөрийн бие сэтгэлийн гүнд тэгш оршихуйн билгүүнээр нэвтрэн ордог.

    Бясалгагчдад өдөрт хэд хэдэн уда бясалгалын заавар өгөгдөх бөгөөд тэр өдрийн бясалгалтай холбоотой номын ярилцлагыг үдэш бүр их багш Гоенка тайлбарлан ярьдаг билээ. Бясалгалын эхний есөн өдрийн турш бүх бясалгагч хоорондоо юм ярихгүй, нам гүм байх ёстой. Арав дахь өдрөөс ярьж эхлэх бөгөөд энэ нь донсолгоотой нийгмийн амьдралд эргэн орох бэлтгэл болох юм. 11 дэх өдрийн өглөө энэрэхүй сэтгэлийг бясалгаж, 10 өдрийн турш хураасан буянаа хамаг амьтантай хуваалцсанаар бясалгал өндөрлөдөг.

    Бясалгал хэрхэн явагддаг вэ?

    Олон оронд Випашяна бясалгал байнгын төвүүд болон бусад газарт зохион байгуулагддаг. Төвүүдэд 10 хоногийн бясалгалаас гадна бясалгалд гүн орж буй хуучин бясалгагч нарт зориулсан 20, 30, 45, 60 хоногийн уртын бясалгал явуулдаг билээ.

    Випашяна бясалгалын эхний эхний хэсэг болох Анапана бясалгалын хүүхдийн богино курс Энэтхэгт тогтмол зохион байгуулагддаг. Хүүхдийн бясалгал нь 4-3 хоног үргэлжилж, 8-11 ба 12-15 насны ангиллаар явагдана.

    Випашяна бясалгал нь дэлхий даяар зөвхөн чин сэтгэлийн өглөг дээр тулгуурлан явагддаг бөгөөд шинэ бясалгагчдаас ямарч төлбөр авдаггүй. Урьд өмнө бясалгалд сууж, ач тусыг хүртсэн хуучин бясалгагч нарын бусдын тусын тулд өгсөн өглөг хандиваар бясалгал санхүүждэг билээ. Энэхүү бясалгалын зааж байгаа багш болон туслах багш нар мөн түүнчлэн номын үйлчлэгчид бүгдээрээ сайн дураараа буяны сэтгэлээр бясалгагчдад үйлчилдэг. Энэ нь ашиг орлогын төлөө биш, ач тусыг санан өргөсөн буяны өглөгт тулгуурлан үнэ төлбөргүйгээр Бурханы ариун номыг зааж сургадаг эртний нандин уламжлалтай нийцэж байгаа билээ.

    Аливаа шашны урсгалаас ангид сургаал

    Бурханы шашны уламжлалд хадгалагдаж ирсэн хэдий ч Випашяна бясалгал нь шашны урсгалтай ямарч холбоогүй, ямар ч шашин шүтлэгтэй хэн боловч хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж болох боломжтой юм. Бурхан багш “Дхамма” буюу “Үнэн, зам, ном”-ыг заасан билээ. Тэрээр өөрийн шавь нарыг “Бурханы шашинтан” гэж нэрэлсэнгүй. Харин “Дхаммист” буюу “Номыг ёсыг дагагч нар” хэмээсэн байдаг. Хүмүүн төрөлт бүхний зовлон нийтлэг байдаг багаад тэрхүү зовлонгоос гарах арга зам ч нийтлэг тул Бурхан багш нийтлэг зовлонг арилгах арга замыг заажээ.

    Бясалгал нь ямар нэг язгуур угсаа, гарал үүсэл, яс үндэс, сүсэг бишрэлээс үл харгалзан сурахыг хүссэн бүх хүмүүст нээлттэй байдаг. Христос, Лал, Хинду, Буддист зэрэг олон олон шашинтангууд энэ бясалгалыг амжилттай бясалгасаар байгаа билээ.Өвчин нийтлэг нэг байлаа гэхэд түүнийг анагаах эм нь ч гэсэн нийтлэг байх учиртай. Жишээлбэл: уур хүрлээ гэхэд тэрхүү уурыг Христос шашинтаны уур, Аль эсвэл Монгол хүний уур, Орос хүний хүний уур гэж ялгах аргагүй байдаг. Үүнтэй адил хайр энэрлийг ч гэсэн ямар нэгэн шашин, нийгмийн гаралаар ялган салгаж болдоггүй. Хайр энэрэл бол цэвэр ариун сэтгэлээс урган гарч байгаа хүмүүний нийтлэг ариун чанар билээ. Янз бүрийн шашны хүмүүс Випашяна бясалгалыг сурснаар сайн хүмүүн болж байгаагаа мэдэрдэг.

    Өнөө үе болон дэлхий ертөнц

    Шинжлэх ухаан технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, анагаах ухааны хөгжил нь хүний амьдралыг материаллаг талаас нь хөгжүүлжээ. Энэ нь өнгөн хэсгийн хөгжил бөгөөд хөгжингүй орны хүмүүс ч гэсэн дотооддоо сэтгэлийн гүн дарамт, зовнил тээж амьдардаг билээ.

    Яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэгийн ялгаанаас үүссэн зөрчлүүд орон бүхний ард иргэдэд муугаар нөлөөлсөөр байна. Ядуурал, үй олноор устгах зэвсэг, өвчин эмгэг, алан хядагчдын хэрцгийлэл, байгалийн гамшиг энэ бүхэн хүмүүн төрөлхтөний ирээдүйг бүрхэг харагдуулдаг.  Хүний ертөнцөд ямар аймшигтай зовлон гамшиг учирч байгааг ямар ч сонины эхний нүүрийг зэрвэсхэн харахад анзаарагддаг билээ.

    Шийдэж болмооргүй мэт санагдах эдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга зам ер нь байна уу? Эргэлзээгүй байгаа билээ. Хүмүүн бээр жинхэнэ аз жаргал хайрлагч, хүнлэг эрхэм чанарыг сэргээгч, шашны болон нийгэм журам, эдийн засгийн хүнд асуудлуудаас ангид байж болох найдвартай орчин бүрдүүлэх арга замыг улам бүр эрч хүчтэйгээр эрэлхийлэх боллоо. Энэ бүхнийг шийдвэрлэх цорын ганц арга бол Випашяна юм.

    Випашяна болон Нийгмийн өөрчлөлт

    Випашяна бясалгал бол бид бүхний зовлонгийн гол шалтгаан болох хүсэл шунал, уур хилэн, мунхаг зэргээс ангижруулах цорын ганц зам мөр мөн билээ. Энэхүү бясалгалд хичээн шамдсан хэн болов өөрийнхөө зовлонгийн шалтгааныг бага багаар арилган өөрсдийн сэтгэлийн түнэр харанхуйг гэрэлтүүлж, баяр баясгалантай, аз жаргалтай, амгалан амьдарч эхэлдэг билээ. Үүнийг батлах олон жишээ өгүүлж болох юм.

    1975 оноос мх багш Гоенка Энэтхэгийн шоронгуудад Випашяна бясалагал явуулж эхэлсээр шоронгийн хоригдлуудын үзэл бодол, харилцаанд  бодит өөрчлөлт орж байгаа нь илтэд мэдэгдэх болжээ. Энэ нь Випашяна бясалгал аймшигт гэмт хэрэгтнүүдийг  ч  нийгмийн сайн гишүүн болгон өөрчлөх  ид шидтэй гэдгийг батлан харуулсан юм.

    Их багш Гоенкад бясалгалыг танилцуулсан их багш У Ба Кин Бирмийн засаг төрийн алба хашиж байхдаа энэхүү бясалгалын тусламжтайгаар шудрага бус төрийн албан хаагч нарыг хэрхэн өөрчилж болохыг нотолжээ. Тэрбээр төрийн олон яамдын тэргүүн байсан бөгөөд төрийн ажилтнууддаа Випашяна бясалгалыг заан сургасан байна. Тэд үүрэг хариуцлагаа сэтгэлийн гүнээс ухамсарлах болсоноор тухайн байгууллагад идээ бээр мэт бугшсан хээл хахууль, хүнд суртал гэх мэт сөрөг үр дагаврууд аяндаа алга болж, үнэн шудрага харилцаа бүрдэн тогтжээ. Үүнтэй нэгэн адил Энэтхэгт ч гэсэн бясалгалд оролцсон төр захиргааны удирдах ажилтнуудын ажил гүйцэтгэх чадвар илтээр нэмэгдэн нийт ажилтнуудын дунд нийтлэг эвсэг харьцаа бий болж эхэлсэн байна.

    Эдгээрээс харахад нийгмийг өөрчлөхийн тулд хүн нэг бүр өөрийгөө өөрчлөх ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Зөвхөн уриа лоозон, хоосон сургаалиар бүтэх ажил биш билээ. Хууль журмыг дагах, зөв явдлыг дээдлэх зэргийг ямар нэг сонин, сурах бичгээр дамжуулан төлөвшүүлэх аргагүй. Мөн түүнчлэн бүх нийтийн зөрчил ч гэсэн элдэв дарамт шахалтаар намжихгүй нь лавтай.  Энэ бүхнийг та өнгөрсөн түүхээс эргэн харж болно.

    Хувь хүн гол түлхүүр мөн билээ. Тэгэхээр хүн бүрт хайр энэрлээр хандаж тэднийг өөрсдийгөө өөрчлөн хүмүүжихэд сургах хэрэгтэй. Сахил сахин, ариун явдлыг дээдлүүлэхийн тухайд тэдэнд хоосон сургаал айлдах биш харин өөрсдийгөө өөрчлхөд хүргэх үнэн гэрэл гэгээг сэтгэлийнх нь гүнд үүсгэж өгөх хэрэгтэй.  Хүн өөрийгөө танин мэдсээр сэтгэлээ ариусгах чадавхи бүхий болоход сургах хэрэгтэй юм.

    Випашяна бясалгал нь хүний сэтгэл оюун, зан чанарыг өөрчлөх ид шидтэй. Өөрийгөө үнэнхүү өөрчлөхийг хүсэгч хэн бүхэнд Випашянагийн хаалга нээлттэй билээ.

    Випашяна Монгол оронд

    1997 оноос Випашяна бясалгал эртний номын орон Монголд нэг урт хугацааны дараа цэвэр ариунаараа түгэн дэлгэрч эхэлсэн билээ. Их багш Гоенкагийн томилсон анхны дөрвөн багшийн нэг болох Их багш асан Л.Н.Раати Монгол оронд залран ирсэн юм.

    Хамаг амьтан амар  амгалан болох болтугай.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй