ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сонжоо:Төрсөн өдрөөрөө өөрийгөө шинжээрэй

    Хүн болгон давтагдашгүй билээ. Төрсөн өдөр, гариг эрхсийн байрлалаас хамаарч хүн бүрийн төөрөг тавилан, зан чанар ондоо байдаг аж. Тэгвэл та бүхэнд төрсөн өдрөөрөө өөрийгөө шинжих боломжийг олгож, сонирхолтой сонжоог хүргэж байна. 

    1. Нэгний өдөр төрсөн хүмүүс мэдрэмжтэй, уран бүтээлч сэтгэлгээтэй, биеэ даасан байдаг. Тэд үргэлж бусдад үлгэр дууриалал үзүүлж, удирдагч байж чаддаг бөгөөд тэдний хүсэл эрмэлзлийг унтраана гэдэг бүтэшгүй зүйл юм. Нэг зүйлдээ тууштай зүтгэж, өөрсдийн хүссэн байр сууриндаа хүрч чаддаг төдийгүй дотоод сэтгэлээ бусдад нээх тал дээр бага зэрэг асуудалтай байдаг байна.

    2. Тэд сайн найз, төгс ажлын хамрагч байж чаддаг. Хайр сэтгэлийн тухайд чин зүрхний хайрыг мөрөөдөж, нэг хүнээ насан туршдаа хайрлаж чадахуйц тэвчээртэй. Гэгээлэг, эерэг энергитэй бөгөөд үлгэрт итгэж, бүхнийг сайн сайхан талаас нь харж, хүмүүст туслаж явахыг хүсдэг байна. Сул тал нь гэвэл маш эмзэг төдийгүй багахан асуудалд өвдөг сөхөрч мэднэ.

    3. Тэд бусдаас өөр, өвөрмөц байдаг. Өөрийн гэсэн нууцлаг ертөнцдөө амьдарч, хэний ч санаанд оромгүй зүйлсийг төсөөлж, мөрөөдөж амьдардаг. Мөн урлагийн мэдрэмж өндөртэй бөгөөд маш мэдрэмтгий. Бусдын яриаг анхааралтай сонсож, бодсоны эцэст хариулдаг бөгөөд хүлээцтэй байдал нь хүмүүст таалагддаг аж.

    4. Үүрэг хариуцлагатай, биеэ даах чадвартай, нэг зүтгэсэн зүйлийнхээ эцсийг үзэж байж санаа нь амардаг хүмүүс “дөрөв”-ний өдөр мэндэлсэн байдаг. Тэд бизнест амжилт олох магадлал өндөр бөгөөд тулгарсан асуудлыг эсрэгээр нь боломж болгож хардаг гайхалтай зан чанартай. Бүтээлч байдал, алсын хараа зэрэг нь тус өдөр төрсөн хүмүүст өгсөн бэлэг гэлтэй. Учир нь эдгээр шинж чанар нь тэднийг амжилт өөд хөтөлж, сайн сайхан амьдруулдаг.

    5. Адал явдалд дурлаж, сонин содон зүйлсийг биеэр мэдрэхийг хүсдэг эрч хүчээр дүүрэн хүмүүс байдаг. Тэд нууцлаг, хачирхалтай зүйлсэд татагддаг бөгөөд өвөрмөц сэтгэхүйтэй. Нэг зүйлээсээ амархан уйдах хандлагатай байдаг тул жинхэнэ хайраа олтлоо олон хүмүүстэй холбогдож, төд удалгүй салдаг гэмтэй.

    6. Гэр бүлээ нэн тэргүүнд тавьж, бусдад хайр халамж түгээдэг, эерэг энергитэй хүмүүс юм. Тэдэнтэй хамт байхад хайр халамж мэдрэгдэж, бүх зүйлс амар амгалан мэт санагддаг. Тэд хэнээс ч сайхан сэтгэлээ хармалдаггүй.

    7. Ухаалаг, эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүс юм. Жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдэрч, үргэлж сайхан инээмсэглэлээр өөрийгөө чимдэг. Тэд аливаа зүйлсийг зохион бүтээх, нээх тал дээр тун чадварлаг бөгөөд үүнийгээ хөгжүүлбэл амжилтанд хүрэх боломжтой.

    8. Хүч чадлын бэлэг тэмдэг болсон эдгээр хүмүүс улс төр болон бизнест амжилт үзүүлж чаддаг. Өөртөө маш итгэлтэй бөгөөд зорилгынхоо төлөө тууштай зүтгэж, хүссэн бүхнээ авах чадвартай. Тэд маш зарчимч төдийгүй мөнгийг чухалчилж үздэг.

    9. Уран сэтгэмжтэй, үргэлж шинийг эрэлхийлж, өөрийгөө ч мөн өндөр түвшинд аваачихыг хүсч явдаг хүмүүс юм. Харин маш эмзэг, мэдрэмтгий тул бусдад гомдохдоо амархан бөгөөд сэтгэл гутралд автах магадлал өндөр байдаг. Мөнгөний хувьд нарийн төдийгүй бүх зүйлсийг сайтар тооцоолдог.

    10. Тэд үг дуу цөөтэй, дотогшоо хандлагатай хүмүүс бөгөөд цайлган цагаан сэтгэлтэйгээс гадна, бусдын хараанд өртөөд байдаггүй. Өөрийнхөө хэмжээнд бүх зүйлсээ эмх цэгцтэй хийж, гүйцэтгэдэг. Алгуурхан урагшилж явсаар зорилгодоо хүрдэг бөгөөд хүмүүст өөрийгөө үгээрээ биш үйлдлээрээ таниулдаг байна.

    11. Мэдлэгтэй, өөртөө итгэлтэй, хүчирхэг мэт гаднаасаа харагдах боловч дотоод ертөнцдөө их сул дорой хүмүүс байдаг. Тэд бусдад зөвлөгөө өгч, хурцалж чаддаг хэрнээ өөрийгөө өөрчилж, сул талаа засах тал дээр асуудалтай байдаг ажээ.

    12. Сарын “арван хоёр”-ны өдөр төрсөн хүмүүс маш онцгой байдаг. Тэд бусдаас өвөрмөц, содон байх бөгөөд өөрийн гэсэн бодолтой, үүндээ тууштай байж чаддаг. Дотоод ертөнц нь маш сонирхолтой ба хүмүүсийг өөртөө татах онцгой чадвартай. Хамгийн гол нь бусдыг ойлгох тал дээр асуудалтай. Зөвхөн өөрийнхөө өнцөг, үзэл бодлоор аливаа зүйлсэд ханддаг.

    13. Энгийн даруу, бусдаас ялгараад байх гоц гойд зүйлгүй хүмүүс ихэвчлэн “арван гурав”-ны өдөр төрсөн байдаг. Тэд өсч дэвшиж, олон зүйлсийг туршиж үзэх биш, өөрийн хүссэн газраа тууштай амьдарч, ажиллахыг хүсдэг. Амьдралаас олон зүйлийг хүсдэггүй бөгөөд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс билээ. Өөрт байгаа зүйлээ бусдад харамгүй өгч, өнгөрсөнд гутарч, эмзэглэж явдаггүй аж.

    14. Ямар ч хязгааргүйгээр эрх чөлөөг хүсч эрмэлздэг хүмүүс бөгөөд хэн нэгнээс хараат байж, үгээр нь байхыг үзэн яддаг. Өөрийнхөөрөө байх дуртай боловч үүнээсээ болж олон удаа алдаа гаргана. Гэхдээ тэд алдаа гаргалаа гэж бухимдаж суух биш, ирээдүй рүүгээ итгэл дүүрэн алхаж, өөрийгөө хурцалдаг билээ. Санхүүгийн тал дээр хяналтгүй бөгөөд ямар нэг зүйлийг авахыг хүсвэл үнийг нь анзааралгүй худалдаж авдаг байна.

    15. Тэд ярихаас илүү хийж үзүүлэхийг хүсдэг. Дуу цөөтэй бөгөөд дотоод ертөнцдөө маш олон зүйлсийг төсөөлж, бодож явдаг. Харин үүнийгээ удаан бодож явсны эцэст бодит амьдрал дээр гаргаж ирэхдээ маш няхуур хандаж, алдаа гаргахгүй байхыг хичээдэг. Хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зориулж, тууштай байж чаддаг боловч бусдаас шүүмжлэл сонсож чаддаггүй сул талтай.

    16. Биеэ даасан, үүрэг хариуцлагаа ухамсарласан, сайхан сэтгэлтэй, өглөгч хүмүүс юм. Гэхдээ маш нууцлаг бөгөөд өөрийн бодол, юу хүсч явдгаа хүн болгонд дэлгээд байдаггүй. Бусдаас тусламж авах дургүй бөгөөд аль болох асуудлаа өөрөө шийдвэрлэх гэж хичээдэг. Хайр дурлалын тал дээр сэтгэл зүрхийг нь хөдөлгөж, хайрыг мэдрүүлсэн хүний хажууд байж, насан туршдаа зөвхөн түүнийг хайрлаж, амьдарч чадах тууштай зан чанартай нэгэн ажээ.

    17. Тэд гаднаасаа ууртай, хүчтэй, хариуцлагатай харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ маш зөөлөн, хайртай хүнийхээ төлөө юу ч хийж чадах хэмжээний сайхан сэтгэлтэй хүмүүс юм. Сэтгэл хөдлөл багатай, бухимдал ихтэй боловч, хайр тэднийг тэс өөр хүн болгож өөрчилж чаддаг. Амжилтанд хүрэх боломж маш өндөр бөгөөд аливаа зүйлсийг шүд зуун тэсвэрлэж гарснаар аз жаргалд хүрдэг. Ямар ч зовлон зүдгүүр тэдний хүслийг мохоож чаддаггүй.

    18. Шударга ёс, үнэнч байдлыг эрхэмлэдэг тэд үргэлж зөв зүйтэй үйлдэл хийж, бусдад үлгэр дууриалал үзүүлдэг. Хошигнож, бусдаар тоглоом хийх нь тун ховор бөгөөд хүн бүрийн хүндлэлийг хүлээдэг. Хамгийн гол нь тэд шударга бус зүйлсийн хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Өөрийн чадах чинээгээрээ бүхнийг өөрчилж, хүмүүст тус болохыг хичээдэг.

    19. Бурхны зурсан зургаар амьдарч, өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж чаддаг, сэтгэл хөдлөл багатай хүмүүс юм. Тэд бусдаас их зүйл хүсч, гомдоллох дургүй. Аливааг өөрөө бүтээж, босгох хэрэгтэй гэж боддог боловч, тансаг амьдрал, өнгө мөнгийг мөрөөддөггүй. Тэдний хувьд хамгийн чухал зүйл бол гэр бүл бөгөөд хайртай хүнтэйгээ хамтдаа дутагдах зүйлгүй амьдарч байхад болно гэж үздэг байна.

    20. Багаар ажиллах чадвартай, бусдад сайхан энерги бэлэглэж чаддаг бөгөөд хүн бүрийн аргыг олж, амжилтанд хүрэх боломжтой. Тэд үргэлж инээмсэглэж, бусдаар тоглоом хийж явах төдийгүй дуу, бүжигт дурлаж, жижиг зүйлсээс аз жаргалыг авч, мэдрэхийг хүсдэг. Харин бусдын хэлсэн муу муухай үгэнд гомдож, шаналах нь элбэг байдаг ажээ.

    21. Тэд яг сахиусан тэнгэр шиг сайхан сэтгэлтэй бөгөөд бусдад чадах зүйлээрээ тусалж, хүндлэлийг нь хүлээдэг. Мөнгөнөөс илүүтэй хайрыг чухалчилж үздэг төдийгүй хүн бүрт дулаахан энергийг түгээдэг. Харин сексийг чухалчилж үздэггүй нь тэдний сул тал болдог. Үр хүүхэддээ сайн эцэг эх, хамт олондоо сайн ажилтан, хамаатан садандаа сайн ах, эгч байж чаддаг.

    22. Чөлөөт сэтгэхүйтэй, нээлттэй хүмүүс юм. Шинэ содон бүхнийг туршиж үзэн, өөрийгөө нээхийг хүсдэг. Хэлэхийг хүссэн үгээ хэнээс ч айлгүй хэлж, хариуцлага хүлээхээс эмээдэггүй. Өөртөө маш итгэлтэй байх бөгөөд нэг зүйлээ тууштай судалснаар амжилтанд хүрч, алдар нэрийн оргилд гарах бүрэн боломжтой байдаг.

    23. Хорин гуравны өдөр төрсөн хүмүүс адал явдалд дурлагч, зоригтой байдаг. Бизнесийн салбарт амжилт олох магадлал өндөр бөгөөд бүтээлч сэтгэхүйтэй. Тэдний хувьд хамгийн чухал зүйлс бол эрх чөлөө бөгөөд бусдаас хамааралтай байхыг үзэн яддаг. Амьдралыг зүгээр нэг үрж өнгөрүүлэхийг хүсддэггүй ба аль болох адал явдалтай, дурсамжтай өнгөрүүлэхийг хичээдэг.

    24. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө сайтар тооцоолж боддог. Тэд алдаа гаргахаас үргэлж эмээдэг бөгөөд өөрсдийгөө төгс мэт байлгахыг хичээдэг. Хамгийн гол нь энэхүү үзэл бодлоосоо болж өөрийгөө зовоож, сэтгэл санаагаа тогтворгүй болгодог. Гаднаасаа маш хүчирхэг харагдах боловч, сэтгэл дотроо шархтай, санаа зовоосон асуудал олон байдаг.

    25. Гүйлгээ ухаан сайтай бөгөөд ямар ч асуудлаас цэвэрхэн гарах чадвартай. Тэд мэдрэмж сайтай төдийгүй эцсийн мөчид шийдвэрээ өөрчилж мэдэх тун ойлгомжгүй хүмүүс юм. Өөрсдийнхөө мэдрэмжийг дагаж явдаг тул хүсээгүй зүйлээ хэзээ ч хийдэггүй.

    26. Тэд бол эерэг энергитэй, сайхан сэтгэлтэй хүмүүс билээ. Гэнэн томоогүй зангаасаа болж алдах нь элбэг боловч энэ нь тэдэнд туршлага болж ухаан суухад туслана. Мэдрэмж өндөртэй, удирдан зохион байгуулах чадвартай бөгөөд энэ нь тэднийг амжилтанд хүргэх гүүр нь болдог. Харин сул тал нь бусдыг өөрийн хүслээр байлгах дуртай, хэт их зүйлс хүсдэг.

    27. Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт амжилт олдог хорин долооны өдөр төрсөн хүмүүс ухаантай, мэдрэмжтэй байдаг. Тэд алдаанаасаа суралцаж, өдөр бүр дэвшиж байдаг. Бусдад чадах зүйлээрээ тусалж, талархсан сэтгэлийг нь хүртэх дуртай.

    28. Гэнэн томоогүй зантай, гэгээлэг үзэл бодолтой тэд бусдыг өөртөө татах өвөрмөц чадвартай байдаг. Маш олон зүйлсийг хүсч мөрөөдөж, түүндээ хүрэхээр удаан хэдий ч өдөр бүр урагшилдаг аж. Бусдаас сонссон таагүй үгсэд гомдож, сэтгэлээр унах нь элбэг бөгөөд жижиг асуудлыг ч хүндээр тусгаж аван өөрийгөө зовоодог байна. Тэдний бусдаас ялгарах онцлог нь сайхан сэтгэл, өвөрмөц сэтгэхүй нь юм.

    29. Тэд маш ойлгомжгүй хүмүүс юм. Өнөөдөр инээж байсан бол маргааш бухимдаж ч мэднэ. Өөрийнхөө мэдрэмжийг бусдад дэлгэх дургүй бөгөөд тууштай, хөдөлмөрч байж чаддаг. Хамгийн гол нь өөртөө тавьсан зорилгодоо үнэнч байж, түүндээ хүрэх гэж уйгагүй хөдөлмөрлөдөг.

    30. Хүчирхэг, өөртөө итгэлтэй хүмүүс гучны өдөр мэндэлдэг аж. Тэд маш сэргэлэн бөгөөд энэхүү зан чанарынхаа тусламжтайгаар амжилтанд хүрдэг байна. Бизнест хүчээ үзэхэд тохиромжтой төдийгүй хаана ч очсон бусдын арга эвийг олж, амиа аваад гарчих чадвартай юм.

    31. Биеэ даасан, мэдрэмжтэй бөгөөд амьдралаас өгсөн боломжийг алдалгүй ашиглаж чаддаг хүмүүс аж. Зохион байгуулах чадвартай бөгөөд үүнийхээ ачаар нийгэмд амархан хөлөө олж, бусдын хүндэтгэлийг хүлээдэг. Тэд үргэлж шинийг эрэлхийлж, цааш алхах арга замыг хайж байдаг төдийгүй нэг газраа удаан тогтож, урагшлахгүй байхыг үзэн яддаг билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй