ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

    Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
    Онон мөрний эхэнд Эзэн богд Чингис хааныг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Их Монгол Улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхагласан 1206 оны түүхэн үйл явдал буюу Их хуралдай нь Монгол газар нутагт үүссэн анхны парламентын хэлбэр байсан хэмээн судлаач эрдэмтэд үздэг билээ. 

    Түүнчлэн Богд хааны зарлигаар 1914 онд байгуулсан Улсын Дээд, Доод хурал, 1924, 1940, 1960 онд баталсан Үндсэн хуулиараа төвхнүүлсэн Их Хурал, Улсын Их Хурал, Ардын Их Хурал нь парламентат ёсны хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. 

    Улмаар 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхэндээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 28 дахь жилийн ой өнөөдөр тохиож байна. 

    Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын нийт ажилтанд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье. 

    1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж ирлээ.

    Монгол Улсын үе үеийн парламент эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлж, эрх зүйт төрийг цогцлоон төлөвшүүлэх, улс орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг тодорхойлох, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, эх орныхоо хөгжил дэвшлийг түргэтгэхэд гол анхаарлаа хандуулсаар ирлээ.

    2016 оны сонгуулиар байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал нийгэм-эдийн засгийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засаг-санхүүгийн хямралт байдлыг даван туулах, цаашдын хөгжлийн зорилтыг хангахад онцгой анхаарч байна. Түүнчлэн бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу 270 гаруй хууль тогтоомжийг шинээр батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах зорилтыг дэвшүүлэн, амжилттай ажиллаж байна.

    Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, иргэнээ захирахын төлөөх хүч чадал биш билээ. Харин “Төр бол хууль юм” гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм.

    Энэ хүндэт үүргээ Монголын парламент нэр төртэй хэрэгжүүлсээр байх болно. Учир нь парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан билээ. 

    Тиймээс Монгол Улсынхаа гэрэлт ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе.

    Монголын төр мөнх оршиж, монгол хүн бүр дүүрэн жаргалтай байх болтугай.

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

     

    2018 оны есдүгээр сарын 13 Улаанбаатар хот

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй